Путин, Трамп нарын уулзалт барууныг яагаад айлгадаг юм бол?
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Москвад хийсэн айлчлалынхаа явцад удахгүй болох Дональд Трамп, Владимир Путин нарын гурав дахь уулзалтын нарийн ширийнийг зөвшилцөж тохирчээ. Хэлэлцээ долдугаар сарын 16-нд Хельсинкид болно. Энэ мэдээ Баруунд олон хүнийг санаа зовниход хүргэжээ. Трамп, Путин нарын уулзалт хэний санааг, яагаад зовоож айлгах болсон талаар РИА Новости-гийн тоймч Владимир Ардаев ийнхүү бичсэнийг орчуулан хүргэж байна.
“ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР?”
Жон Болтон Москвад болсон хэвлэлийн хурлын эхэнд Ангела Меркель, Эммануэль Макрон, Себастьян Курц … хэмээн сүүлийн үед Владимир Путинтэй уулзсан барууны лидерүүдийн нэрийг тоочин дурдав. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын хувьд түүнтэй бүрэн дүүрэн хөтөлбөрөөр уулзах цаг болсон гэсэн санаа. Гэтэл түүний энэхүү маневрыг CNN-ний сурвалжлагч тасалдуулж, “ОХУ өөрийнх нь эсрэг хориг тогтоосон заалтуудаас нэгийг нь ч засаагүй байхад” чухам ямар үндэслэлээр ийм уулзалт хийх нь зүйтэй гэж Цагаан ордон үзэж байгаа юм бэ хэмээн асуужээ.
“ОХУ, АНУ хоорондын хоёр талын харилцаа дэлхий дахины тогтвортой байдалд нөлөөлж байгаа учраас ерөнхий гол гол асуудлаар санаа бодлоо солилцож хэлэлцэх, хамтын ажиллагааны салбаруудыг илрүүлж тодруулах шаардлагатай гэж Ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин нар үзэж байгаа юм” хэмээн Болтон хариулав.
Ийм уулзалт хийхэд ер бусын зүйл огт байхгүй. Трампын сонгуулийн штаб Кремльтэй “хуйвалдсан” тухай цуурхал яриаг зөвлөх “дэмий хоосон” зүйл гэв. Орос, Америкийн Ерөнхийлөгч нарын өөр хоорондын “онцгой харилцаа”-ны үр дүн нь уулзалт болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзсаны дараа зөвлөхийн хянуур болгоомжлол, Трампад сөрөг телевизийн сувгийн сурвалжлагчийн дайчин түрэмгий байдал хоёрын аль аль нь гайхмаар гэхээс илүүтэй утгагүй харагдаж байна. Эсрэг тэсрэг улсуудын тэргүүн нарын нүүр тулсан шууд холбоо харилцаа Орос-Америкийн хэлэлцээний тухай мэдээнээс ч бага хэмжээгээр сөрөг сэтгэгдэл үлдээсэн бололтой.
УРЬДЧИЛЖ МЭДЭХИЙН АРГАГҮЙ ТРАМП
АНУ-ын Ерөнхийлөгч долдугаар сарын 11-12-нд товлогдсон НАТО-гийн уулзалтад оролцоод 13-нд Лондонд айлчилна. Дараа нь Путинтэй уулзахаар Хельсинкийг зорино. Үүнийг Их Британид онцгой түгшүүртэйгээр хүлээж байна хэмээн Эрхэмсэг хатагтайн танхимын нэрээ хэлээгүй сайдын хэлснийг эш татан Блүүмберг агентлаг мэдээлэв. Тэрээр агентлагтай ярилцахдаа “Трамп хэрэв Сингапурт БНАСАУ-ын эрэг хавиар Өмнөд Солонгостой хамтран цэргийн сургуулилт хийхээс татгалзахаа Кимд амласан бол Европын холбооны зүүн хил дээр байршуулсан цэргийн тоог хорогдуулах төлөвлөгөөг Путинд санал болгож магадгүй” хэмээн Даунинг-Стритэд түгшиж байна хэмээн тайлбарлажээ. Британийн улстөрчид Скрипалийн хэргээр Москваг ил тод буруутгасныхаа дараа ОХУ-тай дан ганцаар сөргөлдсөн хэвээр үлдэхийг Лондон нэг их хүсэхгүй байгаа ажээ.
Иймэрхүү маягаар сэтгэл түгшиж байгаагаа “The Times” сонинд яриа өгөхдөө Британийн Засгийн газрын албаны хүмүүс мөн илэрхийлсэн байна. Тэдний үзэж байгаагаар, хэлэлцээний үр дүнд Вашингтон энэ намар Норвегид болох хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзах, эсвэл бүр Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрч ч чадах юм байна. Гэхдээ энэ бол үнэхээр санаанд багтамгүй төсөөлөл хэмээн гадаад болон батлан хамгаалах зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Федор Лукьянов үзэж байна. НАТО-гийн зүүн хэсгийн улс орнууд түүний бодлогыг бүрэн дүүрэн хуваалцаж, дэмжиж байгаа тохиолдолд, тухайлбал, Польш улс Америкийн цэргийн баазыг нутагтаа байршуулсны зардлыг өөрсдөө төлөхөд бэлэн байна хэмээн мэдэгдэж байгаа нөхцөлд энэ бүс нутгаас цэрэг гаргах ямар ч үндэслэл Трампад байхгүй. Түүнээс гадна Солонгосын хойгоос цэрэг гаргаж, сургуулилт зогсоох асуудал бол юу ч биш. Трамп бол тохиролцоог биш өгөө авааг баримталдаг хүн. Түүний амлалт урт удаан хугацааных биш болохоор нэг их итгэж найдах хэрэггүй.
“Өнөөдөр Барууныхан эрх барьж байгаа бүлэглэлүүдийн дотоод тэмцлээс үүдсэн үлгэр домгийн тогтолцоонд л оршиж байна. Тийм үлгэр домгийн нэг нь Трамп Путин рүү тэмүүлээд байна, түүнийг сул тавих юм бол холбоотнууддаа хор хохирол учруулах, ардчилал, барууны үнэт зүйлийг сүйтгэх ямар нэг зүйл тэд хоорондоо тохиролцоно гэсэн хий хоосон санаа. “Москватай тогтоох холбоо”-г Трампын эсрэг хэрэглэх арга хэрэгсэл болгочихоод өөрсдөө одоо түүндээ итгэж эхэлж байна” хэмээн Федор Лукьянов өгүүлэв.
ГУРАВ ДАХЬ ОРОЛДЛОГО
Уулзалт болно гэдгийг хоёр тал албан ёсоор мэдэгдсэн, уулзалт болох нь дамжиггүй. Үр дүн нь харин юу вэ гэдэг бол өөр асуудал. Лидерүүд Украинаас эхлээд зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээр хүртэл өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэх хэдий ч нааштай сайн үр дүн гарна гэж нэг их хүлээх хэрэггүй хэмээн Хадсоны (АНУ) дээд сургуулийн цэрэг-улс төрийн шинжилгээний төвийн захирал Ричард Вайц үзэж байна. Эдгээр асуудлын олонхиор нь Москва, Вашингтон санал зөрдөг.
“Би олон юм хүлээхгүй байна. Уулзалт болно, зарчмуудын талаар мэдэгдэнэ. Би тийм ч нэг их өөдрөгөөр харахгүй байна. Олон асуудал хэлэлцэх учраас хөтөлбөрийн хүрээ тодорхой хэмжээгээр өргөн байх биз. Гэхдээ үүнээс ямар нэг зүйл болж бүтнэ гэж харахгүй байна”хэмээн Вайц РИА Новостид мэдээлжээ.
Шинжээчийн үзэж байгаагаар Москватай харилцах харилцааны хувьд Америкийн Ерөнхийлөгчийн гар хүлээстэй, тодорхой алхам хийхийг, тухайлбал, хоригийн асуудлаар, түүнд Конгресс зөвшөөрөхгүй. Түүнээс гадна АНУ-ын холбоотнууд ОХУ-ыг G8-д эгүүлж оруулах Трампын санаанд саад учруулна.
Гэсэн хэдий ч уулзалтын үр дүнд ямар нэг зүйлээр заавал тохиролцоонд хүрэх албагүй хэмээн Вашингтонд үзэж байна. Жон Болтоны хэлснээр “Уулзалт болж байгаа нь өөрөө маш чухал”. Үүний хамт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтын үр дүнд тунхаг бичиг гарах байх гэсэн билээ.
Хоёр талын уулзалтын формат бол хоёр орны муудсан харилцааг урагш ахиулах нэг алхам болно. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар анх удаа өнгөрсөн оны долдугаар сард Хамбургэд болсон “Их 20”-ийн чуулга уулзалт дээр уулзсан. Арга хэмжээний хооронд улс төрийн лидерүүд хоёр цаг хэртэй харилцан ярилцсан боловч хэвлэлийнхэнтэй уулзаагүй. Путин, Трамп нар хоёр дахь удаагаа арваннэгдүгээр сард Вьетнамын Данангад Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр уулзсан. Эдгээр хэлэлцээг бүрэн дүүрэн уулзалт болсон гэж хэлэхэд хэцүү. Зөвхөн Сирийн асуудлаар л хамтарсан мэдэгдэл хийсэн.
Одоо харин Ерөнхийлөгч нар нэлээн нухацтай ярилцах бодолтой байх шиг байна. Эхлээд ёслолын арга хэмжээ, дараа нь өглөөний цай уунгаа ажил хэргээ ярилцана, тэгээд Путин, Трамп нар хэвлэлийн хурал хийнэ. Орос Америкийн харилцаанд ийм зүйл бололгүй нэлээн хэдэн жил өнгөрсөн. Тэгэхээр энэ бол яах аргагүй сайн үр дүн мөн.
Бэлтгэсэн Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: