“Женко”-гийн биеэр халхавчилсан Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын хүсэл…

023c4be596348c1a69975275370fbb40Авлигатай тэмцэх газраас уламжлалт мэдээллийнхээ цагаар У.Хүрэлсүхийн кабинетаас нэр бүхий гурван сайдыг цохон, хууль зөрчсөн талаар мэдээлсэн. Нэр дурьдагдсан гурван сайд дээрх мэдээлэл нь улс төрийн зорилготой хэмээн эсэргүүцээд ч амжсан.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас хийсэн мэдээлэл нь улс төрийн зорилготой бөгөөд хууль зөрчсөн гэх асуудалд тэд буруугүй гэдгээ мэдэгдэж, гэмтэй нь тогтоогдвол сайдын албан тушаалаасаа татгалзахаа зарлав.

Тэдний хэлээд байгаа улс төрийн зорилго нь юу байв. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдах хэд хэдэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Шалтгаан нь байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй. Гэхдээ гишүүд санаатай ирээгүй гэсэн хардлага бий. Үнэхээр долдугаар сараас хойш хуралдах гэж байнгын хороо үйлээ үзэх болсон. Байнгын хорооны гишүүд сар гаруйн хугацаанд хуралдаа ирээгүй гэхээр санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй.

Юутай ч байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хурлаар ээлжит бус чуулганы товыг биш АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солих асуудлыг хэлэлцэх тухай сэтгүүлчдэд мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Тэрбээр “Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс АТГ-ын даргыг солих, өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьсан. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаад энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд эрх зүйн үндэслэл байна гэвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар ярьж болох юм гэсэн шийдвэр гарсан. Тэр хүрээнд долдугаар сарын 20-ноос хойш Хууль зүйн байнгын хороо хуралдах оролдлого хийж байна” гэсэн юм.Товчхондоо, сар гаруйн хугацаа өнгөрч байхад тус байнгын хороо ганц удаа ч хуралдаж чадаагүйн гол шалтгаан нь энэ. Тиймээс байнгын хороогоо цуглуулж чадахгүй байгаа Ш.Раднаасэдийн асуудлыг ч анхааралдаа авахад болохгүй гэх газаргүй.

Сарын дараа намрын чуулган эхэлнэ. Хүссэн, хүсээгүй байнгын хороо хуралдаж, өнөөх асуудлаа хэлэлцэнэ. Тиймээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдийг намнахаар өдөж, анхааруулга өгч эхэлсэн нь энэ хэмээн хардаж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүн ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан” хэмээсэн.

Эхний ээлжинд УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэгддэг АТГ-ын дарга Х.Энхжаргалыг хөөгөөд явуулах нь Төрийн тэргүүний туйлын хүсэл сонирхол болчихоод байгаа. Тиймээс тангараг өргөж, тамгаа гардсан даруйдаа өргөдлөө өгөхийг шаардаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Үүрэгт хугацаа дууссан эсэх нь хууль зүйн хувьд хүндрэлтэй учир “60 тэрбум”-аар шахаж, УИХ-ын дарга М.Энхболдын гэх тодотголоор унагахыг хичээж байгаа. Үнэндээ М.Энхболдыг хотын дарга байхад Х.Энхжаргал Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Нутаг ус нэгтэй, эртний танил, найз нөхөд гэдгээ ч нуудаггүй. Тиймдээ ч Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн тулд нөхөрлөлийн холбоог нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасангаар шүгэлдүүлсэн ч тус болоогүй. Тиймээс ажлын үнэлгээнд нь “муу” тавьж, У.Хүрэлсүхийн фракцийг хөдөлгөөнд оруулж, дээрх асуудлыг хэлэлцэхээр болсон нь энэ.

АТГ-ын дарга Х.Энхжаргалын дараа Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг өөрчлөх шаардлага, тооцоолол Төрийн тэргүүнд бий. Хэдийгээр “60 тэрбум”-ын хэргийг прокурорын түвшинд дахин сэргээн мөрдөж эхэлсэн ч амжилт олох магадлал тун муу.
Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж томилсон. Гэхдээ мань хүнийг УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосны дагуу тохиролцож, томилсон гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд санал болгож генерал Б.Хурцын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн баталдаг. Тиймдээ ч 60 тэрбумын хэрэг хаагдсан гэж харддаг байх. Тэгэхээр женко Баттулгын биеэр бамбай хийн, тархинд шүглэн суусан Ц.Элбэгдорж, З.Энхболд нарт АТГ-ын даргыг Ерөнхий прокурортой нь зайлуулахаас өөр хийх ажил эхний ээлжинд үгүй болоод байна. Үнэндээ элдэв хоёроор дуудуулсан ч хазайлгаж дөнгөхгүй байгаа М.Энхболдыг унагаж, хүч сулруулж, өвдөг сөхрүүлье гэвэл нэр бүхий эл хоёр албан тушаалтныг авч хаях хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Төрийн тэргүүнд амласан амлалтынх нь гол утга ч үүнд бий биз.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих