Хэвлэл мэдээллийнхэнд хариуцлага тооцох тохиргоог Н.Энхболд хийж байна

УИХ-ын дэд дарга Н.Энхболдын ахалж буй Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн урт настай, удаан жаргалтай уг хуулийн төсөлдөө чөлөөт хэвлэлийн амыг барьж, дуугарсан нэгэнд нь хатуу торгууль оногдуулах зүйл заалтыг оруулаад байгаа.
Ингэснээр хуулийн төсөлд байгаа торгуулиудын хамгийн дээд хэмжээ болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5-10 сая төгрөгийн торгууль хэвлэл мэдээллийн салбарынхны нуруун дээр унах тохироо бүрдээд байна. Ийм зүйлийг Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакциас ажлын гараагаа эхэлж, Хэвлэлийн ком­бинатын орлогч дарга, Монгол хэвлэл нэгтгэл, Ерөн­хийлөгчийн Тамгын газ­рын Мэдээлэл харил­цаа­ны албаны дарга зэр­гээр хэвлэл мэдээллийн сал­барт ажиллаж явсан одоо­гийн УИХ-ын дэд дарга Н.Энх­болд хийж байгаа гэж үү гэ­сэн бухимдал хэвлэл мэ­дээл­лийнхний дунд бий боллоо.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж явсан эрхэм гишүүн маань УИХ-ын дэд даргын сэнтийд оччихоод гэнэт хувирч, төмөр нударгаа зөвхөн сэтгүүлчдэд харуулахаар шийдэв үү гэж гоморхох хүмүүс ч байна. Хариуцлагын тогтолцоо байх нь зүйн хэрэг ч давс хужрыг нь тааруулах нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Тиймээс сонгуулийн үеэр хийдэг булхайтай үйлдлийнхээ хариуцлагыг хэвлэлийнхэнд үүрүүлэхээр улайрч байгаа Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд та хуулийн төслөө эргэж харна уу.  Сэтгүүлчид 5-10 саяар ташуурдуулж, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчид зэрэг хамгийн хариуцлагатай ажиллах учиртай хүмүүс 150-300 мянган төгрөгийн торгуулиар “илүүлдэг” байх нь шударга тогтолцоо мөн гэж үү.


URL:

Сэтгэгдэл бичих