Дотроосоо өтсөн тос буюу АТГ-ын хуваагдал

35766

Жилд татвар төлөгчдийн мөнгөнөөс 10 тэрбум төгрөг зарцуулдаг АТГ өнөөдөр авилгачдын хуяг, бамбай болж хувирсан уу гэх эргэлзээ олон нийтийн дунд бат суурьшжээ. Энэ газрыг УИХ-аас хууль гаргаж байгуулж байх үед зарим гишүүд улс төрийн махны машин болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаагаа хэлж анхны даргыг нь томилж байлаа. Тэр цагаас хойш үйлийн үртэй энэ газар өөдөлсөнгүй.

Анхны дарга Б.Дангаасүрэн нь учир битүүлгээр харийн нутагт амь насаа алдан хоёр нүдгүй цогцос ирсэн. Түүний үхлийн шалтгааныг тодруулах гэж хөөцөлдсөн төрсөн дүү Б.Дансал нь мөн л нас барж үхлийн шалтгаан нь учир битүүлэг өнгөрсөн.

Анхны дарга нь шороонд булагдсан бол дараагийн дарга Ч.Сангарагчаа нь шоронд хоригдсон. Гуравдахь дарга Н.Ганболд нь өөрийн хүсэлтээр, өвчний шалтгаанаар гэх битүү хатуу тайлбартайгаар ажлаа өгч байлаа. Ажлыг нь өгүүлсэн ч байж магад. Энэ бүхнээс үзэхэд анхнаасаа амар заяа үзээгүй байгууллага бол АТГ гэдэг нь төвөггүй ойлгогдож байна.

Монголд тус газрыг атгандаа хийж авах санаархал бүхий авилгачдын нам дамнасан бүлэглэл бүр анхнаасаа л зохион байгуулалттай ажиллажээ гэж бодогдмоор. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үеэс тус газрыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлсэн нь ил цагаан болсон гэхэд хилстэхгүй.

Энэ үеэс олон нийтийн зүгээс тус газрыг хүчтэй шүүмжилж эхэлсэн. Одоо тус газрын дарга Х.Энхжаргалыг цээжээрээ хамгаалж байгаа хүн бол УИХ-ын дарга М.Энхболд, зөрүүлээд М.Энхболдын 60 тэрбумын хэргийг хамгаалж байгаа хүн нь Х.Энхжаргал гэдгийг ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдсэн.

Тэгвэл энэ бүхэн үнэн гэдгийг АТГ-ын өчигдөрийн мэдэгдэл нотолж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогт хэлэхдээ “Том хэргүүд, тэр дундаа 60 тэрбумын хэрэг замхарч байгааг бид хүлээн зөвшөөрнө” гэсэн юм. Энэ байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулая цэвэр байлгая гэсэн бодолтой залуу үеийн төлөөлөл дотор нь бий. Тэд улс төрийн захиалга гүйцэтгэгч муу нэртэй луу данстай байгууллагын ажилтан байхаас нэгэнт залхсан байна. Тэд АТГ-ыг өөрчлөхөөр шийдэж дотооддоо тэмцэл өрнүүлж эхэлснийг баттай эх сурвалж мэдээллээ.

Үүнд даргынхаа дохио зангаагаар олны өмнө гарч чичлүүлсээр залхсан тус газрын зарим дарга нар ч нэгдсэн байна. АТГ-ын энэ сарын мэдээлэл үндсэндээ АТГ хоёр хэсэгт хуваагдаж одоогийн удирдлагынхаа эсрэг хөдөлж эхэлснийг харууллаа.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://toimnews.mn/post/12597


URL:

Сэтгэгдэл бичих