“Жигүүр гранд”-ын Т.Баттөр Энхтайван найрамдлын ордны өмнөх талбайг нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу
“Жигүүр гранд” группийн ерөнхий захирал Т.Баттөр Энхтайван найрамдлын ордны өмнөх газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэ цохин худалдаж авсан гэх мессэж нисээд багагүй хугацаа өнгөрлөө.
Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Энхтайван найрамдлын ордон 1971 онд баригдаж, улсын өмчид бүртгэгдэн ашиглалтад орж байсан түүхтэй. Хувьчлалын үеэр тус ордонг Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбоо өмчилж авсан байдаг.
Харин Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбоог НИТХ-ын нөлөө бүхий эрхэм, Элчин сайдууд удирддаг аж. Эдгээр эрхмүүд олон жил яриа хөөрөө хийсний хүчинд холбооныхоо өмч гэх Энхтайван найрамдлын ордны өмнөх талбайг нэг тэрбум төгрөгөөр арилжсан гэх яриаг учир мэдэх хүмүүс ам дамжуулан ярьж байна.
Гэвч холбооны удирдлагууд зарсан талбайд нь босч буй Т.Баттөрийн барилгыг “Энхтайван найрамдлын ордонг өргөтгөж байна” хэмээн тайлбарладаг юм билээ.
Энэ талбайд босч буй шинэ барилгыг “Жигүүр гранд”-ын Т.Баттөрийн төрсөн дүү Т.Бат-Өлзийгийн “Сандэй” групп барьж байна. Т.Баттөр, Т.Бат-Өлзий нар энэ талбайдаа 17 давхар нэлээд том худалдааны төв босгох аж.
Энхтайван найрамдлын ордны зарагдсан газар хотын төвд үлдсэн сүүлчийн том талбай байсан гэхэд болно.
Уг нь энэ талбайд орой үдшийн цагаар хүүхдүүд дугуй унаж, дээс тоглож, хөгшид салхилж, залуус болздог сэлүүхэн сайхан газар байлаа. Гэтэл гурван жилийн өмнө энэ талбай дээр барилга барихаар хашаа босгож, газар ухаж эхэлсэн. Тухайн үед ойр орчмын оршин суугчид нь багагүй хэл ам хийсэн боловч иргэдээ төлөөлөн төрд суудаг дарга нар яаж ийгээд амыг нь таглаж дөнгөсөн байна.
Энхтайван найрамдлын ордны эзэмшилд 2000 оноос өмнө 0.9 га газар байжээ. Гэвч жил ирэх тусам газар нь танагдсаар өдгөө гурван давхар нурах дөхсөн байшин л үлдэж байгаа аж.
Энэ байдал цаашид үргэлжилбэл удахгүй Энхтайван найрамдлын ордон ч зарагдах нь бололтой. Бололтой ч биш, бараг энэ тохироо аль хэдийнэ хийгдчихсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Ийнхүү 40 жилийн түүхтэй Монгол, Оросын эв найрамдлын бэлгэдэл болсон Энхтайван найрамдлын ордон Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбоо гэх байгууллагын гараар ороод дууслаа.
Эх сурвалж Өглөөний сонин
URL: