“Спейшл майнз” нь хуулиа дээдэлж, хариуцлагыг ямагт нэгдүгээрт тавьдаг компани юм

1529891844_r4g5bУул уурхайн салбарыг Монголын хөгжлийн өнөө цагийн тулгуур гэдгийг гадна, дотно эдийн засагчаас, нутгийн иргэд хүртэл хүлээн зөвшөөрөх болсон. Гагцхүү уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын үр өгөөж нь байгаль орчин, Монгол улсын эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлж чадахуйц хариуцлагатай байж чадах уу гэдэг нь энэ салбарын том асуултын бас анхаарлын тэмдэг.
            Дэлхий дахинаа уул уурхайн салбарыг осол, эндэгдэл гарах өндөр эрсдэлтэй салбар гэдгийг хүлээн зөвшөөрч эрсдлээс зайлсхийх, эрдэлтэй нөхцөл үүссэн үед аюулыг зайлуулах технологийг хөгжүүлсээр ирсэн нь энэ салбарыг шороо, чулуутай харьцах эгэл бүдүүлэг гэхээсээ шинжлэх ухаан, технологийн нарийн горимыг ашиглах орчин цагийн “ухаалаг” салбар болгосон.
“Спейшл Майнз” нь дэлхийн хэд хэдэн орноос хөрөнгө оруулалтаа 100 хувь татан, өндөр ур чадвартай хүний нөөцийн багийг бүрдүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг зохих журмын дагуу үнэлэн олгож, дээр дурьдсан аюулгүй ажиллагааны технологийг нэвтрүүлэн хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уурхайн компани юм.
Угаас эмзэг нэр хүндтэй салбараар “оролдох” болсон энэ цаг үед зарим этгээдүүдийн зүгээс зориуд манай байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу, ташаа ойлголтуудыг төрүүлээд байна. Иймд бид буруу ташаа ойлголтуудыг залруулж, үнэн бодит мэдээлэл өгөхийг зорьлоо.
Дэлхийн хэдэн мянган олборлогч компаниудад гардаг үйлдвэрийн санаандгүй алдаа манай уурхайд гарсан. Тэсэлгээний гэрээт компани ажлаа гүйцэтгэж байх явцад тэсэлгээний доргилтоос болж цахилгаанд масс үүсч, боловсруулах үйлдвэрийн цианитын өрөөнд цианит хэсэг хоромд савнаасаа хальсан ч үйлдвэрийн технологийн аюулгүй ажиллагааны механизмаар эргэн савандаа орсон. Уг санаандгүй алдааг гэрээт компани тэсэлгээн дээр тооцооллын алдаа гаргасан гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.
Тус санамсаргүй үйл явдлын үеэр компаний гурван ажилтан хордсон байж болзошгүй хэмээн компаний зүгээс үзэн холбогдох шинжилгээ, эмчилгээг цаг алдалгүй хийснээр өнөөдөр тэдгээр 3 ажилтан эргэн ажилдаа орох хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Тус компаний 3 ажилтны хувьд хэд хоногийн дараа биед өөрчлөлт орсон байж болзошгүй хэмээн үзэж бүрэн шинжилгээнд хамруулсан. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч хүнд хэлбэрийн хордлого илрээгүй төдийгүй хэд хоногийн дараа ч нөлөөлөл илрэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Мөн тухайн өдөр дээрх ажилтнууд компаний хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж, хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөөгүй байсан учраас шинжилгээнд хамруулахад хүргэсэн гэдгийг онцлоё.
Мэдээж энэ явдлын дараа цианит орчинд тархсан эсэх, хүн амьтан хордсон эсэх, үйлдвэрлэлийг цаашид хэвийн үргэлжлүүлэх эсэх талаар төрийн байгууллагууд болох мэргэжлийн хяналт, онцгой байдал, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн бүхий л алба, хэлтэс шалган дүгнэлтээ гаргаж ямар нэгэн хүн, амьтан хордоогүй бөгөөд байгальд тархаагүй болохыг удаа дараагийн албан ёсны дүгнэлтээрээ гаргасан. Дүнэлтүүд гарах хүртэлх хугацаанд уурхайн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан байсан. Харин энэ сарын 18-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас бүх дүгнэлтүүд дээр үндэслэн уурхайг цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно хэмээн уурхайн лацыг авч, хэвийн байдалд шилжүүлээд байна.
Түүнчлэн бидний зүгээс үнэн бодит мэдээллийг өгөхийг хүссэн нэг асуудал бол 3 талт гэрээг цуцалсан явдал юм. Хуулийнхаа хүрээнд хариуцлагатай үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар ирсэн манай компаний хувьд орон нутгийн удирдлага, иргэдээ дэмжин өөрийн лиценз бүхий газраасаа талбай гаргаж өгөн, 3 талт гэрээг байгуулсан.
Нутгийн иргэд нэгдэж ТББ байгуулж, нэгдсэн удирдлага зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд олборлолт хийхээр болсон. Төр, төрийн төлөөлөл удирдлага хяналт, аюулгүй байдлыг хангах зэргээр оролцохоор дээрх 3 талт гэрээнд тусгасан. Гэрээний дагуу иргэд ч олборлож эхэлсэн. Харамсалтай нь 2 хүний алтан амь үрэгдлээ. Учир нь гэрээлэгч 3 талын 1 тал болох ТББ өөрийн үйл ажиллагаандаа хангалттай аюулгүй байдал, технологийн горимыг барьсангүй, өөр нэгэн тал болох төр, түүний төлөөлөл хяналт, шалгалт, зөвлөмжийг хангалттай хийсэнгүй.  “Спейшл майнз” нь нэр бүхий хэн нэгэн, эсвэл гэр бүлийн эзэмшлийнх биш, олон улсын хөрөнгө оруулалтыг 100 хувь татсан хуулийн этгээд. Монгол улсын хууль, дүрмийн хүрээнд  компани шийдвэрээ гаргадаг. Компаний хөрөнгө оруулагчид хариуцлагагүй, хувь иргэд, эрсдэлтэй аюултай байдалтай ажилладаг этгээдтэй хамтран ажиллахыг хүсээгүй. Иймээс дээрх гэрээнээс гарах хүсэлтээ өгч, гэрээ цуцлагдсан болно.
Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгий хөгжилд бодитой хөрөнгө оруулалтыг өнгөрөгч 3 жилийн хугацаанд тасралтгүй хийжээ. Орон нутаг сумаас мах болон хүнсний хангамжаа татсаар Мандалхайрханы 1-р багаас л гэхэд 240 орчим сая төгрөгийн махны худалдан авалт хийсэн байна. Мөн аймгийн хөгжилд зориулан 800 гаран сая төгрөгийн хандив, тусламж, улс, орон нутгийн төсөвт 3.7 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн зэргээр аймаг орон нутагт шууд болон шууд бус замаар 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ.
“Спейшл Майнз” нь 130 ажилтантай. Түүний 96 ажилтан нь орон нутгаас бүр тодруулбал Баянхонгор аймаг, сумын харьяат иргэдийг ажилтанаар сонгон ажиллуулж шаардлагатай сургалт, хөтөлбөрт хамруулсаар байна. Эдгээр ажилтнуудаар тогтохгүй тэдний ард байх 400 гаран өрхийн гишүүдэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Манай байгууллагын зүгээс орон нутгийн хөгжил, иргэдийг ажлын байраар хангах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх тал дээр өнөөг хүртэл иргэдтэйгээ хамтран ажилласаар ирсэнийг тодотгоё. Сумын иргэдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, хүүхэд багачуудынхаа баярыг хуваалцан тэдэнд зориулан тусгай арга хэмжээг зохион байгуулдаг зэргээс тодорхой харагдана.
Цаашид ч хариуцлагатай ажиллагааг хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа системээ илүүтэй чанаржуулж, ажилчиддаа гойд анхаарал тавьж, нутгийн ард иргэдтэй улам ойрхон, холбоотой ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллана.
Хуулиа дээдэлдэг, хариуцлагыг ямагт нэгдүгээрт тавьдаг манай компани орон нутгийнхаа хөгжлийн нэг гарц нь байж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах болно.
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН

URL:

Сэтгэгдэл бичих