Тендерийн луйварчин “Насны зам” ХХК дахин тендер будлиантуулав

«Насны зам» ХХК-ийг эвдэрхий зам тавьж, дахин дахин төвөг уддагаар нь бид мэдэх болоод 10 жил өнгөрчээ.

Хаана ашигтай зам байна, тэр тендерийг ямар нэгэн аргаар авч, хөрөнгөө зузаатгадаг энэ компани 2001 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагджээ.

«Насны зам» компанийн захирал Жумдаагийн Энхжаргал гэх хүн байдаг ч ардаа Шэ Ван хэмээх хятад эзэнтэй. Харин Ж.Энхжаргал өөрөө Өвөрмонгол эхнэртэй. Ж.Энхжаргалын эхнэр Насан төрөөс «Алтан гадас» одон хүртэл авч байсан «том гар». Ж.Энхжаргал өөрөө ч энэ одонг аль хэдийнэ аваад зүүчихсэн. Тэд эхнэр, нөхөр гэж явдаг ч олон жилийн өмнөөс хамт амьдрахаа больжээ. Гэхдээ бизнесийнхээ үйл ажиллагааг хоёулаа гардаж явуулдаг аж.

Хамаг л ашигтай тендерт мөнгө хаяж авч чаддаг энэ компани манай төрийн түшээдийг ч өөрийнхөө талд урвуулж чадсан гэнэ лээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Буд, Ч.Улаан «Насны зам» ХХК-ийн хамгийн гол хүн нь гэдэг.

Ц.Цэнгэл Зам тээвэр аялал жуулчлалын сайд байхдаа «Насны зам» ХХК-ийн хүссэн тендерийг хүч түрэн авч өгдөг талаар хэвлэлээр нэлээд шуугиж байв. Харин Р.Буд гишүүний хүү Б.Шандас нь «Насны зам» ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн аж.

Хамгийн сүүлд гэхэд л энэ сарын есөнд ЗТБХБЯ-нд зарлагдах ёстой байсан авто замын тендерийг «Насны зам» ХХК будлиантуулж орхисон. Ашигтай замыг хүч түрэн авдаг зангаараа булаацалдаж, улмаар яам тендерийг хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Энэ компани гишүүдээр дамжуулж хэрхэн тендер луйварддаг талаар цухас өгүүлье.

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл сайд байхдаа «Насны зам» ХХК-д Булган аймгаас Хутаг-Өндөр сумын Уньт хүртэлх 91.5 км, Уньтаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх 84.6 км авто зам барих тендерийг авч өгсөн гэдэг юм билээ. Булган-Уньт чиглэлийн замыг барих зардлыг Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд байгуулсан зээлийн гэрээгээр шийдвэрлэсэн.

Гэрээний дагуу «Насны зам» компанид Булган-Уньтын чиглэлийн авто замыг барихад зориулж, 25 тэрбум төгрөг гаргаж өгсөн аж. Гэвч өнгөрсөн жил «Насны зам» ХХК энэ мөнгийг нь чамлаж, элдэв материалын үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар дахин зургаан сая ам.доллар нэхсэн байна. Ц.Цэнгэлийн толгойлж байсан яам энэ мөнгийг нь ямар ч асуудалгүй гаргаж өгсөн гэнэ.

Яг энэ үеэр Уньтаас цааш Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх авто зам барих асуудал давхар гарч ирсэн аж. Үүнийг УИХ-ын чуулганаар Уньт-Тариалангийн чиглэлд авто зам барих төслийг хэлэлцэн, гишүүдийн 84.6 хувийн саналаар «Насны зам» ХХК-д тендерийн эрхийг нь өгсөн байна. Өмнөх ажлаа дуусаагүй, батлагдсан төсөв дээр нэмж мөнгө нэхсэн ийм компанид дахин зам барих эрх олгосон. Ийм том эрх дархтай, компани «Насны зам»-аас өөр Монгол Улсад алга.

Энэхүү хэмжээгүй эрх дархын цаана Ц.Цэнгэл, Ч.Улаан зэрэг нэр бүхий гишүүд байдаг гэх юм билээ. Ингэж эрх мэдлээр түрий барьж тендер булаадаг «Насны зам» ХХК Булганаас Уньт хүртэлх замыг санхүүжилт дутуу гэсэн шалтгаанаар дөрвөн жил дамнуулан сунжирч байж арай гэж ашиглалтад өгсөн. Гэвч бас л зам нарийхан, чанар муутай гэх зэрэг шүүмжлэл дагуулж байна.

Үнэхээр «Насны зам» тендер луйвардаж авдаггүй байсан бол нэгэнт санхүүжилт нь бэлэн болчихсон Уньт-Тариалан чиглэлийн зам барих ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж болох байлаа. Монгол Улс ямар «Насны зам» гэдэг ганцхан замын компанитай биш. Өчнөөнөөрөө л байна. Гэтэл даахгүй нохой булуу хураана гэгчээр өмнөх ажлаа бараагүй байж дахин нэг тендер хүч түрэмгийлж авсан.

Одоо Уньтаас Тариалан хүртэлх замыг хэзээ барьж, дахиж хэдэн сая доллар нэхэх юм билээ, бүү мэд. Лав л өнгөрсөн зун замынхаа ажлыг эхлээгүй. Дараа жилээс ажлаа эхлүүлнэ гэвэл дор хаяж гурван жил шаардагдах бололтой. Хамгийн гол нь «Насны зам»-ын бүтээн байгуулсан гэх замууд өнөөдөр бүгд л асуудал дагуулж байна.

Энгийн жишээ гэвэл Төв аймгийн Лүн сумын зам, Өмнөговь аймгийн алдарт нүүрсний замуудыг нэрлэж болно. Нүүрсний замыг хэт нарийн тавьснаас тэнд өдөр бүр осол аваар гарч, жолооч, зорчигчид амиа алдаж байна. Мэдээж энэ бүхний хариуцлагыг «Насны зам» болон түүнийг дэмжиж, халаасаа зузаалдаг дарга нар хүлээхгүй. Үхсэний хохь болоод л үлддэг.

Энэ мэтээр «Насны зам» ХХК-ийн хууль бус тендерүүдийг дурдаад барагдахгүй. Тухайлбал Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам, Цэнхэрмандал сумаар дамжин Дуутын даваа хүртэлх 100 км зам, «Мянганы зам» төслийн хүрээнд Баяннуур-Дашинчилэн, Хангайн даваа-Баяннуурын чиглэлд 63 километр авто зам гээд хөвөрнө. Энэ бүгдийг нөгөө л УИХ-ын гишүүд, сайдын нөлөөгөөр авсан байна.

Ямартай ч хятад эзний мөнгөөр сүр хүчийг үзүүлсэн «Насны зам» ХХК Ц.Цэнгэл нарын гишүүдээр бамбай хийж, авто замын салбараас мөнгө хүүлж байна.

Б.Даваахүү

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих