“Элсний 13” Н.Энхбаяртайгаа хөтлөлцөөд бууриа сэлгэх байсан юм
Н.Энхбаярыг энэ улсын “эзэн” байхад нь нойтон маханд шавсан өт шиг л наалдаж явсан тойрон хүрээлэгчид нь өдгөө Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй мэт буруу харж зугтацгааж байна. Намаасаа “кок” авах гэсэндээ ч юм уу, бүгд л Н.Энхбаяраасаа дөлж, түүнтэй хамаатай явсан өмнөх түүхээ сөхөхөд жигтэйхэн бухимддаг болж.
Энэ удаа бид Н.Энхбаярын бий болгосон алдарт “Элсний 13”-ын талаар цухас өгүүлье. 2007 онд Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн нарын 13 гишүүн намаа муулж, үзэн ядсан сэтгэлээр нэгдэж байв.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам доторх байр суурь нь ганхах үед намын дарга М.Энхболдтойгоо муудалцсан. Улмаар өөрийгөө намдаа нөлөөтэй хэвээр байлгахын тулд дагаж намирдаг гарын хүмүүс болох Д.Арвин тэргүүтнийг сонгож, “Элсний 13” гэх бяцхан бүлэг байгуулж байлаа. Тухайн үед Д.Одбаяр, Л.Одончимэд, Д.Тэрбишдагва нар сайдын албан тушаалаасаа жийгдэж, Засгийн газартаа ид гомдчихоод байсан үе. Энэ гомдлыг хонзогнол болгон ашиглаж чадсан Н.Энхбаяр тэднийг “Элсний 13”-т нэгтгэж, М.Энхболдын Засгийн газрыг унагах тодорхой зорилго, чиглэлтэй болгож өгсөн.
Тэд ч санасандаа хүрч, Засгийн газраа шүүмжлэн захидал бичсээр, МАХН-ын XXV Их хурлаар М.Энхболдыг намын даргын суудлаас авч хаяв. Ингэж л МАХН дотор нэгэн фракц мэндэлж, эзнийхээ бохир улстөрд үйлчилж эхэлсэн билээ. Засгийн газрыг унагах шинэхэн бүлэглэл ёстой амандаа орсноороо М.Энхболдыг муулж, чадлаараа Н.Энхбаярыг магтаж байв. “Монголын төр зөвхөн найз нөхөд, бүлэглэл, авгай хүүхэд, хамаатан садангийн төр болсон байна. Үүнийг болиулахын төлөө ажиллах ёстой. Бид харсаар байж зүгээр сууж чадахгүй” гэж ирээд л М.Энхболдыгоо баахан гөвсөн юмдаг.
Гэвч үнэндээ авгай хүүхэд, хамаатан садангийн төр гэдэг нь “Элсний 13”-т л хамааралтай байв. Товчхондоо Н.Энхбаяр өөрийг нь дагадаг Д.Арвин гэдэг эмэгтэй дээр эхнэр О.Цолмонгийнхоо дүүгийн нөхөр болох Д.Одбаярыг нэгтгэж, суудлаасаа огцорсон хэдэн сайдаар дэмжүүлээд л улстөрийн шоу хийж дөнгөсөн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Арвин Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар энэ ажлаа гүйцэлдүүлдгээ ил тод нотолдог байв. Тэрбээр “М.Энхболд намын хагарлыг Ерөнхийлөгч рүү чихэж байна”, “Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа кабинетын зарчмаар л ажилласан” гэх зэргээр амандаа орсноо чалчдаг байлаа.
Хамгийн гол нь “Элсний 13”-т М.Энхболдыг унагаснаас өөр хийж бүтээсэн нэг ч бүтээлч ажил байгаагүй. Нөгөөтэйгүүр “Элсний 13” Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бууж ирэхэд нь нам доторх байр суурийг нь бэхжүүлэх, эс бөгөөс МАХН-ыг чичрүүлэх хэмжээний хүчтэй шинэ намыг бий болгох зорилготой байгуулагдсан гэдэг.
Гэвч “Элсний 13” М.Энхболдыг зайлуулж чадсан ч нам доторх Н.Энхбаярын байр суурийг бэхжүүлж чадаагүй. Учир нь тэд М.Энхболдыг л унагачих юм бол МАХН дахь Н.Энхбаярын байр суурь бэхэжнэ хэмээн ахар сэтгэж байлаа. Гэтэл явж явж С.Баяр намын дарга болсноор М.Энхболдоос илүү гайг Н.Энхбаярт тарьсан гэхэд болно. С.Баярын эрин үе ирэхэд “Элсний 13” ч шалдаа бууж, юун Н.Энхбаярын байр суурь, өөрсдийгөө яая гэх болов.
Хэрэв “Элсний 13” МАХН-ын XXV Их хурлаар намынхаа даргыг унагаж чадаагүй бол “Эх орон”, ҮШН-тай нэгдэж, нэгэн шинэ нам байгуулахаар ярилцаж байсан гэлцдэг. Тэр таамаглал өнөөдөр батлагдаж байна.
Ерөнхийлөгчийн суудлаас буусныхаа дараа сүүдрээс өөр нөхөргүй болсон Н.Энхбаяр өмнө нь нэг нүдээрээ ч үздэггүй байсан ҮШН-ын дарга М.Энхсайхантай нөхөрлөсөн билээ. Магадгүй Н.Энхбаярын дараагийн хамтрагч нь дөрвөн жилийн өмнө “Элсний 13”-ын санаархлаар ил гарч байсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон нам ч байж болох юм.
“Элсний 13”-аас өнөөдөр Д.Арвин, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил гэсэн дөрвөн гишүүн УИХ-д, Т.Ганди Засгийн газрын сайд, Ц.Шаравдорж УИХ-ын Тамгын газрын дарга, Т.Очирхүү Улаанбаатар Төмөр замын дарга, Л.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч гэх алба тушаалд тунаж үлдээд буй. Харин Ч.Авдай, Л.Одончимэд, Р.Нямсүрэн, А.Цанжид нарт улстөрд толгой хоргодох орон зай үлдээгүй.
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Д.Арвин, Д.Тэрбишдагва хоёр мөнөөх “Элсний 13”-аа дахин босгох гэж чамгүй хөөцөлдсөн. Ингэхдээ мөн л Н.Энхбаярын далбаан дор намирч яваад УИХ-д гарч ирсэн Б.Чойжилсүрэн, Д.Загджав нарын хэд хэдэн хүнийг элсүүлсэн боловч “Элсний 13” дахин мэндэлж чадаагүй. Дахин жигүүр ургуулахын мөрөөсөл болсон Д.Арвин, Д.Тэрбишдагва тэргүүтэй “Элсний 13”-ын үлдэгдэл Н.Энхбаярын санаачилгаар намын дарга М.Энхболдыгоо түлхсэний хар гайгаар өнөөдөр байнд ч үгүй, банзанд ч үгүй болчихоод буй.
Н.Энхбаярыгаа дагая гэхээр өдгөө Монголд түүн шиг муу хүн алга. Сав л хийвэл шоронд барьж хийчих гээд “Элсний 13”-ыг ивээлдээ авахтай манатай. Тэгээд ч Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа улстөрийн карьер нь төгссөн Н.Энхбаяр дахин эрх мэдлийг гартаа авахын тулд өөрсдийг нь ч зажлахгүй залгиж мэдэхээр болчихсон.
Хэмжээгүй эрхт хаан шиг аашилж байсан Намбарын хүү өнөөдөр шоргоолжинд бариулдаг арслангийн үлгэрээр дуусч байна. Эсрэгээрээ МАН-аа дагая гэхээр нэгэн цагт Н.Энхбаярын бууны ноход болж явсан тэднээс бүгд л жийрхэж, жийж байна. Дээр нь сонгуулийн тойрог нь хумигдсанаар “Элсний 13” ирэх сонгуульд ямар ч шансгүй болж буй. Шанс байлаа гэхэд бүлэг байгуулж, намынхаа араас “хутга шааж” явсан тэдэнд өнөөдрийн МАН лав итгэхгүйдэг.
Тиймээс “Элсний 13” Н.Энхбаярыг хуучин нэрээрээ нам байгуулж эхлэхэд л МАХН-аа дагаад явах ёстой байж дээ. Тэгсэн бол өдийд барын сүүл байснаас батганы толгой болсон нь дээр гэдэг шиг ирэх сонгуульд тойрог булаалдаж суухгүй, дуртай тойрогтоо нэр дэвшинэ гээд том яриад сууж байх байлаа.
Эрх мэдлээ гэж…
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: