Биенээ “сүрдүүлсэн” МАН-ынхан
МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өчигдөр гэнэт “дуугарав”. Намын гишүүдийнхээ ёс зүйг ярьж, энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдлээ.
Эрх баригч намын хяналтын хорооны дарга гэнэт дуугарах нь улс төрийн хүрээнд сонин л үзэгдэл. Намын гишүүдийн ёс зүйн асуудал өмнө нь зөндөө яригдаж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байв. Тэр цаг үед МАН-ын удирдлагууд дуугараагүй. Бүлх залгисан мэт чимээгүй байсан. Харин нөхцөл байдал намжиж буй энэ үед дуугарч эхэлсэн нь МАН-ын зөрчил гаднаа биш дотооддоо нэлээд ширүүн өрнөж байгааг харуулж байна.
УИХ дахь бүлэг нь 32, 33 болж хуваагдсан, парламент дахь нэг суудал нь хоосон, нэг гишүүн нь УИХ-ын даргынхаа эсрэг ажиллаж, 60 тэрбумын асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гээд энэ нам нэг л биш ээ. Чим чимээгүй дуншиж байгаад нэг л өдөр тэсрэхэд бэлэн болсон мэт байдалтай л байна. Дээрээс нь Ерөнхийлөгч янз бүрээр шахалт үзүүлж байгаа. Тэгэхээр өчигдөр Хяналтын хорооны дарга нь гэнэт дуугарч эхэлсэн нь дайны өмнөх сануулга, анхааруулга ч байж болох юм. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар “Сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан нэг асуудал бол намын нэр орсон үнэн худал нь мэдэгдэхгүй “60 тэрбум”-ын асуудал дээр намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгохыг хүсч байгаа юм. Мөн намын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд оффшор данстай холбогдсон байвал хяналтын байгууллагууд нь нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
Ямар нэгэн асуудал байхгүй бол энэ хүмүүст холбогдолгүй гэдгийг ил тод зарлаж, гишүүдийн нэр төрд сэв суулгахгүй байхыг онцгой анхаарах болно” гэлээ.
Мөн намын гишүүдийн зөрчил дутагдалтай холбоотой мэдээллийг иргэдээс хүлээн авч, шийдвэрлэнэ гэв. Энэ нь нам доторх чимээгүй дайны галыг бага ч гэсэн намжаах арга төдий үйл явдал байж болно. Нөгөө талаар МАН МАН-аа сүрдүүлсэн сүрдүүлэг мэт харагдаж байлаа. Бараг л хоёр дахь таамаг нь зөв гэдэг нь үнэнд, үйл явдалд ойрхон сонсогдоно. Хяналтын хорооны дарга гэв гэнэт дуугарч гарч ирсэн дээрээс шидсэн чулуу байх л даа. Эрх баригч намын доторх зөрчил нэлээд газар авсныг харуулах дараагийн нэг асуудал нь Нийслэлийн МАН-ын бага хурал өнгөрсөн зургаадугаар сараас хойш хэдэнтээ хойшиллоо. Эрх баригч нам салбар хорооныхоо бага хурлыг ч хийж чадахаа болив. Нийслэлийн МАН-ын даргын суудал одоог хүртэл үүрэг гүйцэтгэгчтэй байгаа.
Нийслэлийн МАН-ын даргын суудалд санаархагч бүлэглэл Хоорондын зөрчил Сүхбаатарын талбайд гарч жагсах хүртлээ ширүүсэн. Жагссан МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа аваръя”, “Хотын дарга нар хэрхэн томилогдсон бэ”, “Жаргалтай Улаанбаатарыг ингэж удирдахгүй ээ” хэмээн сүрдүүлэг аятай уриа лоозон барьж, талбайд жагссан. Ингэж МАН МАН-аа сүрдүүлсэн. Тэр нь нөгөө талаа нэлээд айлгаж, Нийслэлийн МАН-ынхан хурлаа ч хийж чадаагүй л байна. Бодвол намынхан хоорондоо тохиролцож чадаагүй л бололтой. Дороо суудлаа олохгүй бол дээрээ гүйдлээ олохгүй гэдэг юутай үнэн.
Төрийн албан тушаалыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудлаас болж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах асуудал ч яригдаж эхэллээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагад хандан, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Энэ зуны улс төр чимээгүйхэн байгаа ч МАН-ын дотоод улс төр нэлээд ширүүсэж буй бололтой байна.
Т.БАТСАЙХАН
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ
URL: