Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдын нэр төрийг сэргээх шүүхийн шийдвэр гарчээ
Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэл цацагдсан тухай яригдаж байсан.
Тэгвэл энэхүү мэдээ, нийтлэлийг олон нийтэд түгээсэн DORGIO.MN сайтад БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж байжээ.
Харин Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчид нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн дагуу шүүх хурал өнгөрсөн даваа гаригт болж өнгөрсөн байна.
Монгол Улсын иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт: /Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ/ гэж заасан байдаг.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэх гаргасан Г.Гантөмөр, Г.Өнөржаргал, Д.Болд, С.Ганцэцэг, Д.Дамбасүрэн нарын албан хаагчдын нэр төрийг сэргээх, тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийлгэхийг DORGIO.MN сайтад даалгаж, гэм хор учруулсан гэж зохих нөхөн төлбөр олгохоор Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.
Б.Лхам
Эх сурвалж: http://www.24tsag.mn/a/163889
URL: