Х.Болорчулуун Зам Тээврийн Хөгжлийн сайдад горилж эхэлжээ
Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн юм. Уг үйл явдалтай холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд буй. Уг хүсэлтийг нь УИХ эцэслэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайдаар хэнийг томилох вэ? гэдэг асуудал эрх баригч МАН-ынханд тавигдаад байна.
УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж буй бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн өөрийгөө Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж, сайдын суудал горилж эхэлжээ. Тэрээр өөрийгөө дэмжүүлэхээр УИХ-ын гишүүд болон төрийн өндөрлөгүүдтэй уулзаж эхлээд буй аж.
Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. 1972-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982-1987 онд Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд суралцан төгссөн. Агрономич мэргэжилтэй.
Тэрбээр 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд “Хишиг Агро” компанийн захирал, 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Мөн 2000-2012 онуудад Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшин сонгогдож байв. 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар мөн бие даан нэр дэвшиж Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм. Улмаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын хамт Бие даасан нам, Нэгдмэл Монгол намыг байгуулахаар ажилласан ч бүтэлгүйтсэн тул УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон билээ. Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракци буюу УИХ дахь МАН-ын 33-ын бүлгийн гишүүнд тооцогддог.
П.Мандах
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/94246
URL: