“Гологдсон” Лондонг Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө дахин дуудав

Монголын  хөрөнгийн  бирж 20  жилийнхээ ойн  босгон дээр шинэчлэлийн төлөө алхахаар болж буйг  2011 оны эхэнд онцолж хэлэх нь зөв юм. Учир нь, хуучин оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг Лондонгийн хөрөнгийн биржид шилжүүлэх гэрээг,   албан ёсны  хэллэгээр  бол  хамтран ажиллах  Стратегийн түншлэлийн гэрээг талууд үзэглэлээ.  Харин   ТӨХ-ны дарга Д.Сугар, Лондонгийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Xavier Rolet гэсэн хоёр эрхмийг гарын үсэг зурахаас өмнө  Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Л.Ганбатыг  сольж,  “Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Болдыг томилсон юм.  Хөрөнгийн биржтэй холбоотой эл хоёр асуудлыг ТӨХ-ны пүрэв  гаригийн ээлжит хуралдаанаар  шийдвэрлэсэн юм.

Харин ТУЗ-ийн дарга солигдсон тухай мэдээллийг хурал болсон өдөр буюу 30-ны өдөрт багтан  хэвлэлийнхэнд өгсөн бол, Лондонгийн биржийг менежментийн багаар шууд шалгаруулсан тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш өгөв.  Ер нь засгийн эрхмүүд олны анхааралд байгаа, олон эрх ашигтай холбоотой асуудлыг  баяр, найр, наадмыг далимдуулаад шийдчихдэг жишиг  бий. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай  тогтоолыг долоодугаар сарын 7-ны өдөр буюу наадмын өмнөхөн  батласан нь, өдгөө ч яригдсаар л байна. Тэгэхээр стратегийн тодотголтой Тавантолгойн  ордтой холбоотой янз бүрийн байр сууриуд байсан, одоо ч байгаа. Энэ нь баяр далимдуулж, асуудлыг шийдэх шалтгаан байсныг харуулж байдаг.

Харин Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагын асуудлыг  бас л баяр далимдуулж шийдсэн нь ямар учиртай юм бэ.  Юу болоод өнгөрснийг сөхөөд үзье.

Тендер яагаад хүчингүй болов?

“Монголын Хөрөнгийн Бирж” –ийг   дэлхийн жишигт  нийцүүлэхийн тулд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  туршлагатай багийг түших нь зөв алхам.  Ерөнхий сайд С.Батболд Хөрөнгийн зах зээлийг Хөгжлийн хөшүүрэг гэж зарласан,  тодорхой алхмуудыг хийж эхлүүлсэн.

ТӨХ ч  менежментийн багийг шалгаруулах тендер зарласан. Улмаар олон улсын биржүүд хүсэлтээ ирүүлж,   тендерийн шалгаруулалтад анх таван баг үлдэж байсан. Таваас Америкийн “Насдак”, БНСУ-ын “Korea exchange”  хоёр тунан үлдэж, чухам хэн нь вэ гэлцэж байв. Харин  2010 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн  биржийн удирдлагын тендерт будлиан гарчээ, хүчингүй болжээ  гэх мэдээлэл яригдаж эхэлсэн юм. Ийм мэдээлэл идэвхтэй дэгдэх үест ТӨХ эзэнгүй хороо мэт байв. Учир нь,  ТӨХ-ны дарга Д.Сугар  даргаас мэдээлэл авах гэхээр “хариуцсан ажилтантай холбогд” гэж өөрөөсөө түлхэж  дэд дарга руугаа чихдэг. Нөгөө хүмүүс нь мэдэхгүй гэх хариултыг өгдөг байв.

Асуудал явсаар,   10-аад хөрөнгийн бирж, компаниудаас шилэгдэн үлдсэн    “Nasdaq  OMX&Mosdaq” ,  “Korea Exchange” хоёр  хангалтгүй үзүүлэлттэй байсныг  ТӨХ сүүлд нь мэдэж, Ажлын хэсэг нь дүгнэлтээ ТӨХ-нд өгч  хэлэлцүүлснээр Үнэлгээний хороо “тендер хүчингүй”  гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргасан гэдэг.

Солонгосын талаас татгалзсан шалтгаан нь тэд  манай хөрөнгийн биржид  12 сая долларын хөрөнгө оруулсныхаа хариуд Хөрөнгийн биржийн тодорхой хувийг эзэмших хүсэлтэй байгаагаа тулгасан. Манай талаас бол тэдний хийсэн сайжруулсан ажлыг шалгаж нягтлаад хүлээн аваад, мөнгийг нь төлөөд, дараа нь хувьчлалаа зарлах ёстой тул, тэдэнтэй тохиролцохгүй гэсэн   шийдвэрийг гаргасан байдаг.

Харин  “Nasdaq  OMX&Mosdaq”-ээс  мэргэшсэн багаа  Монголд суурин ажиллуулахаас  татгалзсан учраас бид татгалзсан гэх тайлбарыг өгч байсан. Сонирхолтой нь, ийм мэдээллийг өгөхөөс бүр өмнө Лондонгийн бирж Монголын Хөрөнгийн Биржийг удирдахаар тохиролцоо явагдаж буй тухай мэдээлэл гараад байсан юм.   Ерөнхий сайд  С.Батболд ч   Монголын хөрөнгийн биржийг Лондонгийн бирж удирдана гэсэн үгсийг “Ройтерс” агентлагт ярилцлага өгөх зуураа  унагасан талаар шуугиантай яригдаж байв. Энэ шуугиан ч тендер хүчин төгөлдөр, ном журмын дагуу явагдаж  байсан үед гарч байв.  Харин  үүний дараа  ТӨХ  тендерийг хүчингүй болгосноо зарлаж,  Д.Сугар дарга хүчингүй болсон тендерийг  хууль зүйн ямар ч алдаа мадаггүй явагдаж,  хугацаандаа дууссан гэж хэлснийхээ араас  Лондонгийн биржийг ашигтай санал ирүүлснийг  онцолж байлаа.

Түүнчлэн,  манай сайт ч Хөрөнгийн биржийн удирдлагын тендерийг хүчин төгөлдөр байх үеэс эхлээд л,   тендерийн шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцэж ирсэн гэх   Америк, Солонгосын биржүүдийг унагах  “тохиролцоо”  явагдаж буй талаар мэдээлж байсан билээ.

“Гологдсон”  Лондон тодорсон нь

Лондонгийн бирж  анх тендерт оролцоод бүдэрсэн байдаг юм.  ТӨХ тэгж муу ажиллаж, шилж  сайныг нь  үлдээж чадаагүйн буруу юу. Ер нь бол Лондонгийн биржийн босго     Хонгконг, Солонгос,  Торонтогийн биржүүдээс илүү өндөр.  Нэг ёсондоо, Лондонгийн бирж  том компаниудад  бүр илүү нээлттэй гэсэн үг. Гэхдээ боломж өндөртэй жижиг компаниудад ч боломж олгох байдлаар ханддаг.

Гэсэн  ч  шалгаруулалтад   Лондон тунаж үлдэж чадаагүй буцаж байв. Гэхдээ тэдэнд эргэж ирэх боломжийг Монголын Засгийн эрхмүүд олгосон.   Тодорхой хэлбэл, Тендер хүчингүй боллоо гэх мэдээллийг ТӨХ-ноос өгсөнтэй зэрэгцээд есдүгээр сарын  29-ний өдөр Лондонгийн биржийн  удирдлагууд Улаанбаатарт газардсан юм. Харин тэр үед бид Лондон Монголын Хөрөнгийн Биржийг удирдахын төлөөх алхмаа хийж байна гэдгийг онцолж бичиж байсан билээ. Ер нь бол Дэлхийн  Хөрөнгийн зах зээлийн  үүх түүхийн  200-н жилд нь тодорч яваа Лондонгийн биржийг дагах нь манай тухайд алдах зүйл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэхдээ ном журмын дагуу явсан тендерийг хүчингүй болгож, шууд байдлаар  Лондонгийн биржийг сонгосон сүүлийн энэ алхам нь анхаарал татаж буй юм.  Тэгэхээр,  манай тал  Лондонг анх голсон нь санаатай үйлдэл ч байж мэдэхээр харагдаж буй юм. Нэг ёсондоо тохиролцох шалтаг, шалтгаан бий болоод л, эзэн нь эдээ мэддэгийн үлгэрээр манай тал Лондонд ханджээ.

Тэрчлэн, тов ёсоор 29-ний өдөр Лондонгийн  биржийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн менежер Аюуна Нечаева, Үнэт цаасны анхдагч зах зээл хариуцсан захирал Трэси Перси нарын төлөөлөгчид Улаанбаатарт ажилласан юм.  Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ямар ч асуудалгүй гэж үзэж буйгаа Аюуна Нечаева илэрхийлсэн бол,  Трэси Перси   Монгол улсын хөрөнгийн биржийг технологийн хувьд өндөр түвшинд хөгжүүлж, цаашлаад дэлхийн тавцанд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа хэлээд буцсан. Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  “Монголын нөөц баялагт хөрөнгө оруулах боломж ба хөрөнгийн зах зээл” сэдэвт  уулзалт   Лондонд болсон. Харин сая үзэглэсэн   Стратегийн түншлэлийн гэрээнд Монголын хөрөнгийн биржийг техник технологи болон бусад хэлбэрээр хэрхэн хөгжүүлж олон улсын төвшинд хүргэх тухай тусгасан гэж байгаа юм. Гэхдээ тэр гэрээ нь нээлттэй биш учраас, хувь эзэмшлийн хэмжээний асуудал тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Ямартай ч,   Ерөнхий сайдын хэлсэнчлэн    Монголын нэрийн хуудас болох уул уурхайн активыг нэгтгэсэн   МОНГОЛ  ЭРДЭС, эрчим хүчний шинэ төслүүдийг нэгтгэсэн МОНГОЛ ЭРЧИМ, дагалдах дэд бүтцийн төслүүдийг нэгтгэсэн МОНГОЛ ДЭД БҮТЭЦ  компаниудыг байгуулж  олон улсын болон  дотоодын хөрөнгийн бирж рүү гарах ажил биелэлээ олохын тулд, Монголчууд дэлхийн биржийн стандартад суралцах  хэрэгтэй. Лондонгоор удирдуулсан  Монголын хөрөнгийн биржид суралцах зүйл их бий.  Өдгөө манай улсын  уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадаадын 25 компани Лондон, Нью- Йорк, Франкфурт, Торонто, Хонг Конг  зэрэг олон улсын биржүүдэд хувьцаагаа гаргаж, тэрбумаар нь доллар босгож байна.  Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани Хонг-Конгийн хөрөнгийн бирж  дээр 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум хонгконг доллар босгосон бол,   “Айвенхоу майнз”   Торонто, Нью-Йоркийн бирж дээр тоглож байна.    Монголын үндэсний компаниудаас “Энержи ресурс” анх удаа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийсэн.  “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэрийг нэгтгэн IPO хийх ажил ч хийгдэх янзтай байна.  “Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр хувьцаа гаргана. Тэгэхээр урд хүлээж буй олон алхмыг хийхийн тулд   туршлага, итгэлцэл  хэрэгтэй болно.

Бид  шаардлагатай   мөнгөө дотоодоосоо босгож чадахгүй, бас өр зээл тавихаас арагшаа сууж байгаа. Тэгэхээр баялгаа барьцаалж,  хувьцаа гаргах замаар  мөнгө олох нь олон улсын эрүүл жишиг тул дагаж болж байна.

Гэхдээ Лондонд ашигтай болохоор л тэд биднийг онилсон гэдэг нь тодорхой асуудал. Манай тухайд ч Хөрөнгийн зах зээлийн хөгжилд ашигтай гэдгийг дээр өгүүлсэн. Гэхдээ тендерээс хасан, голон байж дараа нь  зөвлөлдөн  байж Лондонг  ийнхүү сонгож буйн ард чухам ямар тохиролцоо явагдсан нь анхаарал татаж байна.  Менежментийн багаар  Лондонг тодруулах   асуудлыг  2010 онд багтаад шийдчихлээ. Харин нөгөөдөр Лондонгийн шүүхэд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал болох юм байна.  “Уран”-ы салбарт хамтрахаар болсны дараахан Францын талаас  2003 оны хэргийг дахин сөхөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг билээ.

Э.Болорхажид


URL:

Сэтгэгдэл бичих