Сурагч шавь нарынхаа сурч мэдэх эрх ашгийг хүндэтгэхийг хүслээ
Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, хугацаагүйгээр ажлаа хаяад хоёр хоносон багш нарын төлөөллийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр 17.30 цагаас хүлээн авч уулзлаа.
Өөрөөр хэлбэл Боловсролын шинжлэх ухааны үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзориг тэргүүтэй төлөөллийг Засгийн газрын тэргүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нарын хамт уулзаж, илэн далангүй ярилцаж саналыг нь сонсохоор ширээний ард урилаа.
Боловсролын салбарт шийдэх асуудал олон байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа,үе шаттай шийдэх арга хэмжээг цаг алдалгүй ч хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд, тэдний саналыг сонслоо.
Таван төрлийн шаардлага тавьж байгаа тэд цалин хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөрт хамруулах, багш нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэх зэрэг асуудал байгааг дурьдав. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард 3 талт хэлэлцээрээр цалин хөлсийг хоёр үе шаттайгаар нэмэхээр шийдсэн байтал ирэх оны төсвийн тухай хуулиар энэ асуудлыг яагаад хойшлуулав, үүнд зовнидог төр засаг гэж байна уу гэх асуултыг тавилаа.
Харин Ерөнхий сайд тэдэнд тун эмх цэгтэй мэдээллийг өглөө. Засгийн газраас боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа, ялангуяа хүний хөгжлийн асуудал нь Засгийн газрын бодлогын цөм, эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлөөрөө дамжуулан хуваарилалт хийж байгааг дурьдсан юм. Ялангуяа улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах ёстой байдаг ч яг үнэндээ 30 гаруй хувь нь энэ салбарт чиглүүлээд явж байна гэдгийг хэлээд, гэхдээ тэдний шаардлага ч зүй ёсных гэдэгтэй санал нэгдлээ. Харин өргөс авсан юм шиг маргааш шийдэгдчихгүй , ардчилсан нийгэмд ямарваа асуудал бодитой судалгаатай үндэслэлтэй байх ёстой, инфляци хөөрөгдөх ч юмуу хүндрэл үүсэх аюулыг бодолцох ёстой юм.
Ерөнхий сайдын хувьд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх ёстой гэсэн зарчмыг хатуу барьж ирсэн, 3 талт хэлэлцээрийг ч талууд байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрээр багш нар төдийгүй төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэдэг заалт оруулсан, гэхдээ он сар заагаагүй байсан гэдгийг хэллээ. Мөн та бүгдийн шаардаж буй асуудлыг бид анхаарч авч хэлэлцэнэ, гэхдээ энэ ажил хаялтын улмаас хүүхдүүд, сурагчдынхаа сурч мэдэх эрх ашгийг хохироох ёсгүй, бас нийгэмд сөрөг үр дагавар дагуулах ёсгүй гэдгийг анхааруулаад хариуцлагын асуудал ч ард нь бийг санууллаа. Нэгэнт л энэ асуудлаар зөвшилцөж эхэлж буй учраас ажил хаялтаа зогсоохыг Ерөнхий сайд тэднээс хүслээ.
Түүнчлэн энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг Сангийн болон БСШУ ба НХХ-ийн сайдаар ахлуулан байгуулж байгааг дуулгаад, 3 талт хэлэлцээрийн хүрээнд сууж ярилцаж, энэ хэлэлцээрийг эхлүүлэхийг санал болголоо. Өөрөөр хэлбэл бидний зорилго нэг байна, үүнийг харин үе шаттай шийдвэрлэе. Гэхдээ өргөс авсан мэт асуудал хурдан өөрчлөгдөхгүй,хуулийн хүрээнд 3 талт хэлэлцээрийн журмын хүрээнд үндэстэй судалгаатайгаар ярилцаж шийдье. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тавьж буй олон асуудлыг юунаас эхэлж, шийдэх үү, шаардлагатай эх үүсвэрийг яаж гаргах уу гээд нухацтай цаг алдалгүй хэлэлцэн шийдье гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэлэлцээр өнөөдрөөс эхэлж, багш нарын ажил хаялт зогсохоор болсон гэж хэлж болох юм. Хэлэлцээр эхэлмэгц ажил хаялт зогсдог хуулийн журамтай ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: