АН-аас Э.Бат-Үүл зугтаж, МАН-аас Ц.Батбаяр тэмүүлж байна

c34c4dacb9ffec561648c806a276cedeУИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд өрсөлдөгч 13 нам Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардан аваад буй. Эдгээр улс төрийн намууд ирэх есдүгээр сарын 4-ний дотор багтаан нэр дэвшигчээ тодруулах үүрэг хүлээж байгаа учраас ирэх сарын эхээр хүссэн хүсээгүй нэр дэвшигчдийн зүс царай олонд ил болох нь тодорхой. Улстөржих нь хэрээс хэтэрсэн өнөө цагт айлын эмээгээс эхлээд алдар хүндийн оргил хүртэл нөхөн сонгуулийн тухай юу дуртайгаа бурж байгаа учраас олон таамгыг ахин дахин дурдаад яахав.

Харин ойрын эх сурвалжийн өгүүлж буй мэдээллээс дурдах нь юу юунаас чухал гэж бодлоо. Улс төрийн ууган хүчин МАН-аас олон хүний нэр яригдаж, нэр дэвших, ялах магадлал бүхий хүмүүс яагаад ч юм нөхөн сонгуулийг төдийлөн сонирхохгүй байгаа нь илт харагдана. Ялах өндөр магадлалтай аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хувьд “Бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй аймгийн Засаг дарга нөхөн сонгуульд өрсөлдөх утгагүй, надад орон нутагт хийж амжуулах ажил их байна” хэмээн мэдэгдсэн нь ус нутагтаа хайртайнх биш байх, магадгүй хулчийсэн хэрэг хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Тэгэхээр улс төрийн ууган хүчин МАН-аас нөхөн сонгуулийн мандатыг ухасхийгээд авчих зоригтой аавын хүү одоогоор алга байна.

Харин сүүлийн үеийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол улс төрийн ууган хүчнээс нөхөн сонгуульд хүч үзэх зоригтон тодорчихоод ёстой л уяан дээрээ эргэцэн байгааг хэллээ. Тэр бол Хотын дарга ч явсан, УИХ-ын гишүүн ч явсан Ц.Батбаяр аж. Түүнд намын удирдлагуудын зүгээс төдийлөн итгэл үзүүлэхгүй байгаа ч “нөхөн сонгуулийн баатар”-аар тодорч явааг эх сурвалж хэллээ. Ёстой л битүү байгаа тойрогт хэн ч баатраар тодорч болох л доо. Гэхдээ ирэх есдүгээр сарын 4-ний наана юу ч болж, хэн ч тодорч болно. Энэ бол зөвхөн өнөөдрийн мэдээлэл.

Тэгвэл АН-аас ч мөн ижил нөхөн сонгуульд “би явна” гээд гараа өргөөд гүйгээд байгаа зоригтон бүү хэл гэнэн сонирхогч ч байхгүй бололтой. Намын дарга С.Эрдэнэ нарын хувьд ямар ч үнээр хамаагүй нөхөн сонгуульд ялалт байгуулж айсуй 2020 оныхоо сонгуулийн гарааг эрчтэй эхлүүлэх зорилго өвөрлөж байгаа аж. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар 42 дугаар тойрогт өрсөлдөөд өвдөглөчихсөн аймгийн Засаг дарга асан Ц.Оюунбаатарт нам нь тал засч байгаа ч түүнд туйлын сонирхол алга. Нөгөө талаар нам нь түүнд 100 хувь итгэл үзүүлж байгаа хэрэг огт биш. Нөгөө талаас унаж хандаггүй “дурны хонгио” М.Хүдэрбаатар гэгч нөхөрт ихээхэн сонирхол байгаа ч намынх нь удирдлагууд унаад дадчихсан түүнд ямар ч итгэл үзүүлэхгүй байгаа юм.

Харин Улсын баатар Э.Бат-Үүлд АН-ын удирдлагууд өдөр шөнөгүй урилга илгээн ханд хаяж байгаа ч ардчиллын түүхэнд төрсөн цор ганцхан баатар маань сүүлээ хавчин зугтаж байгааг эх сурвалж хэллээ. АН-ын дарга С.Эрдэнэ нарын мунхаглан бодсноор бол Үүл баатар нь хэдийгээр “40 мянгат”-д төрсөн ч монголын нэрт зохиолч С.Эрдэнийн хүү. С.Эрдэнэ зохиолч нь Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, буриад хүн учраас ялалтын туг хатгах магадлал өндөр гэж үзсэн бололтой.

Яахав, Хэнтий аймаг нь буриад зоны өлгий нутаг учраас хэн ч гэсэн ийн бодох байх, гэвч АН сонгуулийн түүхэндээ Хэнтий аймагт цэнхэр туг хатгаж байсан нь бараг үгүй. Өдгөө “Э.Бат-Үүл нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл бол худлаа зүйл. Гэхдээ нэр дэвшигч тодрох хүртэл АН-ын удирдлагууд Улсынхаа баатрыг нааш эргүүлж чадвал магадлал бий. Бараг ч түүний нүүрийг Хэнтий рүү эргүүлж чадахгүй байх. Үүний цаана ихээхэн учир шалтгаан байгаа болоод тэр биз ээ.

АН түүхэндээ буюу 2012 оны сонгуулиар АН-аас Б.Гарамгайбаатарыг сонготол тэрбээр Жаргалтхаан сумын нутаг Дуутын даваанаас Мөрөн хүртэлх хатуу хучилт бүхий 50 километр замыг там болгож, “Чингис” бондын мөнгөөр гараа угаасан хэргээр шалгуулж, улстөрийнхөө карьерыг нэгэнт арчуулсан. Ингэхээр АН-аас энэ тойрогт цэнхэр туг хатгахад тун бэрх.

Ямартай ч ирэх есдүгээр сарын 4-ний өмнө өрсөлдөгчдийн нэрс тодрох учиртай. МАХН тэргүүтэй жижиг намуудын өрсөлдөгчдийн нэрс бол бараг л тодорхой болчихсон харагдана.

https://news.caak.mn/view/8277190/


URL:

Сэтгэгдэл бичих