Том таван лиг зуны солилцоонд 4.5 тэрбум евро зарцуулжээ
Хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, багууд солилцоо наймаанд улам их мөнгө зарцуулах болсныг өнгөрсөн зуны шилжилт хөдөлгөөн дахин баталлаа. Наймдугаар сарын 31-нд солилцооны цонх хаагдсаны дараа нийт гүйлгээг тооцож үзвэл Европын том таван лигийн багууд (Англи, Испани, Герман, Итали, Франц) шинэ тоглогч худалдаж авахад 4.5 тэрбум евро зарцуулсан нь тодорхой болжээ. Наймааны нийт дүн өнгөрсөн жил анх удаа дөрвөн тэрбумын босго давж, олныг алмайруулж байсан бол өнөө жилийн наймаа дээрх рекордыг дахин эвдсэн юм. Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ. Английн Премьер лигийн багууд урьдын адил солилцоо наймаанд хамгийн идэвхтэй байлаа. Будант Альбионы 20 баг шинэ тоглогч худалдан авахад 1.4 тэрбум евро зарцуулсан нь нийт наймааны 31 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд нам гүм байсан италийн Сери А-гийн багууд өнгөрсөн зун тун идэвхтэй байлаа. Улсынхаа лигт сүүлийн зургаан жил дараалан түрүүлээд буй “Юьентус” супер од Криштиану Роналдуг “реал”аас 117 сая еврогоор урвуулж дөнгөсөн нь өнгөрсөн зуны хамгийн чухал наймаа болов. Италийн багууд топ таван лигийн нийт зарцуулсан мөнгөний 25 хувийг бүрдүүлсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Их мөнгө гаргахын хэрээр багуудынх нь хүч сайжирсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Багуудын орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь солилцоо наймааны тэсрэлт болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Ялангуяа, телевизийн гэрээний эрх тэдний санхүүг үлэмж бэхжүүлсэн юм. Английн Премьер лигээр жишээ авъя.
Телевизийн гэрээний эрх багуудын санхүүг үлэмж бэхжүүлсэн
Тус лиг 2019-2022 оны тоглолтуудаа шууд дамжуулах эрхийг Sky сувагт 4.46 тэрбум фунт стерлингээр зарж чадсан. Энэ нь дөрвөн жилийн өмнөх гэрээтэй харьцуулахад 70 хувиар өссөн дүн аж. Багууд энэ мөнгөнөөс чамгүй хишиг хүртдэг. тухайлбал, 2017-2018 оны улиралд “Манчестер Сити” багийн 26 тоглолт үндэсний телевизээр шууд гарсан тул нийт 149 сая фунт стерлинг авсан байна. Манчестер хотын нөгөө баг “Юнайтед” мөн энэ хэрийн мөнгийг телевизийн гэрээний эрхээс хүртсэн. Хамгийн цөөн буюу есөн тоглолт нь үндэсний телевизээр шууд гарсан “Вест Бромвич” гэхэд 94саяыг халаасалжээ. Ингэснээр хүснэгтийн адагт бичигддэг, хомоол хамдаг багууд хүртэл 20, 30 саяар шинэ тоглогч авах хэмжээнд хүрээд байгаа юм. Үр дүнд нь тамирчдын үнэ тэнгэрт хадаж, жирийн нэг дундаж хөлбөмбөгч хүртэл 40, 50 саяар үнэлэгддэг боллоо. Уг нь 30 сая евро гэдэг дундаж хэмжээний нэг баг худалдаад авчих хэмжээний мөнгө.
Бразилын домогт довтлогч Роналдо гэхэд хэдхэн хоногийн өмнө Испанийн дээд лигийн “Вальядолид” багийг 30 сая еврогоор худалдаж авсан. Гэтэл ганц тамирчин 200 саяын үнэ хүрч байгаа нь шударга бус явдал, хэт хөөрөгдсөн үнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэвч баян клубүүд үүнийг үл тоон шилдэг тоглогчдод мөнгө харамгүй цацаж байна. Дэлхийн хөлбөмбөгт 100 сая еврогоос дээш үнийн дүнтэй шилжилт долоо болсон. үүний зургаа нь сүүлийн гурван жилийн дотор хийгджээ. Энэ жил л гэхэд гурван ч тамирчин 100 болон түүнээс дээш сая еврогоор “зарагдан” буурь сэлгэсэн байна. Тамирчдын үнэ маш богинохон хугацаанд гэрлийн хурдаар өссөн нь эндээс харагдах биз ээ. Сонирхуулахад, 2009 оноос хойш Премьер лигийн багууд зөвхөн солилцоо наймаанд 9.6 тэрбум евро зарлагадсан нь ард бичигдэж буй Италийн лигээс даруй гурван тэрбумаар их гэсэн үг. Италийн Сери а өнгөрсөн 10 жилд 6.09 тэрбум евро үрсэн бол Испанийн Ла лиг 4.7, Германы Бундеслиг 3.5, Францын лиг 3.08 тэрбумаар шинэ тоглогч худалдаж авсан байна.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: