Ц.Сандуйд хариуцлага тооцож чадах байгууллага Монголд л лав алга

81a9124d77282623d3291b74ecf27e59УИХ-ын дарга М.Энхболд болон МАН-ыг олон нийтийн дунд нэр хүнд нь унаж, иргэдийн дургүйцлийг хүргэхэд нөлөөлж буй хэд хэдэн шалтгааны нэг болж буй “60 тэрбумын бичлэг” гэгчийн гол эзэн нь Цэндсүрэнгийн Сандуй гэх нөхөр билээ.

2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан тэрээр  “Аз жаргалтай Улаанбаатар” гэх мэт өндөр төсөвтэй нүсэр атлаа ач холбогдол багатай арга хэмжээ зохиосныг эс тооцвол олигтой хийсэн зүйлгүй байв. Иймээс иргэд бүү хэл намынхан нь ч төдийлэн дэмжихгүй байлаа.

Энэ үед түүнийг МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татсан аж.

Ингээд түүний хөнгөн хийсвэр, ойворгон, алсын хараагүй үйлдлээс болж 2014.09.08-нд “Шинэ Монгол хаад” групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй “60 тэрбумын схем” танилцуулж буй бичлэгийн уг шалтгаан билээ. Уг төлөвлөгөөнд Монгол улсын стратегийн ордуудыг гадаадын намд амлах замаар хууль бус мөнгө олох, сонгуулийг будлиантуулах, төрийн албан тушаалыг үнэлж зарах замаар мөнгө олох гэх мэт жигшмээр олон зүйлс багтсан байв.М.Энхболдын алдаа нь Ц.Сандуй, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын танилцуулсан зүйлийг сонссон л төдий.

 Г.Доржзодов өөртөө хадгалж байсан уг уулзалтын бичлэгийг дэлгэн, улс төр хийх болсон шалтгаан ч мөн л мөнөөх Ц.Сандуйтай холбоотой. Гомдсон найз хамгийн аюултай дайсан болдог гэлцдэг.

 Г.Доржзодовын ингэтлээ өс санах болсны шалтгаан ч Ц.Сандуй, А.Ганбаатар нар түүнийг хувийн компанидаа гүйцэтгэх захирлаар ажилд авах амлалтаасаа буцаж ажлын хөлсөнд нь  50’000 (тавин мянга) төгрөг өгч, доромжилсонтой холбоотой гэгддэг.

Ийнхүү төрийн албан тушаалыг арилжиж мөнгө олох “60 тэрбумын схем” боловсруулж, намын даргадаа танилцуулсан үйлдлийнхээ төлөө Ц.Сандуй ямар ч хууль зүйн болоод ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байгаа бөгөөд албан ёсоор уучлалт ч гуйгаагүй билээ.

Түүнийг АТГ болон бусад холбогдох хуулийн байгууллагууд 2016 оны намраас эхлэн шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцож чадахгүй л байна.

МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь намын дүрэм зөрчиж ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэсэн ч улс төрийн дэмжлэгийг тодорхой хугацаанд үзүүлэхгүй байх гэсэн хачирхалтай шийтгэл оногдуулжээ. Ямар ч хугацаа заагаагүй уг шийтгэл ёсоор бол Ц.Сандуй 2020 онд УИХ-д МАН-аас нэр дэвшээд явж ч мэдэх нь.

Ц.Сандуй ч өөрт нь хариуцлага тооцож чадах хувь хүн, хууль шүүх, албан байгууллага Монголд байхгүйг мэдэж буй мэт мөнөөх л аархуу зангаа гээлгүй өөртөө тун итгэлтэй явааг намынхан нь өгүүлж байна.

Үүнийг ч төрийн албыг зарах схем боловсруулж байсан Ц.Сандуй Монгол төрийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх нь бүү хэл “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадамд оролцох баг Монгол Улсын багийн ахлагчаар ажиллаж буй явдал нотолж буй.

Тэр бүү хэл Цэндсүрэнгийн Сандуй Нийслэлийн МАН-ын удирдлагаас ч холдохыг хүсэхгүй байгаа бололтой. Тун удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар даргаа сонгох ёстой.

Тэгвэл Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар нэг фракцийн дотны нөхөр гэх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг томилуулж, өөрийнхөө залгамжлагч болгохын тулд маш их хүчин чармайлт гарган, ажиллаж буй аж.

Ийнхүү хэдийгээр хэрэгжээгүй байж болох ч төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр зарах тухай ямар ч эрээ цээргүйгээр ярьж, схем боловсруулж явсан Ц.Сандуйд үйлчлэх хууль, түүнд хариуцлага тооцож чадах байгууллага Монголд л лав алга бололтой.

П.Мандах

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих