ОЙРХИ ДОРНОДЫН ИРЭЭДҮЙ

iraq-syria-map-isis-cnnӨнгөрсөн баасан гарагт Ираны нийслэл Тегеран хотноо “Сирийн асуудал”-ыг хэлэлцэх дээд түвшний уулзалт зохион байгуулагдлаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Иран Улсын Ерөнхийлөгч Хассан Роухани мөн Турк Улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар оролцож Идлиб мужид явуулах хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Зохион байгуулагчийн хувьд Ерөнхийлөгч Роухани зочдоо угтан авч, зураг авхуулсны дараа хуралд зориулж тусгайлан бэлтгэсэн өрөөнд уулзалтыг үргэлжлүүлсэн байна. Уулзалтын өмнө Туркийн талаас гал зогсоох, улмаар асуудлыг хэлэлцээрийн ширээнд шилжүүлэх санал дэвшүүлээд байсан. Харин эсрэгээр ОХУ болон Ираны зүгээс алан хядагчдад өршөөл үзүүлэхгүй, гэхдээ энгийн иргэдийн амь насыг хохироохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн нь “хүчээр” зохицуулахаар нэгэнт шийдсэний тэмдэг гэж олон улсын ажиглагчид таамаглаж байлаа.
Сирийн иргэний дайнаас эхэлсэн уг үйл явдал алан хядагч, хэт даврагчдын эсрэг хийх тэмцэл болон хувирч, цаашлаад их гүрнүүдийн хооронд үл ойлголцол үүсгэх хэмжээнд хүртлээ хурцдаад байсан билээ. Гурван талын дээд хэмжээний уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
-Бид нэгдсэн байр сууринд хүрч, Идлиб бүсэд гал зогсоох дуудлагад маань хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бид алан хядагч байгууллагуудын төлөөлөгчдийг нөхцөл байдлыг ухааран эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, зэвсгээ хураалгана хэмээн найдаж байна.
Бид Сирид зөрчилдөөн үүсгэж буй талуудыг эвлэрүүлэх арга замыг эрэлхийлсээр ирсэн. Гэхдээ алан хядагч байгууллагуудыг алгасах нь тодорхой. Бүхий л гэрээ хэлцлүүд чухам энэхүү байр сууринд үндэслэж хийгддэг байсан, цаашид ч үргэлжлэх болно.
Ерөнхийлөгч Путин Идлибт их хэмжээний хүнд механизм, зэр зэвсэг Идлибт байгаа талаар мэдээлэл хүлээн авснаа дуулгаад эдгээрийн дундаас дроныг онцолсон. Зэвсэгт тэмцэгчдийн бүлэглэлүүд энгийн дроныг шинээр загварчилж, сэлбэг хэрэгслүүдийг нь өөрсдийн зорилгод ашиглаж байгаа аж. Түүний мэдээлснээр Идлибийн дотор зэвсэгт мөргөлдөөн одоо ч тасралтгүй явагдаж байгаа гэнэ. Путин “Алан хядагчид үргэлж энгийн иргэдээр бамбай хийдэг энэ явдалд бид санаа зовохоос өөр яаж ч чадахгүй” гээд АНУ-ын дэмжлэгтэйгээр Ракка хотод явагдсан ажиллагааг жишээ болгон дурдсан юм. Тэрбээр хэлэхдээ “Бид энгийн иргэдийг бамбай болгон ашигласан алан хядагчдыг буруутгаад асуудал дууссан гэж сонссон” хэмээсэн. Энгийн иргэдийг хотоос аюулгүй гаргах гарц бий болгоход Сирийн Засгийн газар болоод ОХУ анхаарч байгааг тэмдэглээд Ерөнхийлөгч Путин хамтран ажиллаж буй Иран Улс, Турк улсуудад талархал илэрхийлжээ.
Уулзалтын дүнд, Ерөнхийлөгч Владимир Путин “Сири дэх алан хядагчдыг бүрэн устгахад” уриалсан бол Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани энгийн иргэдийг хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд “Алан хядагчдын Идлиб бүсийг цэвэрлэх” талаар ярьсан байна. Харин Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган “Идлиб дан ганц Сирийн ирээдүйд чухал биш; энэ бол бүс нутгийн ирээдүй болоод манай улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэй” гэв. Эцсийн дүнд талууд хамтын шийдвэрт хүрээгүй бөгөөд уулзалтын өмнө баримталж байсан байр суурин дээрээ зогссоноор уулзалт өндөрлөсөн байна.

Хүлээлт тойрсон болгоомжлол

Сирийн хямралын эхний жилүүдэд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг босогчдыг дэмжиж байсан Турк Улсын байр суурь өөрчлөгдөж, асуудлыг тайван замаар шийдэхийг уриалах болсны шалтгаан их энгийн. Сирийн асуудал ужгирах тусам дайнаас дүрвэгсдийн тоо нэмэгдэж, улмаар цагаачдын тоо хэд дахин нэмэгдэнэ. Харин Европыг зорих дүрвэгчид Анкарагийн “толгойг өвтгөөд” багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тиймээс тэд дүрвэгсдийн урсгал үерлэхээс сэрэмжилж байгаа. Одоогийн байдлаар Идлибт Туркийн хэдэн зуун цэрэг бэлэн байдалд байгаа бөгөөд 12 ажиглалтын цэг байгуулаад байгаа юм.
Ерөнхийлөгч Эрдоган “Идлибийг чиглэсэн довтолгоо бүр гамшиг дагуулна. Алан хядагчидтай хийж буй ямар ч тэмцэлд цаг хугацаа, тэсвэр тэвчээр бүхий арга барил ашиглахыг шаарддаг. Бид Идлибийг цусан далай болгомооргүй байна” гээд Персийн алдарт яруу найрагч Саадийн шүлгээс эшэлжээ. “Хүний зовлонг энэрэх сэтгэл чамд үгүй бол хүн гэдэг нэрийг тээх эрх чамд үгүй”.
“Тасс” агентлагийн мэдээлснээр ОХУ болон холбоотон улсууд Сирийн өнцөг булан бүрээс алан хядагчдыг Идлибт төвлөрөхөд тодорхой хэмжээнд хичээл зүтгэл гаргасан байна. Одоогийн байдлаар Исламын Улс, Аль-Кайда, Жабхат Аль-Нусра бүлэглэлтэй холбоотой дайчид, мөн бусад жихадистуудын тоо арван мянгад хүрээд байгаа юм. Үүний зэрэгцээ Идлиб мужийн баруун хойд хэсэгт гурван сая орчим хүн амьдардгаас тал нь Сирийн бусад бүс нутгуудаас шилжин ирэгсэд байна.
Сирийн Засгийн газрын холбоотнууд ОХУ, Ираны хувьд босогчдын сүүлийн баазыг устгах буюу босогчдын хүчийг ялсан тохиолдолд долоон жил үргэлжилж буй иргэний дайнд эцсийн цэгийг хатгана гэсэн үг. Тийм ч учраас бусад муж, хотуудад байгуулсан ялалтаа Сирийн Засгийн газар төдийлөн онцгойлж тэмдэглэхгүй байгаа. Идлибт явуулах ажиллагаа ингэж сунжирч байгаагийн бас нэг шалтгаан бол ирээдүйн төлөвлөлт. Хэрэв яг энэ цэгт, Идлибийн асуудлыг шийдвэрлэхдээ их цус урсгаж, энгийн иргэдийн амь насанд хохирол илүүтэй учруулах аваас ОХУ-ын бүх хичээл зүтгэл талаар өнгөрнө. ОХУ-ын зүгээс дүрвэгчдийг нутагт нь эргүүлэн авчрах, дайны дараах бүтээн байгуулалтад барууны орнуудаас хөрөнгө оруулалт татах, Сирийг тогтворжуулах зэрэг асуудалд анхаарал хандуулж байгаа. Мөн АНУ-ын Сири дэх байр суурь эзгүйрч, ойлгомжгүй болоод байгаа энэ үед түүнийг нөхөж, бүс нутгийн нөлөөллөө улам бэхжүүлэхийг Москва хүсэх нь ойлгомжтой хэрэг. АНУ нөхцөл байдал хаашаа эргэхийг анхааралтай ажиглаж байна. Тэд шууд утгаар Идлибт алан хядагчид байгааг үгүйсгээгүй бөгөөд энгийн иргэдийн амь насанд хохирол учирсан тохиолдолд л оролцоно гэдгээс цааш байр сууриа нээлттэй илэрхийлээгүй. Харин Европын улсууд химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс цааш ажиглалтын байдалд шилжсэн.
Идлиб дэх босогчид хариу өгөөгүй хэвээр байна. Туркийн дэмжлэгтэй Үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгч Нажи Аль-Мустафа хэлэхдээ “Идлиб бол их гүрнүүдийн тоглолт, тэдний ашиг сонирхлын л тэмцэл” гээд дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө тулааны бэлэн байдалд шилжсэн гэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уг асуудлаар хэд хэдэн хурц байр суурь толилуулагдсан. АНУ-ын элчин сайд Никки Хэйли “Үр дүн нь аймшигтай байх болно” хэмээсэн бол Сири Улсын элчин сайд Башар Жа’aфари “Засгийн газар газар нутгаа алан хядагчдаас, гадны эзэрхийллээс чөлөөлөх эцсийн шийдвэр гаргасан” гэв.
Харин өчигдөр, уулзалтын маргааш ОХУ ба Сирийн байлдааны онгоцнууд Идлибийг бөмбөгдөж эхэлсэн байна. Гэрч нарын мэдээлснээр босогчдын хяналтанд оршин байгаа Хама бүсийн Латамне хот, Идлибийн өмнөд хэсэг дэх тосгодыг арав гаруй удаа бөмбөгджээ. Сирийн армийн нисдэг тэрэгнүүд Хан Шэйхоун хотын захаар орших барилгууд дээр баррел бөмбөг хаясан байна. Иргэний хамгааллын байгууллагын эх сурвалжийн дагуу Өмнөд Идлибийн Абден тосгонд гурван иргэн амь эрсэдсэн.


URL:

Сэтгэгдэл бичих