“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ УДИРДАХ УУ

image_660“Эрдэнэт үйлдвэр” хувьчлагдсанаас хойшхи маргаан хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 2016 оны зургадугаар сарын 28 буюу УИХ-ын сонгуулийн үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь Монголын тал эзэмшихээр болсон бөгөөд албан ёсны эзэмшигч нь “Монголын зэс” корпораци гэдгийг мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш энэ асуудал халуун сэдвүүдийн нэг байсаар өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газрын 23 дугаар тогтоол гаран уг компани хувийн хэвшлээс төрийн мэдэлд бүрэн шилжсэн. Ингэснээр маргаан улам дэгдэж Засгийн газрын шийдвэрийг “Монголын зэс” корпораци эсэргүүцэн шүүхэд хандан дээд шатны шүүхэд ялалт байгуулсан. Мөн нэр бүхий иргэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц хуралдаж Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Үүний дараа “Монголын зэс” корпораци олон улсын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. Гэтэл энэ дундуур дахин хэрэг мандсан нь “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал үүссэн. Тэрбээр тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, барьцаанд тавьсан хэмээсэн бөгөөд түүний зээл хүүтэйгээ 140 сая ам.долларт хүрсэн гэдэг. “Стандарт” банкныхан Монгол Улсын Засгийн газраас тухайн мөнгийг нэхэмжлэн Арбитрын шүүхэд гомдол гаргасан.

Түүнчлэн тус банк “Эрдэнэт үйлдвэр”-ийг шүүхийн шийдвэр бүрдүүлээгүй гэх үндэслэлээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай ч мэдэгдсэн байдаг. Энэ мэтээр маргаан, дуулиан  үргэлжилсээр эцэслээгүй байгаа цаг дор “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмших тухай мэдээлэл өчигдөр “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр хөндөгдлөө. Энэ асуудал уг нь 2013 оны Засгийн газрын 100 дугаар тогтоолоор шийдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлэх ажлын хүрээнд үзэглэсэн үйл явдал юм. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д эзэмшүүлэхээр болсон. Гэвч уг асуудал бүдэг байсан юм. Мэдээж үүнд улс төрийн шалтгаантай олон асуудал нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин энэ ажил цаашид эрчимжихийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолсон юм. Тэрбээр тус чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил өрнөж байгаа. Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглана. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэсэн юм. Мөн тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO- ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт тав орчим тэрбум долларын арав гаруй төслийн санхүүжилтийг шийднэ гэж мэдэгдэж байлаа.
Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Манай компани “Багануур компанийн 75 хувь, “Шивээ-Овоо” компанийн 90 хувь, “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулаад “Оюутолгой” төслийн 34 хувь, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс стийл” компанийн 50 хувийг тус тус эзэмшиж байна. Бид төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг бизнес болгон өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлж улсын эдийн засагт үр нөлөөг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын нүүрс тээвэр, ашиглалт, засвар үйлчилгээг давхар хариуцан ажилладаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 100 дугаар тогтоол гарч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн монголын талын хувийг манай компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хөрөнгийн зохистой байдлыг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд “Багануур” ХК-ийн 24,  “Шивээ-Овоо” компанийн 39 хувийг дотоодын биржээр арилжаалах, бонд гаргах ажлуудыг судалж байна” гэлээ.
Уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулагчдын салбарынхан чуулдаг хурлын үеэр салбарын сайд, хамаарах компанийн захирлын цухас дурдсан мэдээлэл боловч энэ нь алсдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйг тодорхойлох, маргаанд цэг тавих эцсийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй юм. Товчхондоо, “Эрдэнэс Монгол” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг удирдах уу.

 

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160019.htm

 


URL:

Сэтгэгдэл бичих