Хотын дарга аа, ХҮИС-ийн захирал М.Должин нийтийн эзэмшлийн газрыг яаж өөрийн болгосон бэ?
30 гаруй жил нийтийн эзэмшилд байсан газрыг ингэж гинжилжээ.
Аль ч улс оронд хүүхдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг. Гэтэл манай улс хүүхдүүдийг хохироосоор байна. Үүний нэг жишээ нь 1000 гаруй сурагч сургууль, анги танхим руугаа орох эрхгүй болжээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын “Үй-Цай” сургуультай хаяа дэрлэн орших Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/ тус сургуулийн орц гарцыг хааж 1000 шахам хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчжээ. “Үй-Цай” сургуулийн зүгээс орц гарц хааж барьсан төмөр ногоон хашаагаа буулгаж өгөх тухай хэд хэдэн удаа хүсэлтийг дээрх их сургуулийн захирал хатагтай М.Должинд олон удаа тавьжээ. Тэд 2020 онд манай сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусах хүртэл сургуулийнхаа хоёрдугаар байрны зүүн талаар татсан төмөр ногоон хашаандаа хаалга гарган хэсэгхэн зайг чөлөөлөөд орц гарцтай болгоод өгөөч гэсэн албан бичгийг олон удаа өгсөн гэдгийг тус сургуулийн захирал Д.Баяраа ярьсан юм.
Тэрбээр “Манай сургууль оршин тогтноод 22 жил болж байна. Ингэхдээ 1-12 дугаар ангидаа 1000 гаруй хүүхдийг сурах эрхээр нь хангаж өнөөг хүрсэн. Гэтэл ХҮИС гэнэт л нэг өглөө төмөр хашаа татаж, хүүхдүүдийн маань эрхийг бүдүүлгээр зөрчиж тэднийг автобусны зогсоолгүй болгож манай сургууль руу ямар нэгэн тээврийн хэрэгсэл, явган зорчигч орох боломжгүй болгочихлоо. Ингэснээр бид гал, ус гэх мэтийн гамшиг ослын үед эмнэлэг болон онцгой байдлын ямар нэгэн тусламж авч чадахгүй, сурагчид багш нар маань сургууль руугаа орж чадахгүй болж, сургалтын хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсч байна.
“Үй-Цай” сургуулийн сурагчид өглөө болгон ийм замаар туучиж хичээлдээ ирнэ.
Энд ганцхан манай сургуулиас гадна ерөнхий боловсролын 25, “Этүгэн” их сургууль, “Хобби”, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон оюутны дөрөвдүгээр байр энэ хэсгээр зорчдог олон иргэний эрүүл, аюулгүй зорчих нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байна. Гэтэл Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаас ердөө 700-хан метр газарт 60, 70-аад оны үзэмж хийц муутай, хүний эрүүл аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төмөр хашааг өөрийн сургуулийн эзэмшил газрыг хамгаалах нэрээр барьж байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжуудыг ноцтой зөрчиж байна” гэсэн юм.
Ойр хавийн сургуулийн сурагчид болон оюутнууд М.Должин захирлын барьсан төмөр ногоон хашааг ингэж давна.
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн тавдугаар сараас эхэлж газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байсан. Тиймээс хотын удирдлагуудыг дөрөвхөн хоногийн дараа эхлэх гэж буй хичээлийн шинэ жилийг угтаж дээрх сургуульд үүсээд буй зөрчлийг нэн даруй арилгаж 1000 гаруй хүүхдийн сурах орчныг бүрдүүлж өгөхийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танаас хүсэх байна.
30 гаруй жил нийтийн эзэмшилд байсан газрыг тэд яаж өөрийн болгож авсан бэ.
Ямартай ч энд нэгэн их сургуулийн эрх ашиг гэхээс илүүтэй хэдэн зуун хүүхдийн эрх ашиг яригдаж байгаа гэдгийг ХҮИС-ийн захирал хатагтай М.Должин мэдэж байгаа болов уу. Ямар ч хөрөнгө мөнгөнөөс илүү хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй баймаар. Угтаа бол захирал эмэгтэйн гаргасан шийдвэрээс болж дунд сургуулийн сурагчид гинжилж татсан төмөр ногоон хашааг давж эрсдэлтэй замаар өдөр бүр явж байгаад осол гарчихвал яах вэ гэдгийг М.Должин хатагтай эх хүний нинжин сэтгэл гаргаж бодолцоогүй бололтой. Уг нь салбарын яамнаас сургууль, цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстой гээд журамласан ч энэхүү журам М.Должинд огт үйлчилдэггүй бололтой.
Сургуулийн удирдлагууд хөл хүрэх газар явсан ч тусыг эс олжээ
URL: