Монголд хэн баян бэ?

Яндаж баршгүй далай шиг ээ Яасан баян нутаг вэ гэж  дуулдаг дууны үг жинхэнэ биеллээ олж айсуй цаг тохиов. Ядуу, гацуугаа дууддаг байсан монголчууд нэг үеэ бодвол баяжиж, хөлжиж эхэлж. Ямар сайндаа л Улаанбаатарт ирсэн жуулчин хотын төвөөр нь дүүрэн өндөр үнэтэй брэндийн дэлгүүрүүдийг хараад гайхаж дуу алддаг болсон гэж байгаа. Хаяанд байгаа Бээжингийн дэлгүүрүүдээс хэд дахин үнэтэй тансаг эдлэлүүдийг манайхан хотойх ч үгүй худалдан авдаг, гудамжаар нь дүүрэн Lexus, Hammer хөлхөлддөг гээд л. Манайд нээгдээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа “LB”-гийн дэлгүүрээс захын годгор хүү гүйж очоод 40 сая төгрөгний үнэтэй хүрмийг хотойх ч үгүй мөнгийг нь чулуудаад худалдаж авдаг гэж байгаа юм. Үүний дэргэд хөлгүй баячуудын хэрэглээг дурдах юм бол бүр ч тоймоо алдана. Идээний дээд сархадын цалин цагаан мөнгөн аяганд сөгнөдөг гэдэг байсан бол манай баячууд мөнгөн аягийг нэг нүдээрээ ч харахаа больж, алтан аяга л амсарддаг, бараг нохойных нь идүүр мөнгө болж байгаа юм байх аа. Нэг хэсэг УИХ-ын гишүүн нэгэн хатагтайг алтан чимэгтэй гутал өмслөө гэж манайхан ухаан алдаж унах шахаж байсан бол одоо баячууд 100 саяын үнэтэй моринд алтан эмээл тохож чамирхдаг болсон. Тэгвэл одоо алтан эмээлтнүүдийн тодроос “Ажнай” хэмээх тэнгэртэй нэрээрээ алдаршсан Бат-Эрдэнэ эрхэм Монголын толгой баячуудаас тохой илүү толгойлж, гарч ирээд байгаа гэнэ. Алтан мөнгөн аяганы чамирхлыг аль хэдийнэ амсаад өнгөрсөн тэрээр шинэ баячууд шиг цээж өвчин харуулахгүй ч харин үүнийгээ нэг их рекламдаад байдаггүй. Яг үнэндээ бол бэл бэнчин, хөл, хэрэглээгээрээ бол Арабын шейхүүдийг ч дагуулахааргүй өндөр зэрэглэлийн нууцлаг ноёнтон гэнэ. Мэдээж хэрэг түүнд хэдэн алтан аяга байдаг тухай асуусан ч хэрэггүй байх, элгийг нь хөшөөчих нь. Түүний гэр бүлийнхэн хүнсний зүйлсээ Германаас тусгай онгоцоор тээвэрлэн шинэхнээр нь авчруулдаг, өвлийн улиралд ихэр охидоо хувийнхаа онгоцоор Европ руу салхинд гаргадаг тухай мэдээлэл аль дээр үед хэвлэлээр гарч байсан. Дунд гарын бизнесман зуслан руугаа нисдэг тэргээр зөөлгөж байгаагийн дэргэд Монголын толгой баяны хувьд энэ хэрийн хэрэглээ л байлгүй л яахав. Шинэхэн баячууд үнэтэй брэндийн гутал жийснээ “Жирийн л хэрэглээ шүү дээ” гэж даруулхах маягтай бол мань “Ажнай” бол бүр дээд зэрэглэлийн. Зөвхөн түүнд зориулсан гутлыг хийхийн тулд Италиас дээд зэргийн мастер ирж, хөлийнх нь хэвийг аван ганцхан түүнд зориулсан дэлхий дээр цорын ганц хийцийн гутал урлаж өгдөг гэнэ шүү. Тэглээ гээд Ц.Бат-Эрдэнэ баярхаж, хээнцэрлээд байдаггүй. Тэртэй тэргүй хөдөлмөрөөрөө олсон хөрөнгөө хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж л байх хэрэгтэй гэж үздэг. Басхүү өөрийгөө л бодож, довоо шарлуулаад байдаггүй, нутгийн олондоо ч нүнжигтэй зан гаргадаг. Наад зах нь л баяр наадмыг нь 100, 100 саяар ивээн тэтгэдэг. Нутгийнхаа ах дүүтэй золгох гэхээр ямар боодол 20-мянгатын дэвсгэрт барилтай ч биштэй гэж “ичдэг” гэсэн. Аргагүй ч үгүй юм Монголын 2,7 сая хүнийг бултаар нь саятан болгоно гэж горьдлого төрүүлж байгаа Тавантолгойн ордын “өчүүхэн жижиг” хэсгээс олж байгаа орлого нь л гэхэд лусыг цалгиулам. Төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо ч хийж чадахгүй гацаж суухад мань эр аль хэдийнэ арваад жил нүүрсийг алт болгож байгаа. Тавантолгойн хишиг хэмээн аймгийн хүн болгонд 50 мянган төгрөг хүртээдэг, аймгийнхан нь амьд бурхан мэт шүтдэг гэсэн. Наад зах нь л захын жижиг компанийн хувьцааны үнэ нэг мянган төгрөг болоход хөрөнгө оруулагчид нь хөл газар онохгүй баярлаж байхад Ц.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” компанийн хувьцаа нь л гэхэд нэг сая төгрөг шүргэж байдаг. Зөвхөн ганцхан ширхэг хувьцаа нь шүү дээ. Ийм хүний Монголын хамгийн баян хүн гэхгүй юм бол өөр хэнийг Монголын хамгийн баян хүн гэх вэ дээ, тийм ээ. “Ажнай”-н Бат-Эрдэнэ ч аатай, азтай, хөлтэй эр юм аа. А.Шархүү Ardiin erh


URL:

Сэтгэгдэл бичих