Гурвын эсрэг нэг буюу АТГ-ын хариу мэх

956577d83e6c3cc67a174ed516283cf9Сонгуульгүй жилийн зун улс төр нам амардагсан. УИХ-ын чуулган завсарлахтай зэрэгцээд шахуу Засгийн газар амарчихсан ч улстөрчид албан бусаар ажилласаар.

“60 тэрбумын” гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.ОюунЭрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, төрийн албыг зарах өргөн сүлжээ байгуулах талаар төлөвлөгөө танилцуулдаг. Уг бичлэг эвлүүлэг эсвэл жинхэнэ болохыг нотлохыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шаардаад буй. Тэрбээр уг асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг дэмжсэн 19, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан 26 гишүүний гарын үсэгтэй хоёр бичгийг гол “зэвсэг”-ээ болгож байна. Дээрээс нь ээлжит бус чуулган хуралдуулах тухай Ерөнхийлөгчийн албан бичиг ч түүнд хүч нэмж буй.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт Д.Гантулгын оронд УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдох улстөрч хэн байхаас илүү нөхөн сонгууль хууль эрх зүйн хүрээнд болж чадах эсэх нь анхаарал татаад эхэллээ. УИХ-аас нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 07-ны өдөр хийхээр товлож, СЕХ зохион байгуулалтын ажилдаа орсон. Мөн нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа ч дөхлөө. Гэтэл нэр бүхий хуульчид нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн тухай гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргачихаад буй. Цэц ч гомдлыг хүлээн авч, дунд суудлынхаа маргаанаар хэлэлцэхээр болжээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уг асуудалтай холбогдуулан СЕХ-ноос тайлбар авахыг хүссэн бичгийг хүргүүлсэн байна. Тус бичигт Сонгуулийн тухай хуулийн 3дугаар зүйлийн 3.1.4, Сонгуульд нэр дэвшүүлэх журмын 125.5, Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх заалтуудын талаар тайлбар авахыг хүсчээ.

Тус заалтуудыг задалбал: 

Сонгуулийн тухай хууль 

3.1.4.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг; 125.5.Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.

Төрийн албаны тухай хууль

46.4.Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн байгууллага түүнийг чөлөөлөхөд саад болохгүй.

СЕХ ирэх сарын 20-ны дотор хуулийн тайлбар өгөх ёстой 

Хуулийн эдгээр заалт нөхөн сонгуулийн практикт хэрхэн ашиглах тухай тайлбар авахыг Цэцийн гишүүн Д.Солонго хүссэн байна. Учир нь төрийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, компанийн удирдлагууд ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жил эхэлсний эхний сар гэхэд үүрэгт ажлаа өгсөн байх ёстой. Харин гэнэт зарлагдсан нөхөн сонгуульд дээрх хязгаарлалт үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байдлыг үүсгээд байгаа юм. Мөн сонгуульд нэр дэвшигч нь 25 нас хүрсэн байх өнөөгийн зохицуулалт нөхөн сонгуульд хэрхэн үйлчлэх нь бас л балархай. Оноороо нэр дэвших болзол хангасан ч “тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байх” гэх заалтад сараар нь тооцох мэт агуулга давхар оршиж буй. Энэ мэт хуулийн үйлчлэлийг тодорхой болгосны дараа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий гурван иргэний гомдлыг хэлэлцэх аж. Цэцийн гишүүн Д.Солонго албан бичгийнхээ хариуг наймдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсчээ. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан календарьчилсан хуваарийн дагуу энэ хооронд сонгогчдын нэрийн жагсаалтыг баталж, нөхөн сонгуульд оролцох хүсэлттэй нам, эвсэл, бие даагчдыг СЕХ бүртгэчихсэн байх юм.

Б.Энхжаргал


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 29 August 2018

60 тэрбумын гэх хэрэг үнэн байж болох тухай яриа сонслоо энэ нь гаалийн байгууллагын шинэ бүтцийг нарийн судалбал тэр чигээрээ гэнэдээ ерөнхий газрын дарга нар нь даргын дур мэдэж авсан хамааралтай хүмүүс , газар хороодын дарга нар нь танилын хэмжээний шахаа жишээ нь УБГГ-ын дарга Батгэрэл, Гантуг нар Их хурлын даргын шахааных гэх мэт гэнэ. Оюунэрдэнэ гишүүний анхааралд хүрээсэй гэж бодож бичлээ

Сэтгэгдэл бичих