Ерөнхий сайд У.Хүрэлсүх гамшиг, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамтран ажиллахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулж үерийн аюул, учирсан хохирлын талаар мэдээлэл сонсож, албаны хүмүүст хэд хэдэн үүрэг, чиглэл өгсөн. Тэрээр энэ үеэр гамшиг, тэр дундаа үерийн аюулд ард иргэд өртөж амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамтран ажиллахыг уриаллаа.
Урьдчилан сэргийлэх, гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагаас бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, сурталчилгааг радио, телевиз, сонин, сайт, гар утас, интернет гээд боломжтой бүх хэлбэрээр иргэдэд хүргэх нь чухал байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн юм.
Байгалийн гамшиг, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд тухай бүр нь сэрэмжлүүлж, ухуулан таниулах үүрэгтэй, Улсын онцгой комисс, комиссын гишүүд ч онцгой анхаарч хамтран ажиллахыг сануулж байсан.
Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар өчигдөр усархаг бороо орж, хүчтэй салхилснаас Булган аймгийн чиглэлийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт суманд 35 кВ-ын 20 тулгуур багана, цахилгаан дамжуулах 30 орчим агаарын шугамын тулгуур багана унасан байна.
Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн нийт 65 сум цахилгаангүй болоод байсан юм. 68 хүн, 19 техник хэрэгсэлтэй засварын бригад Булган, Дундговь, Төв аймгийн 12 сумыг цахилгаанаар холбоод байна. Одоогоор дөрвөн аймгийн 53 сум цахилгаангүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: