Өндөрхаан хотын онгоцны буудлын шинэчлэлтэд Кувейтийн сангаас $3.5 саяын буцалтгүй тусламж олгохоор болов
Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нисэх онгоцны буудлын:
- зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах,
- агаарын хяналтын цамхаг байгуулах,
- онгоцны буудлын хашааг шинэчлэх,
- онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах,
- агаарын удирдлага, харилцаа холбоо,
- рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх ажээ.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас Монгол Улсын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг байнга олгож ирсэн бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын Түлэнхийн төв эмнэлгийн барилгын төсөлд тус сангаас 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт 2017 онд гарын үсэг зурсан байдаг билээ.
URL: