1818 онд байгуулагдаж, 20 сая үзмэртэй музей бүхэлдээ галд шатжээ

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо байрлах Үндэсний түүхийн музейд өнгөрсөн амралтын өдөр гал гарсан юм. Гал сөнөөгчид уг түүхэн байгууламжид гарсан галыг унтраахаар хоёр дахь өдрөө ажиллаж байна.

Галын улмаас 1818 оны зургаадугаар сарын 14-нд байгуулагдсан уг музей бүхэлдээ өртөж, сүйджээ. Музейд ойролцоогоор 20 сая үзмэртэй аж.

Аврагчид болон музейн ажилчид галаас урьтаж, цөөн тооны үзмэрийг барилгаас гаргаж амжжээ.

Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй хамгийн үнэтэй үзмэр бол Америкийн нутаг дэвсгэрээс олдсон 12,000 жилийн настай эмэгтэй хүний яс гэнэ. Уг түүхийн үнэт олдвор галд шатсан байх магадлалтай хэмээн албаныхан уламжлав.

Музейн гүйцэтгэх захирал “Төр засаг Үндэсний музейд хангалттай хөрөнгө оруулалт хийдэггүй байсан” гэж мэдэгджээ.

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер музейд гал гарсны дараахан твиттер хуудастаа “Бразилчуудын хувьд  гунигтай өдөр байлаа” гэж жиргэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих