Үер …
Би хүүгээ хайгаад олсонгүй…хүүгийн минь угжин дахь сүү ээдээд хөгц даачихаж.Яах гэж хар ус гудрав даа гэж өгөр толгойгоо мянга зүхэв ч одоо энэ хар ус л надад хань болж байна.
Хүү минь огт уйлдаггүйсэн,ээжээсээ хойш аавыгаа зовоохгүй гэсэн шиг чимээгүйхэн ширтдэг байсан үр минь алга.
Гашуун хар ус,галав үерийн ус…
Нохой гаслам халсан тэр өдрүүдэд би хүйтэн пиав залгилах юмсан л гэж шүлэнгэтэж байснаа бодоход гутмаар…
Гэрийнхээ хаяаг шуучихаад хүүгээ тэргэн дээр нь унтуулж сүүдэр дагуулж орхиод хавийн халамцуу амьтад гэртээ цуглуулаад ууж суухдаа хаа нэг хананы нүдээр харахад тэрэгнийх нь дугуй үзэгдэж л байвал хүү унтаж байна гэж бодоод өөр сөхөөгүй.
Ай халаг…хүүгээ тэврээд унтах минь яав даа…
Үйлтэй тэр өдөр Ганаагын тэвэрч орж ирсэн Рекорд312-ыг сэлбэгэнд дамлачихаад Шим архи авч хэдэн шил шар чавганц хүзүүдэх замаараа Алаг үнээтийн оройн саальнаас шанага сүү авч хөөрүүлэхчээн болж угжинд нь хөргөхөөр хийх хүртлээ овоо сэхээтэй явсанаа удалгүй тас үсэрч…намайг үерийн усанд хөвж явахыг харсан өртөөны жижүүр зууралдан байж гаргасан ч хүүг минь олоогүй юм.
Би хүүгээ нэхэн орилохоос өөрөөр хайх тэнхэлчгүй хэвтнэ.Хэн нэгэн аварсан байгаасай гэх үгс маанийн мөрт шиг толгой дотор хөвөрнө.
Хүүгээс минь сураг огт дуулдалгүй үерийн ус татарч дахиад л бүгчим халуун нөмөрч газарт лаг шавар хатаж үе үе өнгөрөх машины салхинд үйрсэн хуурай улаан шавар бужигнана.
Хэдэн өдрийн дараа өртөөний урд сагс тоглож байсан хүүхдүүд бөмбөгөө өртөөний байр давтал шидэлснээ нэгнээ хөөж явуултал өнөөх нь сандран гүйж ирээд манайхаан тэр амбаар дээр нэг юм байнаа гэсээр хамтдаа буцаж очсон нь…миний хүү…
Миний хүү яасан их зовсон бол…алтан шумуул залгиж ухаанаа алдтал согтсон би шүд ээ хавиран унтаж байхад аадар цутгаж үер бууж байхыг анзаарах даан ч сөхөө байсангүй.Нөгөөдүүл ч намайг унаад өгөхөөр яваад өгсөнд нь гомдмоор.
Хүү минь уйлсан болов уу…Тэр үерийн ус хүүг минь ээжрүү нь аваад явчихсан юм.
Би живэхээ хүлээн сархадын амтанд сэтгэлээ хүүрштэл ууж сууна…
Ронин
URL: