“Сүхбат стайл” буюу нисэлттэй өшиглөлт трэнд болов
Ямар ч хаалгыг татаж онгойлгохоо больсон гэнэ шүү. Яагаад гэж үү? Ард түмнийхээ үлгэр дуурайлал болох учиртай төрийн түшээ маань шинэ трэнд үйлдэл гаргаж иржээ. Энэ нь цахим орчинд олныг байлдан дагуулж эхлээд байна.
Яасан бэ гэхээр, хоёр сар хаалгыг нь барьсан Бөхийн өргөөг энэ сарын 21-нээс үүдийг нь нээж, агаар үзүүлээд буй. Учир нь “Наадмын сорилго” барилдаанаа зохион байгуулах, төрийн наадамд зодоглох бөхчүүдээ бүртгэх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулах болсон тул БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс Дархан аварга Б.Бат-Эрдэнэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн аж.
Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат хамгаалалтын албаны 20 гаруй залуусын хамтаар дахин Бөхийн өргөөний хаалгыг эвдэж, үймээн дэгдээсэн тул цагдаагийнхан Бөхийн өргөөг дахин хамгаалалтад авч битүүмжилжээ. Энэ үеэр болсон явдлаас “нисэлттэй өшиглөлт” нэлээд анхаарал татаж, онцолж энэ үйлдлээр олноороо давалгаалж эхлээд байна. Хаашаа нээгдэх нь хамаагүй, хаалга бүрийг ингэж онгойлгоно гэнэ.
Өргөө гэрийн үүдийг сөхөж орж, гардаг байсан Монгол түмэн суурин амьдралд шилжсэнээр хаалгаа татаж, түлхэж орж гардаг болсон. Харин манай энэ ёсонд шинээр бас нэгэн үйлдэл дэлгэрч эхэлж буй нь “нисэлттэй өшиглөлт” ажээ. Шинэ трэндийг нэвтрүүлэгчээр нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг нэрлэж байгаа юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Бөхийн өргөөнд мөн А.Сүхбат аварга бусдад зодуулсан гэх асуудал гарч байсан. Хоолой нь базуулсан байдалтай байсан тэрээр энэ удаад алсын зайнаас харьцахаар шийдсэн нь энэ бололтой.
Магад шар хаалга өшиглөж байгаа этгээд А.Сүхбат аварга биш гэж тайлбар хийж болох ч түүний удирдлага, зааварчилгаагаар явж байсан гэдгээр нь “Сүхбат стайл” гэх нэр өөрчлөгдөх боломжгүй болох нь тэр. Манай томчууд сайнаар үлгэрлэж чадахгүй ч саарт чадварлаг болохоо сайтар харуулах юм даа.
URL: