“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компаниуд Монголоос 6 тэрбум ам.доллар хулгайлах гэж байсныг зогсоолоо
2006 онд “Тайм” сэтгүүлийн хамгийн хүчирхэг 100 хүний тоонд багтаж байсан Яан Ду Плессис гэгч нь манай оронд саяхан ирээд буцлаа. Тэр “Рио Тинто” болон “British American Tobacco” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажээ. Мөн Америк, Канад төдийгүй дэлхийд нөлөө бүхий “Lloyds TSB” группын гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Энэ эрхэм Оюу толгойн төслийн ажилтай танилцахаар ирсэн юмсанж. Манай дарга нар түүнд ёстой жинхэнэ бөхөлзөх шиг боллоо хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Дэлхийн болон бүс нутгийн томчуудтай уулзаж болно л доо. Уулзах ч ёстой. Улс орныхоо нэрийн өмнөөс, ард түмнийхээ улаан нүүрэн дээр тэдгээр хүмүүсээс ичиж зовохгүйгээр юм гуйж болно. Гуйх цаг үе монголчуудад бишгүйдээ л тохиож байсан. Аль ч улс оронд энэ бол байдаг л зүйл. Гэхдээ гуйхад учир бий. Улс гүрэн дамнасан үйлдвэрлэл, санхүүгийн корпорациуд өнөөдөр их гүрний далд бодлогыг баялаг ихтэй, буурай орнуудад тулгаж байна. Тиймээс болгоомжтой хандахгүй бол боломгүй.
Сүүлийн үед улс төрөөс татгалзах тухайгаа мэдэгдээд буй Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны охин өнгөрсөн онд “Голдман сакс” банкны томоохон албан тушаалтантай гэр бүл болсон дуулдана. Ер нь Клинтоныхон томоохон санхүүгийн сүлжээнд олон жилийн өмнөөс татагдан орсон гэх мэдээлэл бий. Тэгвэл “Голдман сакс” нь Америкийн эдийн засгийг ганхуулахуйц санхүүгийн будлиан үүсгэсэн хэргээрээ шүүхэд дуудагдаад байна. Өөр бас хэд хэдэн банкны хэрэг араас нь залгаад шүүх рүү очиж байгаа. Банк санхүүтэй холбоотой эдгээр хэргүүдийг америкчуудын зарим хэсэг нь “Санхүүгийн террористууд” гэж нэрлэсэн юм. Тэд томоохон хөдөлгөөнүүдийг зохион байгуулан улс гүрэн дамнасан санхүүгийн террористуудын эсрэг жагсаал цуглаан хийж байна. Жагсагчдын тэргүүн эгнээнд Америк болон бусад томоохон улс орнуудын төрийн нууцад халдсан хэмээх дуулианы эзэн, “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Пол Ассанжи нэгджээ.
Ер нь Монголд дэлхийн санхүүгийн луйврын сүлжээний түрүүчээс ороод ирсэн байна. “Голдман сакс” нь Олон овоотын лицензийг барьцаалан “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт их хэмжээний зээл олгож байв. Олон овоотын асуудап бурэн шийдэгдээгүй байгаа. Тус банк нь анх Монголд орж ирэхдээ Оюу толгойгоор дамжсан түүхтэй. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд “үнэт” зөвлөлгөө өгч, “Монгол улс 34 хувийг нь эзэмших ёстой” гэж тулгасан тухай нэгэн эх сурвалж хожим нь дурсан ярьсан байлаа. Тус банк дараа нь Таван толгойд IPO хийхээр шалгарчээ. Шүүхийн маргаанаа яаж шийдэх нь тодорхойгүй байгаа энэ банк манай найдвартай түнш болж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Эдгээр үйл явдалтай давхцаад “Оюу толгой”-н төслийг удирдах үүрэг хүлээсэн “Рио Тинто”-той холбогдолтой бас нэг асуудал сөхөгдлөө. “Рио Тинто”, “Айвенхоу майнз” хоёр нь Нидерландын вант улсад давхар татвараар харъяалагджээ. Манай сонин анх энэ тухай хөндөж тавьсныг уншигчид санаж байгаа байх. Үүнд олон улсын зарим байгууллагууд дургүйцэж байна. Татварын диваажин, татварын сүүдрэвчтэй улс орнууд 20 гаруй бий. Тэдгээрийн нэг нь Нидерландын вант улс. Манай Засгийн газар тус улстай хэдэн жилийн өмнө тэрхүү давхар татварын гэрээг байгуулсан байв. “Рио Тинто”- гийн хувьд татвараас бултахын тулд Нидерландын вант улсын “Татварын диваажин” гэгч халхавч дор явж орох нь илүү хожоотой, найдвартай байжээ. Татварын ийм систем нь гадаадаас орж ирж буй мөнгөнд татвар оногдуулдаггуй онцлогтой.
Тиймээс Оюу толгойн баялгаар Олон улсын хөрөнгийн биржээс босгосон зургаан тэрбум доллароосоо нэг ч төгрөг Монголд өгөөгүй нь үүнтэй холбоотой болж таараад байгаа юм. Манай сонины нийтлэлээс энэ тухай олж мэдсэн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар гайхан алмайрч, холбогдох албан тушаалтнууд болон Гадаад харилцааны яам руу утас цохиж, “Энэ гэрээ ер нь хэзээ дуусах вэ. Хэний хийсэн гэрээ юм бол… Үүнийг өөрчлөх боломж бий юү…” хэмээн их л сандарсан шинжтэй ярьцгаасан байна. Тэд дээрх зургаан тэрбум долларын орлогоос авах татвараа тооцож үзэхээс аргагүй болж буй нь энэ.
Мөн судлаач Дорждарь хэлэхдээ “Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол улсын Засгийн газар Канад дахь “Айвенхоу Майнз”, Лондонд бүртгэлтэй “Рио тинто”- той бус Нидерландад бүртгэлтэй “Оюутолгой-Нидерланд” компанитай байгуулсан. Үр дүн нь Монгол улсад бус хөрөнгө оруулагч этгээдүүдэд ирж, хувь нийлүүлэгчдийн гэрээгээр суутгах татвар авахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн” гэжээ. Түүний дүгнэлт яах аргагүй зөв байж. Ийнхүү давхар татварын гэрээ болон, хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой нэгэн ээдрээтэй утасны үзүүр олдож байх шиг байна.
PS: Манай нийтлэлийн мөрөөр Засгийн газраас Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцлахаар болжээ.
URL: