АТГ улстөрөөс хараат байгууллага болчихлоо

…Ажиглаад байх нь ээ, АТГ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, өөр бас бус хүмүүс хөндлөнгөөс орлцоод, хараат бус байдалд нь халдаад байгаа юм биш үү…

АТГ улстөржиж байна. Тэгэхдээ хэтэрхий улстөржиж байгаа нь нийгэмд хэдийнэ ил болчихлоо.Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 28.1-т «Авлигатай тэмцэх газрын байранд улстөрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно» гэж заасан байдаг. Мэдээж АТГ-ын байранд шууд утгаараа улстөрийн үйл ажиллагаа явуулахгүй л дээ. Гэхдээ улстөрийн томилгоогоор ирсэн удирдлагууд нь илтэд улстөржиж, энэ байгууллагад улстөр, тэр тусмаа фракци, бүлэглэл хүртэл бий болгоод байна.

Улстөржих аливаа үйл явцыг бид шинэ удирдлага томилогдсон даруйдаа халаа, сэлгээг хэр эрчимтэй хийхээс эхэлж хардаг.

Тухайлбал АТГын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа аваад хоёр, гуравхан хоноод л ажлаас чөлөөлөх тухай 51 дүгээр тогтоолыг үйлджээ.

Тэд тогтоолын дагуу 2011 оны 12 дугаар сарын хоёрны өдөр долоон ажилтныг ажлаас чөлөөлсөн юм.

1.Ц.Эрдэнэцэцэг    /Хэвлэл мэдээллийн ажилтан/

2.Д.Батбаяр /Ч.Сангарагчаагийн шадар хамгаалагч/

3.Г.Зоригттөгөлдөр /Д.Сундуйсүрэнгийн жолооч/

4.Г.Өлзийсайхан /оператор/

5.Ч.Хүдэрчулуун /1919 гомдол мэдээллийн оператор/

6.Ч.Наранцэцэг /Тоо бүртгэлийн ажилтан/

7.Б.Туяа /Архив, бичиг хэргийн ажилтан/

Үүний дараа 12 дугаар сарын таванд найман мөрдөн байцаагчийг түвшин тогтоох шалгалт аваад тэндээгүй нэрийн дор ажлаас чөлөөлсөн аж.

Тухайлбал:

1.Н.Батзогсох /Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга/

2 .Ж.Халиун/Мөрдөн байцаагч/

3.Д.Золжаргал    /Мөрдөн байцаагч/

4.П.Шижир /Мөрдөн байцаагч/

Энэ мэтчилэн АТГ-ын 20-иод ажилтанг ажлаас чөлөөлсний дээр Н.Ганболд, Б.Хурц нартай хамтран ажиллах сонирхолгүй хэсэг хүмүүс өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөөд байна.

Уг нь төрийн алба, тэр тусмаа хууль, хяналтын байгууллагынхан улстөржих зохимжгүйгээс гадна улстөржих эрх нь ч тэдэнд хаалттай. Харин АТГ-ын шинэ удирдлагуудын хийсэн халаа, сэлгээ нь улстөр, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж огтхон ч чадахгүй нь.

Бодоод үз л дээ, аливаа байгууллагын хэвлэл мздээллийн ажилтан дарга, бодол, байр суурийн хувьд нягт холбоотой байх ёстой. Дарга нь ямаа гэж байхад хзвлэлийн ажилтан нь тэмээ гээд тэс өөр зүйл яриад байж болохгүй. Тийм ч болохоор хэвлэлийн ажилтанг тухайн байгууллагын удирдлагын дуу хоолой, байр суурь гэж үзэж болох талтай. Иймээс нэн түрүүнд Ч.Сангарагчаа, Д. Сундуйсүрэн нарын үед хэвлэлийг нь хариуцан ажиллаж байсан Ц.Эрдэнэцэцэгийг ажлаас чөлөөлсөн байна.

Д.Батбаяр, Г.Зоригт төгөлдөр нарын хувьд бүх зүйл тодорхой. Яагаад гэвэл нэг нь Ч.Сангарагчаагийн шадар хамгаалагч, нөгөө нь Д.Сундуйсүрэнгийн жолооч болохоор анхнаасаа л Д.Батбаяр, Г.Зоригттөгөлдөр нар ажлаа өгөх өдрийг хүлээж суусан биз.

Мөн тоо бүртгэлийн ажилтан Ч.Наранцэцэг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын үүдэнд суудаг төдийгүй Э.Амарбат түүнд дургүйн улмаас ажлаас чөлөөлөх шалтаг болсон гэх юм билээ.

Архив, бичиг хэргийн ажилтан Б.Туяагийн хувьд АТГтай холбоотой бүх нууцыг мэддэг болохоор ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон гэж өдгөө шивэр авир хийлдэж байна.

Энэ сарын таванд ажлаас чөлөөлөгдсөн Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга Н.Батзогсох, мөрдөн байцаагч Ж.Халиун, Д.Золжаргал, П.Шижир нарын найман мөрдөн байцаагчийг ч фракци бүрдүүлэх зорилгоор ажлаас чөлөөлсөн гэнэ билээ.Н.Батзогсох өмнө нь Б.Хурцыг шалгаж байсан болохоор шинэхэн дэд дарга нэн түрүүнд зайлуулах арга хэмжээг авсан нь ойлгомжтой.

Бусад мөрдөн байцаагчийн хувьд Э.Амарбатын үзэмжээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж сонсогдсон. Тодруулбал Э.Амарбат урьд нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дэд даргын албыг хашиж байхдаа дагуулж ирсэн хүмүүсээ үлдээгээд шүүх, цагдаагаас томилогдсон өөрт таалагддаггүй гэх хүмүүсийг нэр цохон чөлөөлүүлэх ажиллагаа явуулсан гэх шум бий.

Ер нь фракци, бүлэглэл гэдэг үгийг улстөрийн хүрээнийхэн л ихэвчлэн хэрэглэдэг биз дээ. Гэтэл ажил хийдгийг нь биш, Э.Амарбат, Б.Хурцын хүн гэх үзэмжээр АТГ багаа бүрдүүлж байгаа нь туйлын харамсалтай. Ийнхүү АТГ улстөрөөс хараат байгууллага болчихлоо.

Монгол Улсын Авлигын эсрэг хуульд «Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно» гэж заасан байдаг.

Харин ажиглаад байх нь ээ, АТГ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, өөр бас бус хүмүүс хөндлөнгөөс оролцоод, хараат бус байдалд нь халдаад байгаа юм биш үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал оруулснаар УИХ удирдлагуудыг нь баталсан гэдэг утгаараа Н.Ганболд, Б.Хурц нарыг Ц.Элбэгдоржийн хүмүүс гэж нийгэм хардаг. Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийн гар хөл болсон АТГ-ын дарга, удирдлагууд энэ байгууллагыг хэт улстөржүүлж, хэлмэгдүүлж байна.

Түүнээс гадна ажлаас халсан ажилтнууддаа Н.Ганболд дарга анхаарал, халамж тавьж байгаа гэсэн утгатай ярилцлагыг «Үндэсний шуудан» сонинд өгсөн байсан. Үнэндээ анхаарал тавих нь битгий хэл хуулийнхаа дагуу 45 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой үүргээ ч гүйцэтгэлгүй АТГ-ын ажилтнуудыг хоморголон зайлуулж эхэлсэн шүү дээ. Зургаан сарын цалинг нь өгөх төдийхнөөр эдгээр хүмүүсийн итгэл үнэмшилээр тоглосон гэж болно.

Эцэст нь энэ бүгдийг дүгнэвэл АТГ хүртэл улстөрждөг байгууллага болчихлоо. Н.Энхбаярын томилгооны хүмүүс болох Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын замыг Ц.Элбэгдорж нь зааж өгсөн бол дараагийн Ерөнхийлөгч, УИХ, нам эвсэл ямар зан гаргахыг тааж мэдэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч улстөрөөс ангид байна, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дуу хоолой байна гэсэн үндсэн зарчим, тангараг ч алдагдаад байх шиг. Хамгийн хардмсалтай нь энэ олон даргын хөлд хөөрхий албан хаагчид л үрэгдэж дууслаа.

С.Бэлэгмаа

Эх сурвалж : “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих