Ц.Түвшинжаргал: 100 гаруй байршилд автобусны картын үйлчилгээний цэг, дэлгэц байрлуулна

Ц.Түвшинжаргал: 100 гаруй байршилд автобусны картын үйлчилгээний цэг, дэлгэц байрлуулна

Нийтийн тээврийг ухаалагжуулах ажил 2015 оноос нэлээд эрчимтэй эхэлсэн боловч явцын дунд үйл ажиллагаа нь саарах болсон. Ялангуяа автобусны зогсоол дээр электрон дэлгэц байрлуулах ажил бүр ч сураг алдраад байтал харин саяхнаас нааштай мэдээ дуулдаж эхлэв. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргалтай ярилцлаа.

 -Автобусны буудал дээр электрон дэлгэц байрлуулах ажил эхэлсэн байна. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Яг одоо манай компани Hunnu Mall-ын урд талын, Офицеруудын ордны, Таван шарын автобусны буудлууд гээд гурван газар дэлгэц байрлуулаад туршилтын мэдээлэл цацаад явж байгаа. Тэндээс иргэд автобусны мэдээллээ авах боломжтой болсон. Өмнө нь бид 2015 оноос эхлээд гар утасны UB smart bus гэдэг аппликейшн гаргасан. Энэ аппликейшнээс автобус хаана явж байгааг харж болно. Одоо бид шаардлагатай ТҮЦ, дэлгүүр байхгүй, эсвэл байсан ч автобусны картын үйлчилгээ үзүүлэхгүй байгаа зэрэг байршлуудад өөрсдийн үйлчилгээний цэг байгуулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүсэлтээ өгсөн байгаа. Өмнө нь Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар хүсэлтээ өгч, тэндээс дэмжсэн шийдвэр гарч байсан юм. Тэгэхээр удахгүй тушаал шийдвэр нь гарвал бид нэмэлтээр 100 гаруй байршилд байрлуулах ажлыг зохион байгуулна.

-Энэ бол зөвхөн картын үйлчилгээ үзүүлэх цэг гэж ойлголоо. Электрон дэлгэцийг хэзээнээс нэмж бусад буудлуудад байршуулах вэ?

-Автобусны картын үйлчилгээ үзүүлэх цэг дээрээ давхар дэлгэцээ байршуулаад мэдээллээ өгөх юм.

Суурилуулалтын зардал өссөн учраас анхны хөрөнгө оруулалтын хэмжээ дуусаад дэлгэцийн асуудал түр саатсан

-Нийтийн тээврийг ухаалаг болгох ажил эхлээд удаагүй байхад автобусны буудлуудыг өнгө зүсийг нь сайжруулж, гол нь дэлгэц байрлуулна гэж шинэчилсэн. Нэгэнтээ мөнгө зарж хийсэн зүйл дээр дэлгэцээ байршуулж болохгүй юм уу?

-Зогсоолын тохижилтын асуудал манай компанид хамаагүй л дээ. “Жэй Си Дэко Монгол” компани тохижуулах ажлыг хийгээд явж байгаа. Буудлуудыг нэлээд үзэмжтэй болгосон байсан. Саяхан нэмж 50 зогсоол хийх гэж байгаа гэж яригдаж байх шиг байна лээ. Манай төслийн тухайд, ямар нэгэн байдлаар улсын төсвөөс мөнгө гаргуулаагүй, цэвэр өөрсдийн зардлаар хэрэгжүүлж, дандаа хөрөнгө оруулалт болгон хийж явдаг байгаа.

-Дэлгэц бол иргэд зорчигчдод бас нэлээд хүлээлт үүсгэсэн зүйл л дээ. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ ажил саатсан юм бол?

-Анх бид хөрөнгө оруулалт хийхдээ 1000 автобусанд тоног төхөөрөмж суурилуулна гэж төлөвлөөд, нийслэлийн зүгээс ч тийм шаардлага тавьсан. Гэвч төсөл хэрэгжээд эхэлснээс хойш автобусны тоо нь нэмэгдээд 1300 автобусанд тоног төхөөрөмж суурилуулсан. Тэгэхээр суурилуулалтын зардал өссөн учраас анхны хөрөнгө оруулалтын хэмжээ дуусаад дэлгэцийн асуудал түр саатсан гэж ойлгож болно. Гэхдээ одоо бидний дараагийн шатны ажлууд шат дараалалтай хийгдээд явж байгаа. Ер нь төслийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Гэрээнийхээ үндсэн дээр манай компани тодорхой хэмжээний зээл өгдөг

-Картын эрэлт тийм их биш ч, цэнэглэдэг цэгүүдэд ихэвчлэн байдаггүй. Жишээ нь ТҮЦ-ийн худалдагчаас шалтгааныг нь асуухаар тийм ч их хүн аваад байдаггүй болохоор шаардлагагүй гэх мэт хариулт өгдөг. ТҮЦ эрхлэгчид автобусны картын үйлчилгээнээс ашиг хүртдэг үү?

-Нийслэлд нийтдээ 900 орчим автобусны буудал байна. Бид нийслэлтэй байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотод судалгаа явуулахад 500 цэг байхад хэрэглэгчийн эрэлтийг хангана гэж тооцсон байдаг. Одоо бол 530 цэг ажиллаж байна. Автобусаар байнга зорчдог хүмүүс бол аль хэдийнэ учраа олчихсон, хэрхэн үйлчлүүлэхээ мэддэг болсон. Харин хааяа зорчдог, гэнэт автобусанд суух болсон иргэд картаа цэнэглэж чадахгүй, картгүй байх зэрэг асуудлууд гараад байдаг. Тийм болохоор урьдчилаад картаа аваад, цэнэглээд бэлдчих хэрэгтэй. Таны асуусан асуултын тухайд гэвэл, манай компани бүх цэгүүдтэй гэрээ байгуулж ажилладаг. Гэрээнийхээ үндсэн дээр манай компани тодорхой хэмжээний зээлийг өгдөг. Тэгэхээр тэр хүмүүс заавал өөрийнхөө мөнгийг түгжээд байлгүйгээр, идэвхтэй ажиллаж байгаа тохиолдолд манай компаниас 300 мянгаас 1 сая төгрөгийн зээл олгоод, манай мөнгийг эргэлдүүлэх байдлаар ашиг олох боломжтой. Борлуулалтынхаа 1-2 хувийн ашиг авна. Өглөө эрт 7-9 цаг, орой 9 цагаас хойш аажуу ажиллах юм бол 2 хувь, өдрийн цагаар бол 1 хувь гэж тооцдог.

-Бэлэн мөнгөөр зорчих явдал түгээмэл байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Хувь хүний зохион байгуулалтын асуудал байх л даа.

-Автобусны картын үйлчилгээ үзүүлэх ёстой ТҮЦ-үүд нь хаалттай байх тохиолдол бас цөөнгүй байна. Зарим нь бүр огт ажиллахаа больсон байдаг. Энэ нь бас иргэдэд төдийгүй автобусны жолооч нарт ч төвөгтэй байдал үүсгэдэг. Иймэрхүү асуудал гарвал ямар нэг хариуцлага хүлээлгэх үү?

-ТҮЦ-үүд гэрээ байгуулж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр гэрээнийхээ дагуу ажиллана. Гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй бол гэрээ цуцлагдана л гэсэн үг.

-Ярилцлагын төгсгөлд таны хэлэхийг хүсч буй үгийг дайх тэрхүү орон зайг танд үлдээе.

-Автобус бол жилээс жилд хөгжөөд явж байгаа. Нийтийн тээврийн хөгжилд зорчигчид ч мөн чухал үүрэг оролцоотой байдаг. Тэгэхээр зорчигчид маань нийтийн тээврээрээ соёлтой үйлчлүүлэх, үйлчлүүлэхдээ төлбөрөө заавал картаар төлөх шаардлагатай байна. Бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх, эсвэл төлөхгүй явснаар нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулахгүй л гэсэн үг. Тиймээс картаараа төлбөрөө төлж зорчихыг захиж хэлмээр байна.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих