Булган аймгийн Бугат сумын 160 сурагч 09 дүгээр сарын 01-нд хаачих вэ
Булган аймгийн Бугат сумын сургуулийн сурагчид хичээлийн шинэ жилээр хаачихаа мэдэхгүй байна. Учир нь тус сургуулийн хуучин байрны суурь, хана нь цуурч эвдэрсний улмаас хичээллэх аргагүй болж, арайхийн өнгөрсөн нэг жилийг барсан юм.
Уг нь тус сургуулийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн тогтоолыг аль 2014 онд мэргэжлийн хяналт болон онцгой байдлаас гаргасан аж. Харин өнгөрсөн жилээс л аймгийн ИТХ сургуулийн барилгыг актлах шийдвэр гаргажээ.
Тус сургуулийн барилга 1991 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 160 хүүхэд, 31 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын хэмжээнд сургуулийн насны 312 хүүхэд байдаг ч сумынхаа сургуульд ердөө л 50 хувь нь суралцдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодож, өөр сум, сургуульд явуулдаг. Хэрэв сургууль эрсдэлгүй орчинтой болбол хүүхдээ өгнө гэсэн хандлага болоод сумынхаа сургуулийг шинэчлэгдэхийг хүлээсэн иргэд маш их байгаа аж.
Энэ жилийн улсын төсөвт тус суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгыг 2,1 тэрбум төгрөгөөр барихаар тусгаж, энэ жил 980,0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн ч сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад гомдол гарсан тухай Орон нутгийн өмчийн газар мэдээлсэн юм.
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл Бугат сумынхан сургууль ч үгүй, 160 орчим сурагчаа яах нь тодорхойгүй болоод байна. Сурагчдыг ойролцоох Булган сум, Орхон аймаг руу тарааж болох ч хүүхдүүд эцэг эхээсээ холдож, иргэдэд томоохон чирэгдэл учруулах хэмжээнд ирээд байна.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11948
URL: