Эзэнгүй сумдыг “дампууруулъя”

Bulgan sumОдоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийг сурвалжлахаар Төв аймгийн Сэргэлэн суманд очиж байв. 2000 гаруй хүн амтай, сумын төвдөө 80 орчим өрхийн 500 орчим хүнтэй сумын тухай “Сэргэлэн сэргэх үү” сурвалжлага Үндэсний тойм сэтгүүлд нийтлэгдэж, Монгол Улс засаг захиргааны нэгжээ эргэн харах шаардлагатайг сануулж байлаа. Тухайн үед буюу 2012-2013 оны хичээлийн жилд тус сумын сургуульд 48 хүүхэд суралцахаар ирснийг захирал дуулгаж байжээ. Сэргэлэн сумын хэмжээнд нийт 26 зургаан настан байгаагийн зургаан нь сумын төвийн сургуульд суралцана. Уг нь тус сургууль 350 хүүхдийн багтаамжтай.

Байдал өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. 2018-2019 оны хичээлийн жилд Сэргэлэн сумын сургуульд 67 хүүхэд суралцах гэнэ. Нэгдүгээр ангид таван хүүхэд элсэн оржээ. Нийт хүүхдийн тоо 20 орчмоор нэмэгдэж.

Таван жилийн өмнө сэргэлэнчүүд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, дайран өнгөрөх төмөр замд найдвар тавьж, СЭРГЭНЭ гэдэгт итгэж байв. Гэвч өнөөдөр Сэргэлэн сэргэсэнгүй. Ашиглалтад ороогүй онгоцны буудал, сураггүй төмөр замын үр ашгийг горьдож, 120 мянган хүнтэй том тосгон болох мөрөөдлөө тээсээр л байна.

Улаанбаатар хотод аймгийн ойр жишээ нь энэ. Алс холын 1000 км-ын зайд ч ялгаагүй. Ямар сайндаа л хүнээ тогтоохын тулд дунд сургуулийн хүүхдэд жил бүр тэтгэлэг өгч байхав. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын дунд сургууль шинээр элсэн орж байгаа зургаан настандаа жилд 500 мянган төгрөг өгдөг. Харин ахлах ангийнханд 300 мянган төгрөг өгч тогтоодог. Аймгийн төв эсвэл хажуугийн сумын сургууль руу хүүхдээ алдахгүйн тулд уул уурхайн компаниас авсан татаасаа сурагчдад тарааж, сумаа эзэнгүйдэхээс аварч байна. Хүүхдүүдэд мөнгө өгснөөр шилжилт багасч, сургуулийн хүүхдийн тоо нэмэгдсэнийг нутгийн иргэд хэлдэг. Алтны уурхайтай, тэрнээсээ ашиг хүртдэг сумынхан ийм маягаар хүнгүйдэхээс аврагдаж байна. Харин алтгүй, аймагтаа ойрхон сумд Сэргэлэн шиг л төрхтэй байгаа. Энэ нь Монгол Улс засаг захиргааны нэгжээ эргэн харах зүй ёсны шаардлага тулгарсныг харуулна. Нутаг дэвсгэрийг 330 гаруй сумдад хувааж, төсвийн мөнгийг балга балгаар тараадаг тогтолцоог өөрчлөх цаг болсныг хажуугийн Сэргэлэнгээс эхлээд хаа холын сумдын төрх бэлээхэн харуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуульд

Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалт бий.

Харин нутгийн иргэд сумаа татан буулгах, нэгтгэх санал хэзээ ч гаргахгүй. Жалга довны үзэл, бахархал, эзэмшил газар зэргээс шалтгаалахаас гадна нутгийн удирдлага ч ажилгүй болохоос эхлээд төсвийн мөнгөнөөс хумслах хүсэл сонирхлоо хойш тавихгүй. Тэгэхээр хуулинд иргэд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал санал гаргавал гэсэн заалт байгаа нөхцөлд эзэнгүй шахам сумд төсвийн мөнгийг үр ашиггүй зарсаар байна гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, сумын захиргааны хэдэн төрийн албан хаагчдаас өөр хүнгүй шахам, хэдэн малчдаараа хүн амын тоогоо тахалдаг сумдыг нэгтгэх нь зүй ёсны шаардлага. Ядаж л төсвийн мөнгө дусал дуслаар бус балга болон өөрчлөгдөж, үр ашигтай зүйлд зарцуулагдана.

Гэвч бодит байдлыг эрүүл нүдээр харж, өөрчлөх сонирхол улстөрчдөд байдаггүй. Эзэнгүй шахам сумдаас УИХ-д сонгогдох хүсэлтэй, сонгуулийн можаритор системийн гажуудал. Төрийн эрх барих сонгууль ийм системээр явагдаж байгаа цагт жил бүрийн шинэ хичээлийн жилээр энэ асуудлыг ярьж, 300 хүүхдийн багтаамжтай сургуульд 3 хүүхэд суралцах талаар ярьж, шоолоод л өнгөрнө.

300 хүүхдийн багтаамжтай ч 60 хүүхэд суралцах том байшинг халаахын тулд төсвийн 30-40 сая төгрөгийг  үнс, утаа болгон хийсгэсээр байх уу. Эсвэл эзэнгүй сумдыг ойролцоо засаг захиргааны нэгжтэй нэгтгэж, эмгэнэлтэй энэ байдлыг өөрчлөх үү. Сонголт хийхэд хэцүү биш. Гэвч улстөрчдийн сонирхол өөр учраас дахин хэдэн жил эзэнгүй сумдыг тухай яригдахыг таах боломжгүй.

Б.Учрал

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих