Энэ оны эцэс хүртэл арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгчээ
Эдийн засгийн байнгын хорооны зүгээс энэ хаврын чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийсэн.
Тус байнгын хорооныхон хаврын чуулганы хугацаанд 14 удаа хуралдсан бол ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ. Хаврын чуулганы хугацаанд 30 гаруй асуудлыг хэлэлцэж, 32 санал дүгнэлт бэлдэн, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулсан байна. Энэ хугацаанд дөрвөн хууль, долоон тогтоол, олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээрийг батлуулжээ.
Тус байнгын хороо 2017 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2019 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бэлтгэх, татварын орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажил хийсэн гэдгийг онцлов.
Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, 30 хувийг нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах тогтоолын төслийг УИХ баталсан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн гэж байнгын хорооны дарга онцоллоо. Мөн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн гол ажлын нэг нь банкны салбарын хуулиуд болон банкийг тогтворжуулах хууль юм.
Энэ хуулийн хүрээнд 2018 оны сүүл хүртэл банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгсөн. Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа өгөөд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах боломж өгнө. Үүний дараа өөрийн хөрөнгө нь хэмжээндээ очоогүй бол төр хувийг нь шууд хурааж авахаар хуульд тусгасан юм. Энэ бол банкны салбарын тогтвортой байдлыг хангах чухал заалт болсон гэдгийг ч Байнгын хорооны дарга тодотгосон.
Харин өмч хувьчлалын тухайд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Төрийн өмчийг цэгцтэй болгох асуудлыг шийдсэн. Ашиглахгүй байгаа төрийн өмчийг орон нутагт нь буцаах, замбараагүй ашиглаж байгаа төрийн өмчийг цэгцлэх, тооллого хийх, хамгаалалт, хяналтыг сайжруулах тогтоолыг баталж өгсөн. Агаарын харилцааг сайжруулах үүднээс МИАТ-ын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн ашигтай чиглэл рүү ганц хоёрхон газар тээвэр хийж байна. Есдүгээр сар хүртэл тасалбар олдохгүй, үнэ нь өндөр байгаа учраас өөр компани нисгэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой, “Эрдэнэт үйлдвэр” дээр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгойн ажлын хэсгийн ажил үндсэндээ дууссан. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна.
Тиймээс ирэх намрын чуулганаар энэ хоёр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Чуулган завсарласан хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын банкны ажлын хэсгийг ажиллуулах гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтын банкийг Монголд оруулж ирж болох хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирнэ. Ингэснээр зээлийн хүү буурах юм. Мөн Орос, Монголын хамтарсан төмөр зам дээр очиж ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.
О.Сайхан
URL: