Төрдөө гологдсон монгол хүний үнэ цэнэ
МАНАЙД ЦАЛИНГИЙН БОДЛОГО ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТТЭЙ УЯЛДАХГҮЙ БАЙНА
Ийм эх орны хишиг, тийм ч мөнгөн тэтгэмж гэсээр хэдэн жилийг үдсэн Монголын төр цалинг таг мартжээ. Үеийнхэн нь дээшлээд байхад өсөж өндийлгүй, үлдэж хоцорсон цалин тээр доороос шөвөлзөж байна. “Цалин нэм, эс бөгөөс ажил хаяна” хэмээн эмч, багш нар цамнаж байх зуур ахиу цалингийн араас монгол залуус хэдэн мянгаараа хилийн дээс алхсаар. Сүүлийн хэдэн жил цалинг тоолгүй орхисны гор Монголын нийгмийн нэгж хэсэг бүрээс цухалзаж буй нь энэ.
АЛТАН ДУНДАЖ: 705 МЯНГАН ТӨГРӨГ
Манай статистикийн байгууллага цалингийн дунджийг хэд хэдэн аргаар тооцож, алд, дэлмийн зөрүүтэй олон хариу гаргах нь бий. Тодруулбал, тус хорооны танилцуулснаар монгол хүний дундаж цалин 998 мянган төгрөг бол манай улсын медиан цалин 705 мянган төгрөг аж. Толгой эргүүлж мэдэх энэ олон дунджаас монгол хүний цалингийн голчийг хамгийн оновчтой илэрхийлэх нь медиан цалин юм. Монголчуудын цалингийн алтан дунджийг тооцдог энэ үзүүлэлт 2018 оны эхний улирлын байдлаар 705 мянган төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн өнөөдөр 300 хүрэхгүй ам.долларын цалин авч сууна.
Гэтэл бидэнтэй ижил гараанаас зах зээл рүү шилжсэн Казахстан, Болгар зэрэг улсын дундаж цалин 600 ам.долларыг хэдийнэ давчихаж.
Тэр бүү хэл, жирийн монгол өрхийн нэг сарын дундаж зарлага энэхүү 705 мянган төгрөгөөс давж, нэг сая төгрөгтэй тэнцсэнийг үндэсний статистикийн хороо тайлагнадаг. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин гэхэд 2014 оноос хойш “салхи” ороогүй. Харин энэ хугацаанд шатахуун түлш, мах, сүүнээс эхлээд ус, дулааны өртөг үнийн цунамид өртсөн.
Өдгөө 1175 төгрөгтэй тэнцэж буй атар талх 2014 онд 800 төгрөгийн үнэтэй байжээ. Дугуй талхны үнэ 40 хувиар өссөн байхад цалин, өрхийн орлого ингэж эрчтэй нэмэгдсэн болов уу. 2016 оны гуравдугаар улирлыг эс тооцвол Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил тасралтгүй өсөж байгаа. Гэтэл цалин бахь байдгаараа л. Манайд цалингийн бодлого инфляцийн өсөлттэй уялдахгүй байгаа нь энэ.
ЯДУУРАЛ РУУ ТҮЛХДЭГ ТӨР
Монгол хүний дундаж цалингийн муруйг хөдөлмөрийн бүтээмж дагадаг. Аливаа улсын хөгжлийн хүч болдог хөдөлмөрийн бүтээмж цалин өсвөл дагаж өндийгөөд, уруудвал дагаад уначихаж байгаа юм. Тэгвэл араас алдалгүй нэхдэг цалин нь сүүлийн жилүүдэд царцчихаар, дагаад бүтээмж ч саарчээ. Төр цалин, хөлсний бодлогод ийм хойрго хандсан атлаа халамжийг хавтгайруулахдаа гарамгай ажилласан.
Та фэйсбүүк хуудсандаа 1000 найзтай гэж үзвэл тэдний талаас илүү нь төрөөс ямар нэг байдлаар халамж хүртдэг гэвэл та итгэх үү. Гурван монгол хүн тутмын хоёр нь халамжаас хишиг хүртдэг. Өнөөдөр улсын төсвийн 45 хувь нь халамжийн бодлого руу шингэж байна. Ид хийж бүтээх насан дээрээ яваа, хөдөлмөрийн чадвартай 100 мянга орчим иргэн халамжид хамрагдаж байна гэсэн судалгаа ч бий. Гэтэл хавтгайрсан халамж нь бэлэнчлэх сэтгэлгээ хэмээх эмгэг дагуулж байна. Яагаад халамж үзүүлж, бэлэн мөнгө тараагаад байхад иргэд ядуурлаас гарахгүй, ажилгүйдэл өндөр, орлого бага байгааг эрдэмтэд судалжээ.
Гэтэл бэлэн мөнгө тараах бодлого нь хүмүүсийн ажил эрхлэлтийг бууруулж, орлогыг нь ахиулах бус харин ч багасгадаг гэсэн үр дүн гарсан гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, дэд профессор Б.Алтанцэцэг хэлж байна. Хавтгайрсан халамж нь нийгмийн хор хохирол дагуулдаг. Тэгвэл Монголын төр бэлэн мөнгө, ямаа, ноос ноолуурын урамшуулал олгох талаар хэдэн өдөр хамаагүй хэлэлцдэг атлаа улс орныг нуруун дээрээ үүрч яваа ажиллах хүчний цалингийн талаар хэр анхаардаг билээ.
Жил бүр хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийх үеэр төрийн төлөөлөл бараг хүчээр авчирчихсан мэт, яриа хэлэлцээг тэгсхийгээд дуусгахаар зорьдог. Алаг үр, элгэн саднаа орхиод харь нутагт хар ажил хийхээр зорьж буй залуус ч цалинг орхисон төрийн бодлогын золиос. Тэд өндөр хөгжил, тансаг амьдралын төлөө эх орноо орхиж буй бил үү. Амьдралыг нь өөд татах ахиу цалин горилон амьдын хагацал үзэж байгаа. Энд бага цалинтай, залхуу хойргоороо дуудагддаг монголчууд хилийн дээс алхаж ахиу цалинтай ажиллахаараа хөдөлмөрч, шударга, хичээл зүтгэлтэйгээрээ гайхагддаг. Энэ бол хөдөлмөрийн бүтээмжийн гол хөшүүрэг нь цалин хөлс болохыг илтгэнэ.
• Монгол хүний үнэ цэнэ, түүний илэрхийлэл болсон хөдөлмөрийн үнэлэмж тээр доор өндийлгүй, хэвтсээр.
• Төр цалин, хөлсний бодлогод ийм хойрго хандсан атлаа халамжийг хавтгайруулахдаа гарамгай ажилласан.
• Монголын төр бэлэн мөнгө, ямаа, ноос ноолуурын урамшуулал олгох талаар хэдэн өдөр хамаагүй хэлэлцдэг атлаа улс орныг нуруун дээрээ үүрч яваа ажиллах хүчний цалингийн талаар хэр анхаардаг билээ.
Энэ нийтлэлийг уншиж буй та өнөөдөр гэдсээ илээд, биеийнхээ амрыг хараад амьдарч байна уу. Үгүй. Өглөөнөөс орой хүртэл борви бохис хийлгүй л ажиллаж, ахуй амьдралаа залгуулж буй. Тэр бүү хэл, гадаадын орнуудад хэдийнэ хэвшсэн илүү цагийн цалин, элдэв урамшууллын систем өнөөдөр манайд хэвшиж тогтоогүй. Хөдөлмөрийн хууль хаа сайгүй зөрчигдсөөр байгаа.
Өнөөдөр бид Монголын эдийн засгийг сэвхийтэл татна хэмээн баахан том төслүүд, тэнгэрийн тоо ярихын оронд тухайн төсөл нь монгол хүнд хэдэн төгрөгийн цалин өгөхийг урьдчилаад тооцмоор байгааг зарим эдийн засагч хэлдэг.
Ямар нэг том төсөл, үйлдвэрийн тухай ярихдаа манай төр зөвхөн улсын төсвийг чиглэх татварын талаар залхтал хэлэлцэж, хэдэнтээ хэрэлддэг. Ийм атлаа эдгээр төсөл монгол хүнд хэдэн төгрөгийн цалин өгөхийг яагаад нэг ч дарга асуудаггүй юм бэ. Гэтэл цалин хөлс нь нийгмийн бичил нэгж болсон өрхийн төсвийг л чиглэнэ.
Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийг том, мега хүрээнд бус хөрсөндөө буусан, иргэдэд ээлээ үзүүлэх өнцгөөс нь харах шаардлага төрийн түшээдэд тулгарууд байна. Том төсөл, түүхэн шийдвэр гаргахдаа хүртэл монгол хүнд очих цалин хөлсийг нь орхилгүй тооцох нь чухал байна. Ингэвэл том тоонууд, өндөр өсөлтүүд монгол өрхөд шингэнэ. Үнэлэмж бол аливаа зүйлийн үнэ цэнэ, чанар чансаа, ач холбогдлыг илэрхийлдэг. Гэтэл монгол хүний үнэ цэнэ, түүний илэрхийлэл болсон хөдөлмөрийн үнэлэмж тээр доор өндийлгүй хэвтсээр.
1923 онд АНУ-ын Ford компани ажилчдадаа өдрийн таван ам.долларын цалин өгч байжээ. Энэ нь дунджаар сарын 110 ам.доллар гэсэн үг. Одоо Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 100 ам.доллар ч (249 мянган төгрөг) хүрэхгүй байгааг та мэдэх үү. 100 жилийн өмнөх америкчуудын цалинтай тэнцэхүйц хөлсийг өнөөдөр бид авч байна.
Угтаа бол монгол хүн бусад орны иргэдийг бодвол асар их хөрвөх чадвартай, аливааг амархан сурдаг, өрсөлдөх чадвар сайтай, дүрмийн бус сэтгэдэг гэх мэт онцлог ихтэй гэж судлаачид хэлдэг. Ийм онцлог чадвартай монгол хүнээ төр нь өнөөдөр дэндүү бага түвшинд үнэлж, үнэ цэнэгүй хандсаар байгаа юм биш биз.
Засгийн газрын мэдээ
URL: