Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй

Сүүлийн үед олны анхаарлыг татах болсон асуудал бол яах аргагүй уул уурхай. Дээхэн үед арабын орнуудад газар өрөмдсөн л бол газрын тос олгойддог гэнэ гэж ярьдаг байсан шиг өнөө цагт Монгол нутгийн газрын хөрсөн доор эрдэнэсгүй байх нь их л ховор зүйлд тооцогдохоор болж. Ажаад байхад өвгөд дээдсийн уул усаа дээдэлж оноож өгсөн нэрс цаанаа нарийн учиртай байх шиг байгаа юм. Тосон Заамар гэж нэрлэдэг байсан гэж өдгөө тоосон Заамар болсон. Уг газрыг алт эрдэнэс арвинтай гэдгийг аль хэдийнэ мэдчихээд байсан учраас тийн нэрийдсэн хэрэг. За тэгээд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Буянт гэхчлэн зүгээр ч нэг нэрлээгүй нь анзаарагдаад байгаа билээ.

Өөрөөр хэлбэл уул уурхайн судалгаа хийсэн хийгээгүй унаган нутаг усандаа өвгөдийн өгсөн нэр хэр баян тансаг хангай болохыг нь хэлчихсэн байгаа юм. Тэгсэн атал сүүлийн үед лиценз эзэмшиж буй уул уурхайн компаниуд хайгуулын зардал гэсэн юм яриад сууж байгаа нь бас л учир дутагдалтай асуудал мэт санагдах. Уул уурхайгаар амьсгалж буй энэ өдрүүдэд хамгийн их анхаарал татаж буй газар бол Тавантолгой. Өвгөдөөс үлдээсэн баялгийг Монгол түмэн өөрсдөө ашиглаж арвин их буяныг хүртэх ёстой хэмээн иргэний хөдөлгөөнийхөн ихээхэн тэмцэлдсэний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр албан ёсоор байгуулсан байгуулсан билээ.

Энэ талаар хэдхэн хоногийн өмнө Засгийн газар, Төрийн өмчийн хороо хамтран мэдээлэл хийж байгаа харагдсан. Ямартаа ч “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар Монгол УлсынТэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар ажиллаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газрынхан уурхай олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон төдийгүй иргэдэд тараах хувьцаа болон хөрөнгө оруулалтын асуудлаа эцэслэн шийдэж амжсан бололтой юм билээ.

Гэхдээ л дутуу гүцүү зүйл их бийг салбарын мэргэжилтнүүд өгүүлж буй. Тавантолгойн ашиглалтын өмнө яригдаж байгаа анхаарал татсан олон асуудлын нэг нь ус. Өөрөөр хэлбэл усны нөөц гэсэн үг л дээ. Тус орд газрын ТЭЗҮ-ийг тооцохдоо хоногт 36 мянган метр куб байхаар тооцоолсон байсан. Хэрэгцээнийхээ усыг Балгасын Улаан нуурын газар доорх усны ордоос олборлох юм гэсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс Тавантолгойн төсөл ус хангамжийн эх үүсвэрийн хомсдолтой бүсэд хэрэгжих учраас ус ашиглалтыг хамгийн бага байлгах, эргүүлэн ашиглах нөхцөл бүхий технологийг сонгосон байх шаардлагыг тавиад байгаа.

Цаадуул нь ашиглаад асгаад л байх төлөвлөгөө боловсруулснаас аривлан хэмнэх туайд санаагүй хэрэг. Гэхдээ уг ТЭЗҮ-ийг “Эрдэнэс МГЛ” компани урдчилсан байдлаар гаргасан болохоос эцсийнх нь биш ээ. Тиймээс дэлхий нийтээр нөхөн сэргэгдэхгүй баялаг хэмээгддэг гүний усыг хэрхэн ашиглах талаар нухацтайхан бодолцож асуудлаа шийдэх байх хэмээн найдахаас өөр гарц алга. Ажаад байхад манайхан авдраа хоосолж алтаа авчихаад хоосон авдраа хог гээд хаячих сонирхол ихтэй улс шиг байгаа юм. Дэлхийн жишгээс харахад аливаа орд газрыг ашиглах, эргэлтэнд оруулахаар ТЭЗҮ-ийг нь боловсруулахдаа нөхөн сэргээлтийн асуудлыг нэн чухалчлан авч үздэг юм билээ.

Тухайлбал орд газраа ашиглаад ашиг орлогоо авлаа, зардал чирэгдлээ тооцлоо, тэгээд болоо гэж боддог гэсэн үг. Тэр дундаа нөхөн сэргээлтэнд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм бэ. Байгаль орчныг нь эргээд хуучин хэвэнд нь оруулахын тулд яг яах ёстой юм бэ гэдгийг нь нарийвчлан тусгадаг. Мэдээж улс орны эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь байгалийн баялаг гэдгийг хүн болгон мэднэ. Бүгд л баялгийг авч баяжихыг эрмэлзэх атлаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хамт явагдах ёстой нөхөн сэргээлтийн ажлыг хийх нь битгий хэл ярих нь ховор гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Энэ нь эргээд улс орны тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг гэж санах ч үгүй авирлах нь хачин. Уул уурхай, хүн төрөлхтөн байгалиас хэр их юм авна тэр хэрээрээ өгөх ёстой гэсэн зарчим дээр тулгуурлан хөгждөг. Зөв хөгжих хөгжлийн гарц нь энэ. Татвар авч улсын төсөвт овоохон юм оруулж байвал боллоо гэж ойлгодог гажиг хандлагаас болж өнөөдөр дэлхий ээж уйлж байна. Гэхдээ дэлхий ээж үргэлж өвдөн шаналж уйлж ёолоод байдаг туниагүй нэгэн биш гэдгийг санах ёстой. Амьд бодьгал бүхэн үхэж мөхөх эцсийн шатандаа орохоороо амьд үлдэхийн тулд асар их хүчээр өндийх гэж оролддог.

Яг тэр зарчмаар байгаль эх эцсийн хүчээ шавхан хөрвөөж балмад үрсээсээ хариугаа авах нь тодорхой. Эсвэл хариугаа авахаас нь өмнө аргалчихна даа хэмээн авлига авалцаж, өгөлцөж сурсан Монгол сэтгэхүйгээр төсөөлж буй бол сэрж үз л гэх байна даа. Эцэст нь тэмдэглэхэд уул уурхайн салбараа түшиглэн хөгжих их зорилтын өмнө зогсож, эхний алхмуудаа тэнцэж ядан босох балчир хүүхэд мэт хийж буй Монгол Улс энэ мэтийн асуудлуудыг анхааралдаа авч унаад гэмтчихгүйн тулд, төөрөөд зовчихгүйн тулд ухаалаг хандах хэрэгтэй.

Уул уурхайн салбар унац ихтэй шигээ эрсдэл арвинтай салбар. Нэгэнт хамгийгаа ухаж гаргаад тавиад туучихсан бол мянга харуусаад ч эргэж залруулах боломжгүй. Гагцхүү харуусал тээн үлдэж хар дансанд бичигдсэн дэлхийн орнуудын жагсаалтаңд л Монгол хэмээх нэрийг багтаах болно. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр 254 орд газрын алтны лицензийг хурааж, төр нөхөн төлбөр өгөхөөр болсон нь нааштай алхам мэт санагдаж байж болох ч цаана нь голын эх, урсац газарт ашигт малтмал хийсэн гэсэн байгаль экологийн чухал асуудлаар бамбай хийж, лицензийг төр өөртөө буцаан төвлөрүүлж байгаа нь авлига, хээл хахуулийн хар бараан сүүдрийг дагуулж буйг үгүйсгэж боломгүй.

Хураагдах гэж байгаа лицензээ авч үлдэхийн тулд аанай л сурсан зангаараа авлига өгөхөөр санаархагчид, бас авахыг хүсэгчид холбогдох албаныхан дунд бий гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Тиймдээ ч Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар бужигналдаж буй энэ үед эрхэм хууль боловсруулагчид болон ажлын хэсгийн эрдэмтэн мэргэд, салбарын мэргэжилтэн та бүхнээс аминчлан гуйя. Алсдаа харамсах зүйл л бүү хийгээрэй.

Ц.Бумбаалай


URL:

Сэтгэгдэл бичих