Үндэсний бөхийн допингийн шинжилгээг хоёрын даваанаас авна
Үндэсний их баяр наадмаар зодоглох бөхчүүдийг өнөөдөр Спортын төв ордонд бүртгэнэ. Бүртгэлийг баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар комисс хариуцан хийх аж. Энэ жилийн барилдаанд 512 бөх барилдуулах юм. Түүнчлэн Монголын үндэсний бөхийн холбооноос чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо мэдэгдсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “…Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ. МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэт бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний их баяр наадмыг жил болгон будилаантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна” гэжээ.
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: