“Айвенхоу Майнз”-ынхан “Рио Тинто”-д 51 хувиа өгөхгүйн тулд хөдөлж эхэлнэ

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх Арбитрын шүүх хурлын эцсийн шийдвэр гарлаа.

Оюутолгой төслийн гол хувь эзэмшигч “Айвенхоу Майнз”-ын хувьцааг “Рио Тинто” үргэлжлүүлэн худалдаж авах эрхээ баталгаажуулж чаджээ. “Рио Тинто”-ийн төлөөлөгчид “Манай компани “Айвенхоу Майнз”-ын гол хувьцаа эзэмшигч болохыг хүсч байгаа болохоос биш бүхэлд нь эзэмших сонирхолгүй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа Торонтогийн Хөрөнгийн бирж дээр “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааны ханш 17 хувиар буурчээ. Харин “Рио Тинто”-ийн мэдэгдлийн дараа нэгж хувьцааны ханш нь Торонтогийн бирж дээр 16.56 канад доллар болж, 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн үзүүлэлттэй гарсан юм. Гэтэл Лондонгийн Хөрөнгийн бирж дээрх “Рио Тинто”-гийн ханш 2.1 хувиар өсчээ.

“Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хувьцааны 49 хүртэлх хувийг ирэх оны нэгдүгээр сарын 18-наас өмнө худалдан авах эрхтэй. Харин энэ хугацаа өнгөрсний дараа дахин нэмж хувьцаа авах эрхийг нь саяны хурлаар баталгаажуулсан. “Айвенхоу Майнз”-ын хувьд энэ байдлаас сэргийлж өнгөрсөн онд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндөж, олон улсад хувьцаагаа худалдана хэмээн хөөрцөглөж байсан ч шинэ гэрээ ёсоор “Рио Тинто”-ийн зөвшөөрөлгүйгээр хаашаа ч хөдөлж болохгүй болсон юм.

Тиймээс одоо “Рио Тинто”-д 51 хувиа өгөхгүйн тулд “Айвенхоу Майнз” өрсөлдөгч компаниудынх нь анхаарлыг татаж, тэдэнд хувьцаагаа худалдах санал тавьж магадгүй хэмээн “Bloomberg” мэдээлжээ.

“Рио Тинто”-оос гаргасан мэдээлэлд дурьдсанаар болж 2020 он гэхэд Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг дангаараа бүрдүүлэх Оюутолгой төслийг эзэмшиж байгаа нь “Айвенхоу Майнз”-ын цорын ганц давуу тал. Сиднейд төвтэй “Macquarie”-ийн шинжээч Ли Бауверс “Айвенхоу Майнз” компанийнхан “Рио Тинто”-д бүх зүйлээ алдахгүйн тулд одоо л хөдөлж эхэлнэ” хэмээн дүгнэжээ. Үүнийг нотлох мэт”Айвенхоу Майнз”-ын төлөөлөгчид “Рио Тинто”-той хийж буй хуулийн маргаан цаашид үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Оюутолгойн олборлолт одоо болтол эхлээгүй байгаа. Үүнээс болж “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш өдөр ирэх бүр буурч байна. Тиймээс энэ бол хувьцааг нь хямдруулж байгаад худалдаж авах гэсэн “Рио Тинто”-ийн арга гэх таамаг ч байгаа юм.

Ямартай ч “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ыг мэдэлдээ авах зам нь дардан боллоо. Харин “Рио Тинто” хэний мэдэлд очих вэ. Нэгэн цагт Оюутолгойн төлөө өрсөлдөж байсан Хятадын “Чайналко” “Рио Тинто”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Үүнд Том Албанез эхэндээ дургүйцэж байсан ч эцэст нь Хятад дахь салбарын хоёр ажилтнаараа туг тахих шахаж, “Чайналко”-д бууж өгсөн юм. “Чайналко” компанийн хувьд “Рио Тинто”-ийн Оюутолгой дахь хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр удаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих