Намын санхүүжилтийг сонгуулийн бус үед ч хянах шаардлагатай
ТӨСВИЙН МӨНГИЙГ САНАЛ ХУДАЛДАН АВАХАД ЗАРЦУУЛАХ ЁСГҮЙ
Монголд хүчтэй, чадвартай манлайлагч эмэгтэйчүүд, залуучууд цөөнгүй ч улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүрэхэд санхүүжилт хамгийн гол бэрхшээл болж буйг парламентад суудалтай намуудын төлөөлөл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж буй “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус хэлэлцүүлэгт улс төрийн таван намын 60 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. “Улс төрийн санхүүжилтийг зөвхөн сонгуулийн үед ярих асуудал биш. Сонгуулийн бус үед ч санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Намуудын бүх шатанд уралдаан тэмцээн зохион байгуулах, шагнал урамшуулал өгөх, баяр тэмдэглэх зэргээр санал худалдаж авах үйл ажиллагаа байдаг. Мөнгөний эх үүсвэр нь хязгаарлагдмал, цөөн учраас намд хэн их мөнгө өгсөнд нь илүү боломж олдож байна.
Гишүүдээсээ мөнгө татдаг, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа гишүүнээсээ хандив нэхэж дарамталдаг байдал арилахгүй бол эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн тэгш оролцооны талаар ярих бололцоогүй” гэж нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг хэллээ.
Манай улсад парламентад суудалтай намуудад суудлынх нь тоогоор жилд 10 сая төгрөг олгодог.
Энэ нь намуудын санхүүжилтийн 10 хүрэхгүй хувийг эзэлж буй. Тиймээс намууд санхүүжилт олохын тулд томоохон компаниудаас хандив авдаг нь улс төрийн тогтолцоог бүхэлд нь гажуудуулж буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Мубисийн профессор Э.Гэрэлт-Од “УИХ-ын сонгуульд оролцогч эхлээд хэнээс санал авах гэж буйгаа ойлгох ёстой.
Намынхаа гишүүдээс биш ард иргэдийн саналаар сонгогдох учраас уртхугацаанд өөрийгөө, бодлогоо таниулах ажил хийх нь зүйтэй. Харин манайд сонгуулийн сурталчилгааны хугацааг маш бага зааж өгсөн учраас богино хугацаанд өөрийгөө таниулахын тулд мөнгө чухал болчихоод байгаа. Ер нь улс төрийн санхүүжилт гэдэг зөвхөн сонгуулийн үеийн асуудал биш. Сонгуулийн бус үед ч ил тод, “шилэн” байх ёстой” гэв.
Улс төрийн намын санхүүжилтийг цэвэр байлгахыг улс орон бүр зорьдог. сүүлийн жилүүдэд олон улсад улс төрийн намуудыг бизнесийн бүлгүүдээс хараат бус байлгахын тулд төрөөс санхүүжүүлэх хандлага бий болсон. Ялангуяа, эдийн засгийн бололцоо тааруу ч манлайлах чадвартай залуусыг парламентад нэр дэвшихэд нь кампанит ажлын зардлынх нь зарим хэсгийг төсвөөс гаргадаг жишиг зарим оронд байдаг аж.
Гэхдээ маш өндөр, зөв шалгуур тавихаас гадна мөнгөний зориулалтыг нь зааж өгч, хяналт сайн тавьдаг. Ингэснээр парламентад суудалтай намын залуучуудад боломж нээгдэж, эрх мэдлийн төвлөрөл саарна гэж үздэг байна. Тухайлбал, гүржид сонгуулийн кампанит ажлын зардлын 50 хувийг нь төсвөөс гаргадаг аж. Бизнесийн бүлгийнхний санхүүжилтийг бууруулбал түүний орон зайг нөхөх эх үүсвэр нь төсөв, мөн иргэд байх боломжтой гэж судлаачид үздэг байна.
Гэхдээ төсвөөс гарч буй мөнгийг эргүүлээд санал худалдаж авахад ашиглаж байна уу, зориулалтаар нь зарцуулж байна уу гэдэгт хатуу хяналт тавих ёстойг анхааруулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид намуудын санхүүжилтийг шилэн, цэвэр байлгахын тулд хуульд зохих ёсны өөрчлөлт оруулах шаардлага бийг хэлж байлаа.
ЗГМ: Тодруулга
Ядуурлыг бууруулах түлхүүр нь боловсрол
Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад 10 гаруй орны төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны харьяа Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг Зүүн хойд Азийн орнууд хэрхэн биелүүлж байна вэ. Манай улс энэ зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж, ямар шатандаа явна вэ?
-Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт улс орны хөгжлөөсөө шалтгаалаад янз бүр байна. Манайх шиг хөгжиж буй оронд ядуурал, боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүнд байгаа бол Япон, БНСУ-ын бэрхшээл өөр байх жишээтэй. Энэ чуулганаар улс орнуудын 2030 он хүртэл төлөвлөсөн нийгмийн салбарын зорилтуудыг хэлэлцлээ. Манай улсын хувьд бусдаас давуу тал ч байна, хоцорч яваа асуудал ч байгаа.
