Нойргүйдлээс хэрхэн ангижрах вэ?

iouipНойр бол нилээд их цагийг зарцуулдаг хэвийн үзэгдэл. Нойргүйдэл буюу инсомния нь түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм.

Хүн хэр удаан унтах хэрэгтэй вэ?

Насанд хүрэгчдэд өдөрт 7-8 цагийн нойр хангалттай, харин хөгшрөх тутам унтах цаг улам л багасна. Нойр нь хүн бүрийн хувьд ялгаатай байх бөгөөд зарим хүмүүс шөнө ердөө л 3-хан цаг унтах ч бий.
Олон шөнө нойргүй хоновол сэтгэл санаа тогтворгүй болж асуудлыг шийдэхэд хүртэл төвөгтэй болохоос гадна өдрийн цагаар гэнэт өөрийн удирдлагагүй зүүрмэглэдэг.

Нойр хулжих шалтгаан

  • Хэт их дуу чимээ, агаарын температур болон ор тохиромжгүй байх
  • Тогтмол бус дэглэм
  • Хөдөлгөөний дутагдал
  • Орой хэт их идэх
  • Хэт бага идэх нь эрт сэрээдэг
  • Архи, тамхи
  • Кофеин агуулсан цай, кофе
  • Хурц ба архаг өвчнүүдийн сэдрэлт
  • Сэтгэл санааны таагүй байдал, юманд санаа зөвөх, айж түгших
  • Сэтгэл гутрал
  • Гэр бүлийн ба бусад төрлийн хүчирхийлэл
  • Тураах үйлчилгээтэй эмүүд

Танд ямар нэгэн зүйл туслах болов уу?

Нойрны эм хэрэглэснээр дараагийн өдөр нь сульдаж ядрах бөгөөд удаан хэрэглэвэл дасал болдог. Иймээс нойрны эмийг хэт сэтгэл хямралаас болж унтаж чадахгүй байгаа хүн богино хугацаанд хэрэглэж болно.

Өөрөө өөртөө тусал

Хэрвээ таны нойр хулжиж байвал шөнө сайн унтаж амрахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүл:

Нойргүй удаан хугацаагаар бүү яв. Өдөр бүр тогтмол цагт унтаж босч бай.
Таны унтах ор болон унтлагын өрөө тохилог (хэм тохирсон, шуугаангүй) байх хэрэгтэй.
Усанд сэлэх, явган алхах зэрэг тохирсон дасгалуудыг хий.
Оройн цагаар цай, кофе бүү уу
Орондоо орохын өмнө сүүн бүтээгдэхүүн уухыг хичээ.
Хэт их архи бүү уу, энэ нь таныг унтахад туслах боловч шөнө дунд заавал сэрээдэг.
Хэт орой болсон байхад юм идэх, уухыг хоригло. Оройны хоолоо эртхэн идэж хэвш.
Хэрэвээ та шөнө муу унтсан бол өдөр нь унтахгүй байхыг хичээ, энэ нь дараагийн шөнө унтахад бүр бэрхшээлтэй болгодог.
Орондоо орохын өмнө тайвширч биеэ суллахыг хичээ.
Эмчээсээ тайвшруулах дасгалтай CD авч хэрэглэж болно.
Хэрвээ та ямар нэг юмны төлөө санаа зовж, түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаа тохиолдолд орондоо орохоосоо өмнө бүгдийг нь доош жагсааж бичээд би маргааш үүнийг хийж заавал чадна гэж өөртөө хэл.
Хэрэвээ та орондоо орчихоод унтаж чадахгүй бол энэ тухай санаа зовж бүү хэвт, тэрний оронд юм уншиж, зурагт үзэх, намуухан хөгжим сонсох г.м өөрийгөө тайвшруулах ямар нэг зүйлийг олж хий. Түүний дараа та ядарч унтахад бэлэн болсон байна.

Дээрхи аргуудын аль нь ч танд туслахгүй бол та эмчид хандах нь зөв. Эмчтэйгээ уг асуудлын талаар сайн ярилцаж зөвлөлдөөд, таны нойрны хямрал биеийн ямар нэг өвчнөөс шалтгаалаагүй бол танд эмийн болон сэтгэл зүйн эмчилгээ зөвлөнө.

Хэт их унтах

Зарим хүмүүс сэрэхгүйгээр өдөржин унтдаг. Энэ нь урьд шөнө нойр алдсан шалтгаанаас болдог. Ийм байдал удаан үргэлжилбэл чихрийн шижин, вирусын гаралтай халдварт өвчнүүд, бамбайн булчирхайн өвчин зэрэг өвчнүүдэд өртөмтгий болно.

Нарколепсия

Өдрийн цагаар заримдаа олон нийтийн дунд байх үед хүн өөрийн удирдлагагүй гэнэт унтахыг нарколепсия гэнэ. Тухайн хүн харахад сэрүүн юм шиг, гаднын юмсыг харж, сонсох боловч ямар ч хөдөлгөөнгүй болдог. Зарим тохиолдолд нарколепсия уурлаж цочирсон, сэтгэл хөөрч баахан инээсэн үед гэнэт булчин суларч коллапсад орохтой хамтран явагдах тохиолдол бий.

Унтах үед амьсгал тасалдах

Хэт чанга хурхирдаг хүн хамт унтаж байгаа хүндээ маш түвэг учруулдаг. Ийм хүмүүсийн амьсгал унтаж байх үед тасалддаг нь ноцтой эмгэг бөгөөд хүн унтаж байхдаа чанга хурхирч байгаад түр хугацаанд амьсал нь зогсох үзэгдэл юм. Ийм зовиуртай хүмүүс ойр ойрхон сэрж, дараагийн өдөр мэдэгдэхүйц их ядарснаа мэдэрдэг, учир нь амьсгал олон удаа тасалдсанаас тархи хүчил төрөгчийн дутагдалд орсон байдаг. Жин ихтэй, нас өндөр хүмүүст элбэг тохиолдоно.

Шөнө хар дарах

Бидний ихэнх нь хар дарах буюу хар дарж зүүдэлдэг. Амьдралд тохиолдсон олон мартагдашгүй зүйлүүдийг бид үүрээр голдуу зүүдлэх бөгөөд энэ үед л хар дардаг байна. Энэ нь ямар нэгэн онцлог шалтгаангүй бөгөөд голдуу сэтгэл санааны хямралт байдлаас шалтгаална. Шөнө хар дарах нь хүчирхийлэлд өртөх, ямар нэгэн гай гамшиг тохиолдох, өнчрөх зэрэг сэтгэл санааны хүнд хямарлаас болж үүсдэг. Энэ үед эмчээс зөвлөгөө авах нь чухал.

Тайван бус хөл

Зарим хүмүүс унтаж байхдаа хөлөө ийш, тийш огцом хөдөлгөж хамт унтаж байгаа хүнээ сэрээдэг. Үүнийг шийдвэрлэх амар арга нь 2 хүний өргөн орны оронд 2 ширхэг дан ор зэрэгцүүлж тавих нь зөв.


URL:

Сэтгэгдэл бичих