Монголчууд ирээдүйд элсэн цөлд амьдрах уу

Ухаж төнхөөд авахаа мэдэхээс нөхөн сэргээхээ больчихсон хүмүүс гэвэл Монголд уул уурхай эрхлэгчид гээд хэлчихэд болно. Дэлхийн жишгээс харахад нөхөн сэргээлт гэдэг их учиртай эд байдаг юм билээ.
Манайхан шиг ухсан нүхээ булж жаахан хар шороо цацчихаад дээр нь нэг наст ургамлын үр цацаж нүд хуурах явдал байдаггүй гэх. Тодруулбал, манай улсын нутаг дэвсгэрт уул уурхай эрхэлж байсан аж ахуйн нэгжүүд зөвхөн техникийн нөхөн сэргээлт л хийдэг байсан гэсэн үг л дээ.

Зүй нь биологийн нөхөн сэргээлт хийх ёстой агаад дэлхийн стандарт ч байдаг юм байна. Гэхдээ энэ удаа нефтийн нөхөн сэргээлтийн талаар хөндөхөөр шийддээ. Угаасаа уул уурхайн салбар газар нутгийг маш ихээр сүйтгэдэгч хаа очиж нефть газар нутгийг сүйтгэх нь бага байдаг аж. Нефть олборлох явц дахь сүйтгэгдэж байгаа талбайг тоочвол, нэг цооногийн шингэн хаягдлын нүх дунджаар
400мк-800 м.квадрат орчим болдог ба өрөмдсөн нүхний хэмжээ нь арай бага буюу ойролцоогоор нэг мкв орчим байдаг юм байна.

Мэдээж дээр нь машин ирж тосоо ачаад тойроод гарах талбай бас талхлагдана. Түүнчлэн маш олон цооног байдаг учраас сүлжсэн олон зам гарах төдийгүй үйлдвэрийн шингэн хаягдлын нүх, нефть дамжуулах суваг шуудуу, далан их хэмжээгээр гардаг ажээ. Мэдээж тэдгээр цооног, далан, машины замыг бүгдийг нөхөн сэргээх ёстой. Тэгээд ч өрөмдлөг явагдах үед химийн олон бодис хэрэглэдэг бөгөөд нарийн технилогиор хийхгүй бол хэрэглэсэн бодис, ус, тосны хольц хөрсөнд нэвчин ургамал ургах боломжгүй болгодог сөрөг талтай.

Тийм ч учраас хөрсөнд нэвчүүлэхгүйн тулд плёнк дэвсэж шингэнээ хийн хатаасны дараа булалт хийх учиртай юм байна. Харамсалтай нь байгаль орчныг нөхөн сэргээхэд маш их мөнгө шаардагддаг учраас ихэнх нь ухсан нүхээ булсан болоод хаячихдаг. Зарим нь ургамал тарьсан нэр зүүхийн тулд нэг наст ургамлын үр цацаж нэр бөглөдөг. Эхний жил өнөөх нь ургаад байх шиг харагддаг ч ирэх жил нь юу ч ургадаггүй. Шулуухан хэлэхэд нөхөн сэргээлтийг хүлээн авч шалгаж байгаа нь хүн ч мэргэжлийн хүн бус байх нь түгээмэл.

Танил тал, арын хаалга маягаар хүлээлцдэг гаж жишигтэй байдаг нь нууц. Энэ янзаараа хэнэггүйтэн хаа хаанаа хяналтыг нь тавьж хариуцлагатай тооцохгүй суусаар байх юм бол тун удахгүй элсэн цөл эсвэл сарны гадарга шиг газар нутгаа харан харуусахад ч оройтож мэдэхээр байна шүү, таминь ээ…

И.Гэгээнээ


URL:

Сэтгэгдэл бичих