ОЮУТНУУДЫГ ХОТЫН СОЁЛД СУРГАЯ

olloo_mn_1535076112_yuutnХичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн өдөр үлдлээ. Эдгээр өдрүүдэд хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж хаа сайгүй залуус бужигналдаж байна. Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот амь орж байна.

Гэвч хөдөө орон нутгаас нийслэлийг зорих оюутан залуусын цуваа үргэлжилж буй эдгээр өдрүүдэд хотын гудамж талбай хогоор дүүрч байна. Тэр дундаа самрын ясаар дүүрч байгаа нь даанч харамсалтай.

Уг нь сүүлийн жилүүдэд ТҮК-ийн ажилчид өглөө эртлэн ажилдаа гарч нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг болсон. Гэвч тэдний энэхүү ажлыг ирээдүйн сэхээтнүүд маань бодолцох ухаангүй явна. Хотын бүх автобусны буудлууд дээр хэд хэдээрээ эгнэн суух самрын наймаачдын орлого оюутнууд ирснээр ид ихэссэн гэж байгаа.

Гэвч залуус идсэн самрынхаа ясыг уутанд хийгээд, хогийн саванд хийх ухаангүй байгаа нь оюуны доройтол гэхээс өөр юу гэх вэ. Ер нь ажаад байхад оюутнууд ирснээр хотын төвийн буудлууд дээр жимсний хальс, ундаа, усны сав эрс ихэсжээ. Ойрын өдрүүдэд ийм л дүр зураг нийслэлд хаа сайгүй үзэгдэж байна.

Энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цөөн оюутан нийслэл хотод түр оршин суухаар хөдөөнөөс ирсэн гэж байгаа ч  гаргадаг хогны хэмжээ ижил байна. Мөн оюутнууд хөдөө хээр талд байгаа мэт аашилж гарцгүй газраар зам хөндлөн гарч, хаа таарсан газраа хогоо чулуудаж буй нь иргэд, жолооч нар болоод ТҮК-ийнхнийг бухимдуулж буй юм.

Уг нь  оюутнууд маань сэхээтэн болох гэж их хотод хөл тавьж байгаа учраас эхнээсээ л биеэ зөв авч явж сурах нь бас нэг төрлийн соёл баймаар. Нүүрээ будаж, ганган дэгжин хувцас өмсөөд уусан ундааныхаа лаазыг хотын гудамжинд хаяад байвал ямар нэмэр байх вэ дээ. Магадгүй зарим хүмүүс оюутнууд хаяагүй угаасаа л хот хогоор дүүрсэн гэж хэлж болох ч сүүлийн жилүүдэд иргэдийн ухамсар нэмэгдэж тэр бүр хогоо хаа таарсан газраа хаяж явахаа больсон нь анзаарагдаж байгаа. Үүнийг ТҮК-ийн ажилчид ч хэлдэг.

Зуны гурван сар Сүхбаатарын талбай, Багшийн дээд хавьцаа автобусны буудлууд цэвэр цэмцгэр болоод л байсан. Гэвч наймдугаар сарын дунд үеэс хотын хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн тэнд самрын яс, ундааны сав чихрийн цаас гэх мэт хог хөглөрөх болсон нь гарцаагүй үнэн. Тиймээс энэ бүхэн мэдээж оюутнуудтай хамааралтай.

Б.Од
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих