Хар тамхины Алтан гурвалжин сүлжээнд монголчууд нэгджээ
Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс орчимд ажилладаг Алтан гурвалжин гэх гэмт бүлэглэл манай иргэдийг сүлжээндээ нэгтгэж байгааг Тагнуулын ерөнхий газрын эх сурвалж мэдэгдэв.
Энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв Зүүн өмнөд Азийн орнуудад сурч буй манай оюутан залуус, биеэ үнэлэгчид тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байна.
Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт монгол залуучууд өртөж Алтан гурвалжин сүлжээнд нэгдэх хүртлээ өссөн шалтгаан юу вэ.
Учир нь манай иргэдийн амьжиргааны төвшин доогуур, энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэйгээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих давуу тал байдаг нь гол хүчин зүйл болж байна. Олон улсын жишгээр дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн оронд үлддэг гэсэн судалгаа байдаг бөгөөд одоогийн байдлаар манай улсаар хэдий хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм, бэлдмэл, бодис дамжин өнгөрч байгааг нарийн гаргах боломжгүй байгаа аж. Манай иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлыг авч үзэхэд дийлэнх хувь нь БНХАУ-д үйлдэгдэж байна. Хил залгаа БНХАУ-ын Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болсныг тагнуулын байгууллагын ажилтан хэллээ. Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн зүгээс манай иргэдийн Зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих боломжтой байдал, гэнэн итгэмтгий зан, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг сул талуудыг нь ашиглан хууль бус эргэлтэд татан оруулж байгаад анхаарах шаардлагатай байгааг хэллээ.
1998-2016 оны хооронд манай улсын 128 иргэн гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон бол 2017 онд Монгол Улсын 42 иргэн саатуулан шалгагдсанаас БНХАУ-д 38, Сингапурт хоёр, ОХУ-д хоёр байна. Ял эдэлж байгаа иргэдийн хувьд БНХАУ-д 34, Словакт нэг байна.
Хэрэглэгчид яалт ч үгүй залуужсаар байна
Сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодисын аюулд 18-30 насныхан илүү өртөж байгаа гэсэн судалгаа гарсан нь Монголын ирээдүй хойч үе ямар дүр зурагтай, ямар нийгмийг бүтээх вэ гэсэн түгшүүрт автуулж байна. Өнгөрсөн онд цагдаа, Сурагчдын холбоо, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг хамтран 1000 гаруй хүүхдээс судалгаа авахад 26 хувь нь мансууруулах бодис “хэрэглэдэг” гэж хариулсан байна. “Өсвөр насны хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн. Бүр ангиараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан гэсэн мэдээллийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс өгчээ.
Цагаан тахлын аюул Монголын ирээдүй хойчийг онилж байгаа бас нэгэн жишээ нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа залуусын насны ангиллыг харвал 18-20 гаруй насныхан төдийгүй жилд 20 гаруй хүн эмчлүүлдэг байсан бол өнгөрсөн жил гурав дахин нэмэгджээ. Гэтэл тэдгээр залуус донтох мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөр дээрээ туршиж хэрэглээд хүндэрснийхээ дараа эмчлүүлнэ гэж боддог. Гэтэл дэлхий нийтээр энэ төрлийн эмчилгээний үр дүн 1-5 хувьтай 95 хувьд нь ямар нэгэн үр дүнгүй байдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Ял шийтгэл нь хэрэгжихгүй байна
Саяхан УИХ-ын гишүүн асны хүү тээврийн прокурор Х.Тамир, өмгөөлөгчтэйгөө хамт хар тамхи татаж байгаад баригдаж таван жилийн ял сонслоо.
Уг явдлаас гуравхан сарын өмнө Г.Сарангэрэл зэрэг бүлэг хүмүүсийг БНХАУ-аас хар тамхи ичимдэг эрхтэндээ тээвэрлэн оруулж ирэхэд нь саатуулж байлаа. Гэтэл Г.Сарангэрэлийн хувьд хар тамхины хэрэгт гурав дахь удаагаа холбогдож байгаа нь энэ. Эхний удаад өөрөө хэрэглэж байсан бол дараа нь борлуулж, гурав дахиа гадаадаас биедээ тээвэрлэн оруулж иржээ. Түүнд хуулийг дагуу шийтгэл оноогоогүйгээс өөрийн биеэр ийнхүү дахин дахин тээвэрлэсээр байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Тээврийн хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир 2015 оны долдугаар сард анх энэ хэргээр баривчлагдсан. Улмаар 2017 оны нэгдүгээр сард түүнд шүүхээс ял оноохдоо хар тамхины хэргийг нь өршөөж, авлигын хэрэгт нь ял оноож байв. Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд хар тамхи борлуулсан, хадгалсан бус борлуулах зорилгогүйгээр хэрэглэж үзсэн гэх үндэслэлээр өршөөлд хамруулж, авлигын хэрэгт нь таван жилийн ял оноож байжээ. Харин тэрээр энэ ялыг давж заалдаад байсан юм. Бүтэн гурван жилийн хугацаанд замхарч, хэрэглэдэггүй хэмээн ялаас мултарч байсан прокурор, өмгөөлөгчийнхөө хамтаар дахин хэрэглэж байх үедээ баригдсан нь энэ. Ийнхүү төр төмөр нүүрээ хар тамхины хэрэгт харуулахгүй байгаа нь дахин давтах, даврах боломжийг бий болгосоор ирэв.
Хар тамхитай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх давтан үйлдэгчдийн жишээнээс харж болохоор байна. Жилийн өмнө л гэхэд, олон нийтэд хар тамхины тухай сэрэмжлүүлэг болгож фэйсбүүкээр лайв хийгээд “Гайс” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал ялаас чөлөөлөгдөж байсан удаатай.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Үүнийг манай хуулийн салбарынхан хүнд гэж үздэг ч энэ ялаа гүйцээж байсан тохиолдол үгүй.
Хар тамхи мансууруулах бодистой холбоотойгоор хилийн хяналт болон цагдаагийн ажилтнуудаа ч чадавхижуулах шаардлага байгааг олон улсын туршлага харуулж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд манай улсын хилээр хар тамхи цаасанд шингээн оруулж ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Түүнчлэн Монгол Улсад ургуулж тариалсан энэ төрийн бодисыг гадагш гаргахыг оролдсон тохиолдол гарсан тул шалгалтыг эрчимжүүлээд байгаа хэмээн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс мэдээлсэн.
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд цагдаагийн ажилтнууд хүртэл өөрсдөө цахим ертөнцөд идэвхтэй ажиллах хэрэгтэй болсныг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Энхбат
Сүүлийн үед иргэдийг залилах, тэр дундаа цахим төрлийн гэмт хэрэг, хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамлыг бэлтгэх, хил орчмын гэмт хэрэг, зөрчлүүд ихсэх хандлагатай болж байна. Нэг үгээр хэлбэл шинэ төрлийн гэмт хэргүүд өсөх хандлагатай байна.
Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал тархмал хэмжээнд ургадаг. Нийт 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15000 га газарт энэ төрлийн ургамал ургаж байна гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийг устгах чиглэлээр арга хэмжээ авдаг ч байгалийн зэрлэг ургамал учраас мэдээж нэг удаагийн устгалаар бүрмөсөн устаж арилахгүй. Тиймээс цаашид давтамжтайгаар байнга устгалын ажил зохион байгуулах шаардлага байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг
Каннабисийн төрлийн ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн шалтгаан нь уг ургамал урьд нь ургадаггүй байгаад сүүлийн жилүүдэд ургаад, тэгээд энэ хэрэг гараад байгаа асуудал биш юм. Урьд нь ч ургаж байсан. Ер нь ганц каннабистай холбоотой ч биш мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, цахим орчин хурдтай хөгжиж, хүүхэд залуучуудын хэлний мэдлэг сайжирч, мэдээ, мэдээллийг олон сувгаар олж авч чаддаг болсон. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой кино, дүрс бичлэгт ямар нэгэн хязгаарлалт, хориг тавигдахгүйгээр цацагдаж байгаагаас энэ төрлийн мэдээ, мэдээллийг олж авах, даган дуурайх, татагдах, сонирхох тохиолдол олон байна. Мөн хил гаалийн хяналт шалгалт сул, тус байгууллагын техник тоног төхөөрөмж, тэнд ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадвартай ч холбоотой асуудал.
Eagle.mn
URL: