Хар бус цагаан байх боломж даанч их байсан даа, гурван жилийн өмнөх долоон сарын нэгэн…
Саяхан Х.Тэмүүжин гишүүн “Долдугаар сарын нэгэн”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, сэтгэлийн гүнд байсан шархыг сэдрээв. Өдийгөөс яг гурван жилийн өмнөх энэ өдөр монголчуудын хувьд хэзээ ч мартагдашгүй хар толбо болон үлджээ. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл иргэд эл өдрийг хар мягмар гариг хэмээн ярилцдаг. Цаашид ч Монгол Улсын түхэнд хар мягмар гариг хэмээх таагүй нэршил дагалдах нь зайлшгүй. 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд иргэд их л идэвхтэй оролсон шиг санагддаг. Настайчууд үндэсний дээлээрээ гоён өглөө эртлэн гарцгаасан нь гудамж талбай ер хаа сайгүй ямар нэг баяр наадам болох гэж байгаа юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлэм байсан. Угаас дэлхийн хаана ч манайхан шиг төрийн сүлдэндээ залбирч сонгууль өгөхдөө байдаг гоёлоо өмсөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай үндэстэн үгүй гэдэгт би итгэдэг.
Харамсалтай нь төрийн эрх баригчид түмэн олныхоо итгэл басхүү саналыг ичих ч үгүй хулгайлчихсан. Төрөө шүтээн хэмээн дээдэлдэг олон Монгол хүнд энэ ёс бус луйвар таалагдаагүй. Тийм ч долдугаар сарын нэгэнд монголчууд жагссан юм. Басхүү тухайн өдөр сонгуулийн шоу болох сургаар ирэгсэд ч Сүхийн талбай дээр байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэвч ардчилсан хувьсгалыг амгалан тайван замаар авчирч чадсан хэмээн омгорхдог монголчуудын тайван жагсаал үдэш дажингийн хэмжээнд хүрч, энх цагт хотын төвд байшин шатаж, ичсэн хүн хүн ална гэдгийн үлгэрийг төр /төрийн нэрээр хийсэн ч тэр бол Монгол төрийн нударга бус, луйвраа илчлэгдэхээс айсан улстөрчдийн амиа аврах гэсэн арчаагүйтэл байсан/ үзүүлсэн.
Үнэхээр ичсэн хүн хүн алдаг юм билээ. Идэр залуухан тавын таван залууг хотынхоо төвд машинаар хөөгөөд буудаад алчихсан нь төрийн бодлого биш гэдэгт монголчууд одоо ч эргэлздэггүй. Цаашид ч эргэлзэх шалтгаан гарахгүй байх гэж найдъя. Өдгөө эргээд харахад тэр өдөр шоу үзэх гэж ч бай, шударга бусаар санал луйвардсанд нь бухимдсанаа илэрхийлэх гэж ч бай хамаагүй, ямар ч байсан талбай дээр очсон болгон буруудсан. Хэдийгээр 20 мянга орчим хүн цугласан гэдэг ч тэр өдөр талбай дээр 30-50 мянган хүн очсон байх магадлалтай. Тэгэхээр тэд бүгд буруутан болж хувирах ёстой юм шиг…
Тэнд очоод олныг өдөөн турхирсан хэмээн зэм сонсон цаазын ял уншуулахдаа тулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан ч буруутай болж таараад байгаа юм. Хэдийгээр тэнд очсон ч нэг ч чулуу шидээгүй хэдэн залуу ял сонсон хоригдсоныг, хэд нь тархиа хагалуулж эрүүл мэндээрээ хохирсныг өнөөдөр ч нягтлан тогтоогүй л байна. Чулуу шидсэн нөхрийг олж чаддаг мөртлөө хүн буудсан нөхрийг олж чаддаггүй юм уу хэмээн заримдаа Монголын хууль, хүчний байгууллагынханд дургүй хүрдэг. Гэхдээ мэдсэн ч мэдээгүй царайлах даалгавар авсандаа бантан, амаа үдүүлэн адлагдаж явааг нь хараад тангарагтаа үнэнч байсных нь төлөө талархмаар болдог.
Үнэндээ үймээний үеэр үг хэлсэн нь,чулуу шидсэн нь, чулуу шидэхийг болиулж чадаагүй нь ч буруутсан. Тэгсэн атлаа жинхэнэ эзэн нь олдоогүй буруутаагүй. Магад олохыг хүсээгүй биз. Хүсэл ч үгүй болох нь нотлогдчихсон гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарчмын байр суурь илэрхийлээд, хууль ном яриад байгаа улстөрчид, эх оронч дүр эсгэсэн хүмүүс бол ердөө л асуудлын өнгөн тал нь. Энэ бүх асуудлын цаад талд тэдний эрх мэдэл булаацалдсан, олз ашигт шунасан, улс төрийн хонжоо хайсан өчүүхэн эрх ашиг нь л бий. Тэрнийгээ ил хэлж болохгүй болохоор л тэд хууль ном ярьж, зөвшилцөл нэрийн дор наймаалцсан. Тэнд Сонгуулийн ерөнхий хороог ажлаа хийж чадаагүй гэж буруутгасан олон хүн очсон.
Гэвч очсон олон мянган хүн яахыгаа мэдэхгүй байсан. Зүгээр л юу болох бол, ямар үр дүнд хүрэх бол гэж ажиглаж байсан. Сонгуулийн дүн гараагүй байхад МАН, манай нам ялчихлаа гэж зарлаж, баярын хурлаа хийж эхэлсэн нь олон хүнийг долдугаар сарын нэгэнд талбайг зорих шалтгаан нь болсон. МАН /одоогийнхоор бол МАН/ 39 түүнээс дээш суудал авчих боломжтой байгааг судлаачид ч хэлж байсан. Гэхдээ хэтэрхий завааруулна гэж хэн ч төсөөлөөгүй. Тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр, нам ард түмнээсээ өмгөөлөл хүсч байна, ардтүмэн миньнамаа хамгаалаач хэмээн илэрхий нийгмийг хагаралдуулан, өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн тэр ямар нэг байдлаар буруутаагүй. Зүй нь намууд л эл үймээний эхлэлийг тавьсан. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг.
Олон түмнийхээ саналыг луйвардаагүй бол жинхэнээсээ тэр мягмар гаригт Сүхийн талбай дээр шоу болох байсан юм. Тэгээд амиа алдсан таван залуу өнөөдөр та бидэнтэй хамт алхаж явах байсан юм. Бас олон олон цагдаа группт оролгүй энхийн манаандаа гарч, түүнээс дутахгүй олон хүн өвчиндөө шаналан эмнэлгийн үүд бараадахгүй л байсан. Түүнчлэн ард түмэн жагсахаас жийрхдэг болохгүй, дуртай цагтаа хүссэн талбайдаа цугларан үзэл бодлоо илэрхийлж, ардчилсан нийгмийн давуу талыг жинхэнэ утгаар нь мэдрэх байлаа. Мэдээж хамтарсан Засгийн газар байгуулагдахгүй байсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдаагүй бол өнөөдөр Монголын улстөр МАНАН дунд бүрэлзэхгүй л байх байсан даа гэж бодогдоод байх юм…
З.Урсгал
ub times
URL: