“Моннис” групп 900 сая төгрөг гаргаж чадахгүйгээс болж барилгын ажил нь гацсан уу

olloo_mn_1535937915_olloo_mn_1535595046_monnis“Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар тэргүүтэй удирдлагууд  хэдэн настай иргэдийг хулхидаж, элэг барьсаар бараг таван жил боллоо.

Яасан ичдэггүй нүүр, эмзэглэдэггүй сэтгэлтэй хүмүүс бэ. Олон айлыг орох оронгүй болгож, газрыг нь “дээрэмдэж” барилга барьж байранд оруулж өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл хууран мэхэлж, хулхидаж “дагздаж” ирлээ.
Аргаа барсан иргэд тэмцэж, суулт жагсаал хийж, өлсөхдөө туллаа.

Бор гэртээ богд амар амгалан зүгээр амьдарч байсан настай хөгшүүлийн газрыг дахин төлөвлөлт нэрээр авчихаад өнөөдрийг хүртэл хоёр блокон байр барьж,  хэл амгүй, хэрүүл тэмцэл хийлгэлгүй оруулчихаж чаддаггүй ямар арчаагүй том компани, гадны хөрөнгө оруулалттай групп бэ.

Тэгээд бас болоогүй ээ, Монголдоо тэргүүн баячуудын эгнээнд багтдаг гэж томордог хэрнээ өнөөдөр 900 сая төгрөг гаргаж чадахгүй. Санхүү мөнгөний асуудалтай байна, машины бартераар барилгын бүтээгдэхүүн худалдаж авахаар компаниудтай ярилцаж байна гэж хариу тайлбар хэлэхээсээ ичдэггүй юмуу. Эсвэл ингэтлээ ядуурч дампуураа юу.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт “Моннис” группийн оффисын гадаа жагсаал хийж, шаардах бичиг барьсан иргэд өнгөрсөн баасан гарагт барилга баригдаж байгаа талбайн гадаа олуулаа цуглаж, компанийн удирдлагуудтай уулзлаа.

Өнгөрсөн даваа гарагт Чулуунбаатартай нь уулзахыг шаардсан ч тэрбээр өвчтэй зовлонтой гээд уулзаагүй гэнэ.

Гэхдээ яг том удирдлагууд нь ирсэнгүй. Уг нь ирнэ гэж ам өчиг өгөөд өмнөх цуглааныг нь тараасан юм билээ.

Нөгөө л охин компани болох “Моннис урбан девелопмент” компанийн менежер Ариунтунгалаг гэх эмэгтэй, дарга нь Б.Уранбат гэж залуу, нягтлан эмэгтэй гурав нь ирэв. Тэд хэлдэг л тайлбараа хэлнэ. Барилга баригдаж дуусах гэж байгаа. Одоо дотоод засал хийхэд зарим бараа бүтээгдэхүүний мөнгө шаардлагатай байгаа тул бартераар авахаар хөөцөлдөж байна гэв.

Бухимдсан хөгшүүл “Үнэндээ бол тэд юугаа ч мэдэхгүй байна. Мэддэг дарга нараа бид нартай уулзуулсангүй. Худлаа шалтаг тайлбар хэлж хэдэн жил ингэж явуулахгүй гэсэн юм бэ. Та нарын тохитой тухтай байрыг хүлээсээр байтал олон хүн нас барлаа. Хүний үхэл хагацлаар шоудаж болдог юмуу та нар. Та нарын улсад өртэй, татварын байгууллагад компанийн мөнгөтэй дансаа хаалгасан чинь бидэнд ямар хамаатай юм бэ.

Бид нарын түрээсийн мөнгийг өгсөнгүй, хэдэн сар болох гээд байгаа юм. Эхнээсээ түрээсээ төлж чадахгүй хөөгдөх дээрээ тулаад хэцүү байна. Тэр Ерөнхий санхүүгийн дарга Нарантуяагаа бид нартай уулзуул. Яагаад уулздаггүй юм бэ, нүүрэндээ үстэй мэт дандаа худлаа хэлж зугтаадаг. Том дарга Б.Чулуунбаатар ганц удаа ч бидэнтэй уулзсангүй” гэж уурлаж цухалдахад,

Нягтлан гэх нэг эмэгтэй нь “Манай компанийн дансыг Татварын байгууллага битүүмжилсэн байгаа. Тэрийгээ нээлгэхээр Хан-Уулын татварын хэлтэс дээр явж байгаа. Өнөөдөр гэхэд та нарын түрээсийн мөнгийг данс руу чинь шилжүүлнэ. Жаахан тэвчээртэй байгаа. Компани болсон хойно татварын өр шир байлгүй яах вэ дээ. Ойлгооч” гэлээ.

Олон жил, сар, тэсч тэвчиж хүлээлээ “Одоо хүлээж чадахгүй, хүйтний улирал ирлээ. Хүйтрэхээс өмнө байрандаа ормоор байна. Тиймээс тэмцэж байна, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Энэ даваа гарагт буюу өнөөдөр Нарантуяа даргаа уулзуулахгүй бол танай төв оффисын гадаа очиж өлсгөлөн зарлаж хэвцгээнэ шүү. Настай хүмүүсийг өлсгөж, цангааж үхүүлэх эсэхээ өөрсдөө мэдээрэй” хэмээн уурласан иргэд бухимдлаа илэрхийлэв.

Байр ашиглалтад орохгүй байгаа шалтгаан юу бэ, яагаад өнөөдрийг хүртэл худлаа хэлж ирэв.

Аль өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад бүрэн орчихно гэж хэлж байв.

Тэгээд бас хойшилж наймдугаар сард гэхэд байрных түлхүүрийг гардуулна гэж амлав. Одоо тэгсэн юу бэ, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “ам таглав”. Арай ч дээ, мянгуужингийн үлгэрээр явсаар дөрвөн жил гаруй болжээ. Гэтэл дээрх байрны хажууд шинээр баригдсан барилгууд жил ч болоогүй ашиглалтад орж, айлуудаа бүгдийг нь оруулжээ. Гэвч “Моннис урбан девелопмент” компанийн барьж байгаа энэ хоёр блокон байр ахидаг ч үгүй, дуусдаг ч үгүй 150 айлыг хохироосоор байна.

Одоо баригдаж байгаа нэг барилгын явц 70 гаруй хувьтай явж байгаа гэнэ. Дотоод засал чимэглэл, шал зэргийг шахахад 900 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа бөгөөд энэ мөнгө “Моннис” группийнхэнд байхгүй, олдохгүй, санхүүгийн хүндрэл асуудалтай хэцүү байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих