Орос бол Ливи биш, Путин бол Каддафи биш

дэглэмийг АНУ-ын хүслээр түлхэн унагаах явдал  яагаад хэрэгжих тавилангүй вэ? /Хятадын “Жэньминь жибао” сонинд Хятадын орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зян Ли-гийн бичсэн тайлбар өгүүлэл/

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн дүн нийтлэгдсэний дараагаар Оросын сөрөг намууд Д.Медведев, В.Путины дэглэмийг түлхэн унагаахыг оролдон өрнөдийнхний дэмжлэгтэйгээр Путиныг эсэргүүцсэн жагсаал хийж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Оросын сонгууль шударга болоогүй гэж шууд мэдэгдээд сонгуулийн үеэр гарсан “луйврыг”  нягтлан шалгахыг Москвагаас шаардсан билээ. Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд сөрөг хүчний үйл ажиллагааны тухай албан ёсны мэдээ тараахдаа, энэ бол “Путины төгсгөлийн эхлэл юм” хэмээн мэдэгдэж гал дээр тос нэмж байна.

Гэвч Орос бол Ливи биш, Путин бол Каддафи биш, тиймээс ОХУ-д “хувьсгал” хийх гэсэн өрнөдийн найдвар, оролдлого бодит биеллээ олоход туйлын бэрхшээлтэй.
Юуны өмнө Орост нөхцөл байдал өрнөдийнхний хүсч байгаачлан өрнөхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Улс төрийн тогтолцоо бол Оросын дотоод хэрэг”, түүнд гадаадын хүчин хөндлөнгөөс оролцох явдлыг гаргуулж болохгүй” гэж онцлон тэмдэглэхийн сацуу парламентын сонгуулийн дүн “зөв” бөгөөд “Оросын хууль тогтоомжид бүрэн нийцэж байна” гэж мэдэгдсэн билээ. Арванхоёрдугаар сарын 8-нд Оросын ерөнхий сайд Владимир Путин телевизээр үг хэлэхдээ Хиллари Клинтоны шүүмжлэлд хатуухан хариу өгсөн ба парламентын сонгуулийн дүнд эргэлзэх нь “өдөөн хатгалга” гэж мэдэгджээ. Оросын  Төрийн  Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев Оросын улс төрийн хэд хэдэн хүчнийг шууд дэмжих хэрэггүй, хэрэв дэмжсээр байвал Орос улс илүү хатуу хариу барих бөгөөд энэ нь “сүүлийн жилүүдийн Орос-Америкийн харилцаан дахь хамгийн хар бараан хуудас болж болох юм” гэж АНУ-д анхааруулжээ. Ингэхлээр өрнөдийн зүгээс Оросын дотоод хэрэгт оролцох явдлыг зүгээр өнгөрүүлэхгүй, Москва зохих хариу өгч, тэр ч байтугай Вашингтонтай харилцаагаа муутгахад бэлэн байгаа нь илэрхий байна.
Хоёрдугаарт, В.Путин Орост хамгийн нэр хүндтэй улс төрч хэвээр байгаа. Орост Путины эсрэг жагсаалын цар хүчийг нэмэгдүүлэх гэсэн Өрнөдийн хүсэл биелэхэд хэцүү санагдаж байна. Чухамхүү В.Путин улс орныг эмх замбараагүй байдал, салан тусгаарлах ажиллагаа, сул дорой байдлаас гаргаж, эв нэгдэлтэй, тогтвортой, хүчирхэг гүрэн болох замд оруулсныг Оросын ард түмэн санаж байгаа. Оросын иргэдийн олонх нь В.Путинд талархаж байдаг бөгөөд тэд түүнийг дахин төрийн тэргүүн болно хэмээн найдаж, В.Путин Оросыг илүү баян, хүчирхэг болгоно гэж хүсэн хүлээж байна.
Өнгөрсөн сонгуулийн явцад тогтоосон журмыг зөрчсөн тохиолдол гарсан байна л даа, тэр ч байтугай Д.Медведев зохих байгууллагуудад хандаж энэ талаар нарийн шалгалт хийхийг шаарджээ. Гэхдээ үнэн хэрэгтээ бол зарим тоймчийн тэмдэглэснээр, сонгууль бүхэлдээ шударга болж, Оросын улс төрийн тогтолцоог улам бэхжүүлсэн байна. Энэ нь ОХУ-ын улс төрийн байгууллын хүрээнд болсон сонгууль ил тод, чөлөөтэй байсныг гэрчилж байгаа юм. Ардчиллын замд Оросын хийж байгаа энэхүү дэвшлийг олж харахыг өрнөдийнхөн хүсэхгүй байгаа бөгөөд баттай нотолгоогүйгээр сонгууль “шударга бус боллоо”, сонгуулийн явцад “албан тушаалаа хэтрүүлэн ашиглалаа” хэмээн буруушааж байгаа нь харамсалтай хэрэг.
Гуравдугаарт, Өрнөдийн дэмжиж байгаа Оросын улс төрийн либерал намууд тус улсад гол үүрэг гүйцэтгэж чадахгүй. Өрнөдийн орнуудын дэмжлэг хүлээдэг либерал намууд сонгуульд ээлжит ялагдал хүлээсэн нь тэдгээр нам Оросын иргэдийн дотор огт нэр хүндгүй гэдгийг гэрчиллээ. Үүний шалтгаан нь улс орныг хөнөөхөд чиглэсэн “элгээр нь хэвтүүлэх”,” муужруулах” аргыг Оросын ард түмэн хараахан мартаагүй байгаад оршино, түүнчлэн бодит байдалд үл нийцэх улс төрийн чиг шугам нь олигтой дэмжлэг хүлээсэнгүй. Энэ бүхнээс харахад Оросын либерал намуудын дэмжлэгтэйгээр Оросын нөхцөл байдалд нөлөөлөх гэсэн Өрнөдийн оролдлого амжилт олох нь юу л бол.
Дөрөвдүгээрт, Орост болсон сонгуулийн талаар Өрнөд “хоёрдмол хандлага” баримталж байгаа нь шүүмжлэлд өртөж байна. Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд АНУ-д өрнөж байгаа “Уолл-Стритийг эзэл” хөдөлгөөний тухай хүлээцтэй аядуу мэдээ тарааж байгаа мөртлөө Оросын сонгуулийн тухай өдөөн хатгасан шинжтэй мэдээ нийтэлж байна. Үнэндээ бол энэ кампанит ажил АНУ-д гурван сар үргэлжилж олон арван хотыг хамран, жагсагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын улс төрийн уриа тодорхой, тэд АНУ-ын улс төр, эдийн засгийн шудрага бус, оновчгүй тогтолцоог өөрчлөхийг шаардаж байна. Гэтэл үнэн чанартаа улс орныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн ажиллагааны тухай мэдээ тун аядуухан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг бол жагсагчдын тухай мэдээлэхгүй, нэг бол тодорхой зүйл дэлгэн тавихгүй байна. Энд АНУ-д “мэдээллийн эрх чөлөө” харагдахгүй байна.
Харин Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бусад оронд болж байгаа олныг хамарсан үйл явдалд хэтэрхий их анхаарч, бас гал дээр тос нэмэн дэвэргэдэг билээ. Зарим мэдээнд бусад улсын цуглаан жагсаал хийгчдийг улс төрийн хэлмэгдэгсэд мэтээр, эрх баригчид, цагдаагийн үйл ажиллагааг болохоор ардчилал, эрх чөлөөний эсрэг чиглэсэн харгислал, аллага гэж дүгнэдэг билээ. Өнөөдөр Америкийн улс төрчид болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Орост “Арабын хаврыг” өдөөн турхирахыг хүсч байна. АНУ-ын хувьд зорилго нь нэгэнт тодорхой, гэхдээ хуурамч “хоёрдмол хандлага” аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн. Оросын иргэд тогтвортой байдал болон эмх замбараагүй байдал хоёрын дундаас сонголтоо хийж чадах хүмүүс.
Д.Жаргал /МОНЦАМЭ/



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих