“НОМИН”-ГООС НОЙЛЫН ЦААС Ч БҮҮ АВ!

32439

Найз маань “Номин”-гоос наадмын юмаа бэлдэх гэж явахад нь ятгаж болиулав. Ятгах ч юу байхав, найз маань учиртай хүн болохоор, яагаад ингэх гэж “хатуурхах” болсон учрыг минь сонсмогц даруй санаа нийлж эднийхийг жигшээд, нойлын цаасаа ч эднээс авахгүй гэж хоёул шийдэв. Учир нь ийм юм. “Но…”-гийнхон дэлгүүр дэлгэхээс гадна энд тэнд байшин сав барьдгийг бүгд мэднэ. Маршалын гүүрний баруун хойд этгээдийг гэхэд л тэр чигээр нь авч, үнэтэй хотхонууд барьсан, барьсаар байгаа газрынх нь нийт талбай нь арван тавын арван таван га. 150 кв/км газар гэсэн үг юм уу даа. Гэтэл тэрүүхэн тэнд нь нэг нөхөр алгын чинээ байшин барьжээ, хоёр гурван жилийн өмнө, хууль номынх нь дагуу. Хүүхдэд дуу хөгжим заадаг соёлын төв юм. Сумын хөлөөв л гэсэн үг. Олсон хэдэн төгрөгөөрөө байшин бариад дотор нь дугуйлан хичээллүүлдэг, очиж очиж хийл, төгөлдөр хуурт сургадаг, бүжиг заадаг тэнэг Монголд өнөөдөр түүнээс өөр байхгүй байх. Мөн л урлаг соёл түгээж дэлгэрүүлсэн мөнгөөрөө, өөрөөр хэлбэл клип энэ тэр хийж олсон хөрөнгөөрөө шүү. Но-той гарууд шиг оймс гутал зарж явсан гэж түүнийг дуулаагүй. Тэр хүнийг С.Ононбат гэдэг. Урт үснээсээ олон клип, тоглолт, нэвтрүүлэг бүтээж 90-ээд онд шинэ үеийн монголчуудыг хөмөрсөн тогооноос нь цухуйснаас хойш оюун сэтгэхүйг нь орчин үеийн соёлоор сүүлийн гучин жил гэгээрүүлж тэжээсэн хүн. Бүтээснээр нь умдаалж, урамшиж, урагшилж, соёлжсоор буй монголчууд түүнийг мэдэх нь хэдийнээс мэднэ, мэдэхгүй нь саяхны “Voice” шоугаар мэддэг, хэн бэ гэдгийг нь таньдаг болсон байх. Соёл түгээж олсон мөнгөөрөө соёл түгээдэг тэнэгийн тэр алгын чинээ дөрвөлжинд одоо 150-иад хүүхэд урлагийн ном үзэж байгаагийн хамгийн бага нь дөрвөн настай. Ингээд мөрөөрөө мөрөө давуулаад үсээ унжуулаад явж байсан чинь тэр хавийн хаан гэж өөрийгөө ойлгосон “Но…”-гийнхон үүд хаалгыг нь дараад хашаа хатгаад хаяж. Хажуу бөөрнөөс нь хашаад, байшин барилгаар баглаад, хар замаар хаагаад удсан нь бүр ч дүүрч. Хууль журманд нь “За энэ хэсэг газар болбаас нийтийн эзэмшлийн газар байна аа, хааж хашиж болохгүй ээ, зам мам тавьж бүр болохгүй” гээд цагаан дээр хараар заачихсан байхад тэр. Эрхбиш хуулиндаа заалттай тул албаны улс нь ирээд буулгаад хаяатхаар шөнөд нь буцаагаад зоогоод авдаг аж. Цагдаагийнх нь, мэргэжлийн хяналтынх нь, газрын албаных нь түшмэд хууль бус байна аа гэдгийг нь хэлсээр, мянга мянган хуудас хууль журам барьж ярьсаар дийлэхгүй жил дамнажээ. “Ламбугай нарыг ч мэднэ ээ” гэж аль кинон дээр хэн хэлдэг билээ дээ, манай түшмэдийн ямрыг ч бас эс мэдэх биш дээ. Ингээд дийлэхгүй, бүр“Урлагийн муусайн гуйлгачид” гэж тавлуулаад, хүлцээд тэвчээд байж байтал сая хэд хоногийн өмнөөс өнөө хашаан дээгүүрээ ёрдойсон шон гагнаад эхэлснийг нь нүдээр үзэж нүгэл хураалаа би гэдэг хүн. Өргөст тор татах юм гэнэ. Тог гүйлгээд шорон болгох нь л дээ. Муухай дээрэлхэж байгаа юм шүү. Нэг нь нөгөөгөө дээрэлхэж л байдаг, ингэж дээрэлхэнэ гэж байх уу? Даварна даварна гэхэд ингэж давардаг ёс бий бил үү?
Миний л бодоход эднийг ”Даварсаар даварсаар Дагвын орондоо очно биз” гээд хаячихаж огт болохгүй. Дагвын орондоо очиж нажидаа эдэлтлээ эд их удна, их гай болно бидэнд. Бидний аж төрөхүй, бидний үнэт зүйл, бидний эрх чөлөөг чадлынхаа хэрээр гутаана, хорлоно, доромжилно. Эдний чадал их, яагаад гэвэл мөнгө нь тоогүй, балмад нь хязгааргүй. Нэг өглөө босоход чиний, миний гэрийг тойруулаад өргөст тор татчихад ер гайхах зүйлгүй. Тийм учраас “Тэгж л байг” гээд хаячих нь өөрсдийгөө эмлүүлэх гээд биеэ тавиад өгсөнтэй ер ялгаагүй. Тэгүүлэхгүйн тулд амиа хоохойлоод хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж болохгүй. Би л хувьдаа тэгж чадахгүй. С.Ононбат хэн бэ гэдэг нь энд нарийндаа хамаа ч үгүй юм. Ерөөсөө бидний хэнд ч тохиолдож болох, тохиолдсоор ч байгаа ийм бурангуй юмыг нүдээ аниад өнгөрөөх нь өөрөө гэмт хэрэг биш үү? Бурангуйд аранга байх үүрэгтэй сэтгүүлчид үүнийг нүдээ аниад өнгөрөөхгүй байх гэж найдаж байна. “Но…”-тонгуудаас угаадас хүртэж дуугаа хураасан нэр бүхий телевизүүд бий нь хөдөлбөргүй үнэн, харин “Eagle” тэргүүтэй зарим нь үнэнийг үзүүлсэнд талархана. Тэгвэл би, бид юу чадах вэ? Би л лав эднийг энэ бурангуй юмаа зогсоотол “Но…”-гийн нэртэй үй түмэн юмны нэгээр нь ч орохгүй, эдний борлуулж буй ганц ч юмыг худалдан авахгүй, нийгэм нийтийн эсрэг өргөст тор татахад нь, энэ увайгүй балмад ажлаа санхүүжүүлэхэд нь тэгж гар бие оролцохгүй. Үүгээр зогсохгүй ах дүү, садан төрөл, найз нөхөд, таньдаг мэддэг бүх хүндээ “Номин”-гоос нойлын цаас ч бүү ав!” гэж уриална, үүгээрээ уриалж ч байна. Надтай адилаар энэ ханаж цадахаа мэдэхгүй хялгасан хоолойтой бирдүүдэд зэвүү нь хүрээд, уриалгыг маань дэмжиж буй хэн боловч санал бодлоо хуваалцаж, цааш цааш нь түгээн дэлгэрүүлэхийг хүсье.

https://www.facebook.com/batamgalan.buyanjargal/posts/2122137497813623


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 July 2018

120 myangatiin 16 bairnii urd nomin barilga barih gd bga shu

Нэр: Монгол эр Огноо: 10 July 2018

Эхнэр бид 2 Номингоос хүнсээ аваад, эрэгтэй хүн болхоор нийт үнийн дүнг анзааралгүй төлбөрийг төлчөөд баримтаа аваад гарах гэтэл эхнэр маань НӨАТ баримт харсан чин 1,500 төгрөгний үнэтэй барааг 15,000 төгрөг гээд бичсэн байх жишээтэй. За андуурсан л байх гэж бодмоор. Гэтэл Номингийн бас нэг салбараас бас овоо хэдэн төгрөгөөр хэрэгтэй зүйлүүдээ худалдаж аваад мөн л хашраагүй бас дахиад илүү мөнгө төлөөд гарах гэтэл баримтаа шалгаад үзэхэд бас л Номинд “луйвардуулах” шахсан. Кассны ажилтанда хэлэхэд уурлангуй харицаж “Ядаргаатайн” гэж өөдөөс хэлэх юм. Яадаж уучлаарай ч байхгуй хэвийн үзэгдэл шиг. Тиймээс Номингоос эд зүйлээ худалдаж авахдаа баримтаа байнга шалгаж байгаараа тэгэхгүй бол энэ луйварын газарт “хандив” өгөсөөс сэрэмжилээрээ.

Сэтгэгдэл бичих