60 тэрбумынхан Жакартад зугаалж явна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэг”- тэй тэмцэж байхад 60 тэрбумын автор Ц.Сандуй өөрийн багийн “гишүүдээ” дагуулаад улс алгасаад зугаалж явна.
Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны олимпийн жүдо бөхийн тэмцээнийг та бүхэн цэнхэр дэлгэцээрээ үзсэн бол Монголын тамирчдыг хөгжөөн дэмжигчид дунд “60 тэрбумын автор” Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс зурвасхан харагдаад өнгөрсөн. Тэгвэл мань эр “60 тэрбумын” гар хөл болсон нөхөд болох НИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Буяндэлгэр, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Б.Алтанхундага нар болон дотно харилцаатай гэгдэх бүсгүй, Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга С.Дашмаа нарын хамтаар улс алгасан зугаалжээ.
Ц.Сандуйгийн өдөөсөн 60 тэрбумын хэрэг нь үнэндээ төрийн албыг зарж борлуулан мөнгө босгох гэсэн авлигын шинжтэй үйлдэл болох төдийгүй төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Гэвч тэрээр УИХ-ын дарга М.Энхболд гэх “сайн ах”-ынхаа буянаар гэмт хэрэгтэн байх ёстой газарт биш харин эрх чөлөөтэй сэлгүүцэн, гар хөл бологсодоо дагуулаад улс дамжин амарч цэнгэж явна. Түүгээр зогсохгүй мань Ц.Сандуй өөрийн сонгогдсон тойргийнхоо намын хорооны гишүүдийг Жакарта хотруу авч очжээ.
Насаараа төрийн албанд, тэр дундаа дүүрэг Нийслэлийн газрын албанд олон жил ажилласан Ц.Сандуй гэдэг хүн ямар зардлаар ийм олон хүний зардлыг дааж Индонези улсын Жакарта хотод болсон Азийн зуны олимп үзүүлсэн байх вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Магадгүй түүний энэ үйлдэл нь өнөөх 60 тэрбумын хэрэг бодит байдал дээр хэрэгжсэн юм биш биз гэж хардах нөхцлийг бий болгож байна.
Монголын төрийн албыг зарж борлуулах гэсэн хэргийг өдөөсөн 60 тэрбумын автор Ц.Сандуйд хууль үйлчлэх үү, эс үйчлэх үү, түүнд хэзээ хариуцлага тооцох вэ гэдгээс хамаарч МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялах, ялагдах асуудал нь яригдана гэж хэлэх хүмүүс олон байна.
URL: