ТҮЦ-тэй “дайтаж” эхэлсэн хотын менежер Т.Гантөмөр найзуудынхаа компанид хоёр тэрбум гаруй төгрөгийн тендер “бэлэглэжээ”

Улаанбаатар хотын Ерөнхий  менежер, хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр саяхнаас ТҮЦ-үүдтэй “дайн” зарлаад тун завгүй байна. Түүнийг  ТҮЦ нээж хоногийн хоолоо залгуулдаг жирийн иргэд бас зүгээр суулгахгүй бололтой. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн хотын захиргааны үүд сахиж суухаас өгсүүлээд мань эрийн хуулийн дээгүүр харайж хань хамсаатнууддаа тендер “бэлэглэдэг” гэх мэт долоон булчирхайг ёстой тоочиж тавихаар шийджээ.

Т.Гантөмөр дарга хууль дүрмээр өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж, танил талынхаа компанийн захирлуудад нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвт ажлыг тендергүйгээр шууд олгосон байлаа. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 21 дугаартай тушаал гаргахдаа эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хэдэн найз нарынхаа хувийн компанид ийм их хэмжээний мөнгийг хуваагаад өгчихсөн нь нийслэлийн төсөвт нэлээд дарамт учруулж байгаа аж.

Хуулиас дээгүүр эрх мэдэл  эдлэх нь гэмт хэрэг мөнөөс мөн. Иймээс Т.Гантөмөрийн энэхүү дураараа аашилсан хэргийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид шуурхай ажиллах нь зүйн хэрэг биз. Гэвч одоогоор тодорхой шалгаж гавьсан юмгүй байгаа нь тун хачирхалтай.

Т.Гантөмөрийн гаргасан тэрхүү 21 дугаартай тушаалынх нь хавсралтанд зааснаар бол мань хашир юун түрүүнд “Улаанбаатар шинэчлэл” компанид 583.2 сая, “Грейт роуд” компанид 698.6 сая, Охь мандал” компанид 519.4 сая, “Эко орчин” компанид 273.7 сая төгрөгийг тендергүйгээр шууд  “бэлэглээд”  хотын бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар дур мэдэн шийдсэн байлаа. Хотын захирагчийн ажлын албаны дүрмээр бол түүний эрхэлж буй одоогийн албан тушаал нь иймэрхүү ажлыг өөрийн дураар, ямарч тендергүйгээр гэрээ байгуулж хийлгэх эрхгүй юм байна. Иймээс Т.Гантөмөрийн тэрхүү 21 дугаартай тушаал нь мань эрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон авлига, хээл хахуулийн шинжтэй хэргийн гол нотлох баримт гэдэг нь мэргэжлийн хуульчид гэлтгүй эгэл жирийн иргэн хэнд ч төвөггүй ойлгогдоод байгаа ажээ.

Т.Гантөмөрийн энэхүү хууль бус эрх мэдэлд дулдуйдан ажилтай болсон тэдгээр халаасны компаниуд нь Нисэхийн аюулгүйн тойргоос Өлзийт тосгоны  уулзвар хүртэлх замыг засах болон Биокомбинат, хуучнаар Шувуун фабрик, Монос компанийн төв байрны хажуугийн замын уулзвараас Жаргалант тосгон, Ар Гүнтийн чиглэлийн зам, талбайн цэвэрлэгээг хариуцахаар болсон байлаа. Гэвч тэдгээр компаниуд нь хийж гийгүүлсэн олигтой юмгүй л байна. Хоёр тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Тэгээд ч манай дарга нар хэзээнээсээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөө хувийн компаниар дамжуулан тендер нэрийн дор улсын болон орон нутгийн төсвөөс баахан мөнгө тоншин хувааж иддэг муу зуршилтай билээ.

Одоогийн дагаж мөрдөж буй төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бол төрийн байгууллагууд нь тавин сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажлыг хийлгэхэд заавал тендер буюу нээлттэй сонгон шалгаруулалт зарлан хувийн компаниудаас шилж сонгож авах ёстой. Гэтэл Т.Гантөмөрт энэ хууль үйлчилсэнгүй. Уг нь мань эр зарим дарга нарынхаа элдэв заль мэх, буруу булхайг зад шүүмжилдэг их л шударга хүн шиг харагддаг байлаа. Харамсалтай нь тэр одоо их өөр болжээ. ТҮЦ-тэй “дайтах”-аасаа урьдаад уг нь хуулиа дээдэлж хэвшвэл  түүний хувьд илүү буянтай сайн үйл болохсон доо.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 July 2018

ТҮЦ-ээ аваад зайлцгаа, худлаа шантааж хийх санаатай гарууд. Тийм шударга ёсны төлөө дуугарч байгаа бол эхлээд нийтийн эрх ашгийг хүндэтгэн ТҮЦ нэртэй хогийн цэг, жорлонгоо зайлуулцгаачих, 2-т Гантөмөр менежерийг эрүүгийн цагдаа, атг-д өгөөд шалгуулцгаа.

Сэтгэгдэл бичих