-Тухайлбал ямар давуу тал байна вэ?
-Монгол улс үндэсний хөгжлийн газар байгуулсан, тогтвортой хөгжлийн бодлогыг хууль болгож баталсан, Засгийн газрын хөгжлийн хөтөлбөр болох гурван тулгуурт бодлого хэрэгжүүлж байгаа нь сайн жишээ, давуу тал юм. Мөн УИХ дотроо энэ асуудлыг хариуцах тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо байгуулсан. Өөрөөр хэлбэл, институцийн хувьд бид суурийг нь тавьсан. Энэ бол сайн эхлэл. Гэхдээ хүндрэл, бэрхшээл их байна.
-Нийгмийн салбарыг хөгжүүлэхэд ямар асуудал хамгийн их хүндрэлтэй байна вэ?
-Хамгийн чухал нь боловсролын хүртээмж, чанарын асуудал. Үүнийг сайжруулж чадвал ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засаг өсөх суурь болно гэж би хардаг. Ер нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгээс нь нөгөөг салгаж ойлгох боломжгүй. Боловсролтой байж ажилтай болно, Ажилтай байвал ядуу амьдрахгүй. Тиймээс ядуурлыг бууруулах түлхүүр нь боловсрол болж байна.
-Тэгвэл энэ салбарыг өөд нь татахын тулд юу хийж байна вэ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяж байгаа нь энэ салбар өөдлөөгүйг харуулж байх шиг?
-Эмч, багш болон судлаачдын цалин дэндүү бага, ачаалал өндөр. сургууль, эмнэлгийн бусад ажилтнуудын ажиллах нөхцөл ч хүнд байгаа нь үнэн. Гэхдээ ажил хаях нь зөв арга мөн үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас цалинг нь үе шаттайгаар нэмье гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс төсвийн нөхцөл, байдалд бодитой хандаж, аль болох хурдан шийдэх шийдэлд хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Ажил хаялгүйгээр шийдвэрлүүлэхийн төлөө л ажиллах ёстой.
-Энэ онд төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давах урьдчилсан тооцоо гарсан. Үүгээр цалин нэмэх боломж бий юу?
-Хурлын үеэр Монголын орлогын тэгш бус байдал их байгааг оролцогчид онцолж байсан. Үүнийг багасгахгүй бол эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй, ядуурал буурахгүй. Цалин нэмнэ гэдэг ажилтай хүмүүсийн орлогыг нэмэх асуудал. харин ажилгүй, цалингүй хүмүүсийг хэрхэх вэ гэдэг асуудал тулгардаг. халамжийн бодлого хавтгайрсны уршгаар ажил хийхгүй амьдрах хүсэлтэй хүн олон болсон. МҮХАҮТ-ын бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлье гэхээр ажил хийх хүн олдохгүй байгааг хэлж байсан. Миний байр суурь бол төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд тус бүрийнхээ тойрогт биш, нэн чухал салбартаа, нэгдсэн бодлогоор зарцуулах ёстой.
-Манай улс 2030 он гэхэд ядуурлыг тэг хувьтай болгоно, чинээлэг болон дундаж давхаргын эзлэх хувийг 80 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Иргэдийн хувьд биелэх боломжгүй тоо гэж харагдаад байна л даа?
-Орлогын тэгш бус байдлыг арилгахын тулд халамжийн бодлогод тулгуурлахгүйгээр ажил эрхлэлтийг нэмэх нь зөв. Үүнд хувийн хэвшлийн идэвх маш чухал. Төрөөс жижиг, дунд үйлдвэрүүдийн татварыг бууруулах алхам хийсэн нь ядуурлыг багасгах нэг шийдэл. Гэхдээ татварыг ажлын байр нэмсэн эсвэл бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн, цалингаа нэмсэнд нь л өгөх хэрэгэтэй гэж би үздэг.
-Та Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд бусад орноос хоцорч байгаа тал бийг дурдсан?
-Засгийн газрын гурван тулгуурт бодлогод эдийн засаг, нийгэм, засаглалын өөр хоорондоо уялдаатай бодлогууд багтсан. Дотор нь задалж, шинжлээд нүбын тогтвортой хөгжлийн зорилтууд тусгагдсан эсэхийг үзэхэд тодорхой хэсэг нь тусгагдаагүй байгаа юм. Мөн байгаль орчны асуудал огт тусгагдаагүй байна. Эдийн засгаа ямар ч үнээр хамаагүй өсгөе гэх ёстой юу. Угтаа бол хөрс, бэлчээр зэрэг байгаль орчны асуудалд анхаарч байж урт хугацаанд хөгжинө.
Засгийн газрын мэдээ
URL: