Тэд голын усанд сэлэх бус живж байна

DSCN3400-1-1140x570Урин дулааны улирал нэгэнтээ ирж, иргэд амарч зугаалахаар гол барааддаг нь монголчуудын гэм биш зан. Гэхдээ энэ зангаа хааяа ч гэсэн хязгаарлаад осол гэмтлээс сэргийлэх талаар ойр дотныхон, хажуу хавийхандаа сануулж байхгүй бол цөөхүүлхэнээ бид чинь энх цагт эмгэнэлээр л түүчээлэн амьдрах боллоо.

Усанд үйсэн тухай мэдээлэл өдөр алгасалгүй ирж байна. Харамсалтай нь усанд осолдоод эсэн мэнд олдсон гэх мэдээлэл бараг байдаггүй. Онцгой байдлын газрын хамгийн сүүлчийн мэдээлэл мөн л ийм дүр зургийг харуулж байна. Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн “Ногоон тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн 35 настай У /эмэгтэй/ живсэн байна. Энэ талаар өчигдөр буюу энэ сарын 24-ний өдрийн 14:10 цагт мэдээлж дуудлага өгсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:21 цагт осолдсон газраас цогцсыг нь гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” уулын бэлд буюу Багануур дүүргээс урд зүгт 21 км-ын зайтай байрлах амралтын газарт амарч байсан иргэн Хэрлэн голын усанд сэлж байгаад живжээ. Энэ талаар онцгой байдлын газарт энэ сарын 23-ны 18:17 цагт мэдэгдсэний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Улмаар өчигдөр өглөө 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Усанд осолдсон иргэн У нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат 35 настай залуу байжээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар “Ховд” голын усанд тус сумын харьяат 21 настай эмэгтэй А осолдсон байна. Өчигдөр 19:46 цагт энэ тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:54 цагт очиж осолдсон газраас 2 км-т “Их булан” гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Энэ мэтчилэн халуун өдрүүдэд сэрүүцэх гэсэн олны цуваа гол мөрөнг чиглэж, улмаар болгоомжгүй байдлаасаа болж усанд сэлэх бус живсэн гэх сэтгэл эмтрэм мэдээ ар араасаа хөвөрсөөр. Мэдээллээс үзэхэд бүгд насны хувьд залуу үеийнхэн байгаа нь нэн харамсалтай. Тиймээс ард иргэд аялж зугаалахдаа гол усны аюулаас байнгын сэрэмжтэй байж, ойр дотны болон эргэн тойрны хүмүүстээ анхаарал болгоомжтой байхыг захиж, хүүхдүүдийг аль болох голын уснаас хол байлгахыг хүсч байна. Эцэст нь “гал, ус, уулыг басаж болдоггүй” гэдэг үгийг сануулъя.


URL:

Сэтгэгдэл бичих