Турк сургуулийн захирал шашны номлогчтой холбоотой юу
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Турк улсын иргэн Вейсел Акчайг энэ сарын 27-нд үл таних этгээдүүд хулгайлсан билээ. Энэ талаар Америкийн “www.nytimes.com” сайт мэдээлжээ.
Туркт өнгөрсөн 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсанаас хойш тус улсын эрх баригчид уг үйл явдалтай холбоотой этгээдүүдийг ангуучлах болсон. Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь гэрийнхээ гаднаас хулгайлагдсан Монгол-Турк сургуулийн захирлыг төрийн эргэлт хийхийг санаархсан, шашны номлогч Фетуллах Гюлентэй холбоотой хэмээн үзжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шашны номлогчтой холбоотой, төрийн эргэлт хийхийг санаархсан этгээдүүдийг эрэн сурвалжлах, гадаадын орнуудад амьдарч буй этгээдүүдийг баривчлах тушаал гаргасан учир тагнуулынхан хилийн чанадад нууц ажиллагаа явуулж байна.
Турк улс зөвхөн тухайн улсынхаа зөвшөөрлөөр сэжигтнийг өөрийн орондоо хүлээн авдаг. Гэтэл 25 жилийн турш Монгол Улсад амьдарсан сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлах гэж оролдсон нь тус улсын баримталдаг зарчимтай зөрчилдөв.
Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлах үйл явц хэтэрхий хурдан болж өнгөрсөн ч олон гэрч харж амжжээ. Гэрчүүд яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр уг хэрэг ил болсон юм.
Цагдаагийнхан сургуулийн захирлыг хайж байхад “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Туркийн нисэх хүчинд хамаарагдах тусгай онгоц тодорхой шалтгаангүйгээр газардсан байжээ. “Уг онгоц Вейсел Акчайг хүчээр авч явахаар Монголд ирсэн” хэмээн олон нийт үзэж байна.
Захирлын гэр бүл, найз нөхөд болон сургуулийн хамт олон хууль бус баривчилгааг эсэргүүцэн, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ойролцоо эсэргүүцлээ илэрхийлжээ. Уг үйл явдалтай зэрэгцэн Монгол Улсын Гадаад харилцааны яам “Онгоц газардсан шалтгаан ТОДОРХОЙ болох хүртэл хөөрөх зөвшөөрөл олгохгүй. Монгол Улсын газар нутагт ямар нэгэн тусгай мэдэгдэл гаргах, хууль бус баривчилгаа явуулах нь тусгаар тогтнол, хууль ёсыг хүндэтгээгүй үйлдэл болно” хэмээн хатуухан мэдэгдэв.
Тухайн өдрийн 09.15 цагийн орчимд Вейсел Акчайн нисэх буудлыг орхин, Цагдаагийн Ерөнхий газарт хүргэгдэн очжээ. Тэрбээр 12 цаг орчим сураггүй байсан бөгөөд одоо гэр бүлтэйгээ байгаа.
Туркийн Тагнуулын “MIT” байгууллага төрийн эргэлт хийхийг санаархсан номлогч Фетуллах Гюлентэй холбоотой гэх хүмүүсийг илрүүлж байна. 2016 оноос хойш тагнуулынхан дэлхийн 18 орноос 80 гаруй турк иргэнийг хулгайлж, баривчилжээ. Хууль бусаар хулгайлах үйл ажиллагааг олон улс хүчтэй шүүмжилж буй учир энэхүү нууц ажиллагаа гацаад байна.
Хэсэг хугацаанд ЧИМЭЭГҮЙ байсан уг нууц ажиллагаа дахин сэргэж эхэлсэн талаар олон улсын шинжээчид ярьж байна.
Сургуулийн захирлыг хулгайлах гэж оролдсон үйл явдлаас нэг долоо хоногийн өмнө туркийн тагнуулынхан Украин улсаас БНТУ-ын иргэн Салих Зеки Игитийг баривчлан, нутаг буцаасан байна. Уг баривчилгааг явуулахад Украины Засгийн газар дэмжлэг үзүүлжээ. Мөн сарын өмнө тагнуулынхан БНТУ-ын иргэн, сэтгүүлч, блог хөтлөгч Юсуф Инаныг баривчилсан аж.
Туркийн Гадаад хэргийн сайд Бекир Боздаг өнгөрөгч дөрөвдүгээр сард нэгэн ярилцлагынхаа үеэр “Фетуллах Гюлений бүлгэмтэй холбоотой бүхий л хүмүүсийг Туркт авчрах, хатуухан шийтгэх болно” гэж ярьжээ. Фетуллах Гюленийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг Анкара нэг бус удаа АНУ-ын эрх баригчдаас шаардаж байв.
Туркийн тагнуулынхан өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Косово улсаас БНТУ-ын зургаан иргэнийг баривчилжээ. Косовогийн Ерөнхий сайд Рамуж Хадан “Надад мэдэгдэхгүйгээр дээрх иргэдийг баривчилсан” гэж хэлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хүү энэ сард Монгол Улсад айлчлан, эрх баригчидтай уулзсан талаар тус улсад суух Туркийн Элчин сайдын яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/a/499370
URL: