“Тайм”: Оны хамгийн сонирхолтой үйл явдлууд

“Тайм” сэтгүүл уламжлал ёсоор 2011 оны хамгийн их анхаарал татсан үйл явдлын жагсаалтаа нийтэлжээ. Энэ жил хунтайж Уильям, Монакогийн ван Альбер, Бутаны хаан Жигме Кхерсар Намгьял Вангчук нарын эрхэмсэг дээдсүүд гэрлэсэн байхад өнгөрсөн онд л гэхэд аз жаргалтай эзэгтэйд тооцогдож байсан Женнифер Лопес гэрлэлтээ цуцлуулж, Деми Мур залуу нөхрөөсөө салахаар шийджээ. Одоо “Тайм” сэтгүүлийн жагсаалтаас улирч буй оны хамгийн сонирхолтой гэсэн таван үйл явдлыг танилцуулъя.

Ивонна үнээний түүх
Германы жирийн нэг энэ үнээ магадгүй алдартай болох гээгүй, харин бэлчээртээ чөлөөтэй идээшилж явахыг хүсч байсан биз. Чухам эрх чөлөөтэй байх гэсэн гайхалтай эрмэлзлэл нь түүнийг од болгожээ.

2011 оны тавдугаар сард Ивонна үнээ бэлчээрийнхээ хаалт саадыг даван зугтсан байна. Тэгэхдээ эзэн нь түүнийг мал нядалгааны газар руу илгээж, герман зайдас болгохын өмнөхөн тэр сэм алга болжээ. Салаа туурайтныг барьж өгсөн хүнд шагнал өгөхөөр зарласан боловч хамгийн тэргүүлэх аргуудыг хэрэглэсэн ажиллагаа явуулаад ч түүнийг удаан хугацааны турш олж чадаагүй байна.

Жишээ нь, Ивоннаг хэт ягаан туяаны камертай нисдэг тэргээр эрж, Эрнст гэдэг бух, бүр бяцхан Фризи тугалаар нь хуурч барихыг хүртэл оролджээ. Ивоннаг барих их ажиллагаа гурван сар хагас үргэлжилж, есдүгээр сарын 1-нд дууссан байна. Түүнийг удаан, аз жаргалтай амьдруулах гэж өмнөх эзнээс нь худалдаж авсан амьтныг хамгаалагч олж авчээ. Тийнхүү Ивонна үнээ оны хамгийн сонирхолтой амьтдын жагсаалтад багтсан байна.

Кейт Миддлтон ба түүний даашинз
2011 он Кейт Миддлтоны он болсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. 29 настай энэ хатагтай зөвхөн Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн төдийгүй моодны чиг хандлагыг тогтоогч болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Кэтринд зориулж загвар зохион бүтээгч Сара Бартоны тусгайлан бүтээсэн хуримын даашинз хамгийн их анхаарал татсан, хамгийн тансаг гоёлын хувиар оны хамгийн моодны хувцасны жагсаалтад багтжээ. Бартон өөрөө ч энэ дэлхий даяар алдаршсан хуримын даашинзны бялуунаас хүртэж, Александр Маккуины загварын ордны гүйцэтгэх захирал болсны сацуу оны шилдэг загвар зохион бүтээгчээр саяхан шалгарсан байна.

Үнэн хэрэгтээ Кейтийн хувьд моодны чиг хандлагыг тогтоогчийн “ажил” амаргүй аж. Жишээ нь, “Тайм” сэтгүүлийн 2011 оны гол чиг хандлагын жагсаалтыг гаргагчид хунтайж Уильямын гэргийг зөвхөн “Оны хамгийн шилдэг загвар”-ын төдийгүй, хамгийн муу загварын жагсаалтад ч оруулжээ. Тус сэтгүүлийн шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Кейт албан ёсны арга хэмжээнд байнга шахуу уйтгартай загварын хувцас өмсдөг байна. Саяхан “Yahoo!” цахим хуудсанд Кембрижийн гүнгийн хатныг тун зохимжгүй, хэтэрхий гэрэлтсэн трико өмсдөг гэж буруушаажээ.

Гэхдээ тийм триког нэг их сонирхдоггүй энгийн иргэд Кейт Миддлтоныг жинс өмсөөд явсан ч ганган дэгжин харагддаг хэмээн түүгээр бахархдаг байна.

Төгсгөл ойрхон уу?

Америкийн номлогч Харольд Кемпинг 2011 онд болно гэж зөгнөсөн хоёр гайхалтай үйл явдал нь биелсэн бол тус улсын хамгийн алдартай нэгэн болох байлаа. Өнгөрсөн хавар 89 настай, Калифорнын оршин суугч тэрбээр дэлхий сөнөнө хэмээн зөгнөж билээ.

Тавдугаар сарын 21-ний 18 цаг 00 минутад дэлхий сөнөнө гэж зөнч мэдэгджээ. Тэр өдрийн орой дэлхий дээр байгалийн элдэв гамшиг нөмөрснөөр аажмаар сүйрч эхлэх ёстой байлаа.

Гэвч тавдугаар сарын 21-ний 18 цаг 01 минутад дэлхий байдгаараа л байж, харин Кемпинг өөрийнх тооцоонд алдаа гарч гэж үзжээ. Тэгээд ертөнцийн мөхөл 10 дугаар сарын 21-нд ирнэ гэсэн тов гаргасан байна. Харамсалтай нь өнгөрсөн намар зөнчийн болно гэсэн үйл явдал болсонгүй. Үүний дараа Кемпинг зөнчийн ажлаа орхиж, шашны хэрэгт идэвхийлэн зүтгэх болжээ. Гэхдээ бидэнд санаагаар унах юун. Дэлхийн ээлжит сүйрэл 2012 оны 12 дугаар сард болно. Харин Харольд Кемпинг оны хамгийн их анхаарал татсан хүмүүсийн жагсаалтад зохих байраа эзэлнэ.

Нүүрээ шал руу, гараа бие дагуу тавь
2011 оноос өмнө бий болсон ч гэсэн планкинг энэ оны хамгийн этгээд гэрэл зургийн төрөл болжээ.

Планкинг гэдэг нь хамгийн этгээд маягаар гадаргуу дээр доош харан хэвтэхийг хэлдэг бөгөөд энэ арга Уолл-стритийг эзлэгчдийн адил интернэтээр түргэн тархжээ. Олныг хамарсан энэ ухаангүй үйлдлийг хаа сайгүй, бүр сансарт ч харж болно. Энэ этгээд сонирхол нь гэрэл зургийн этгээд шинэ төрөл бий болоход хүргэсэн байна.

“Тайм” сэтгүүлийн шинжээчид планкингийг богино хугацаанд үргэлжлэх байсан ч олны сонирхлыг татсан интернэтийн үзэгдэл болохыг анзаарчээ. Үүний сацуу планкингийг 2011 оны гол үгсийн жагсаалтад “эзэл”, “Арабын хавар” гэсэн үгийн хамт оруулсан байна.

Терминаторууд ч бас уйлдаг
Оддын амьдралд тохиолдсон хамгийн гэнэтийн үйл явдлын нэг нь Арнольд Штарценеггер гэрлэлтээ цуцлуулсан тухай мэдээлэл байлаа. Энэ жүжигчин болон түүний эхнэр Мария Шрайвер гэрлэлтээ цуцлуулах тухай шийдвэр гаргасан шалтгааныг эхлээд ойлгоход бэрх байсан ч хожим нь бүх зүйл тодорхой болсон.

Өрхийн тэргүүн, нэрд гарсан улстөрч, домогт жүжигчин маань албан ёсны гэр бүлээсээ гадуур “нууц” хүүхдийг нь гаргасан нууц амрагтай байжээ. Сэтгүүлчдийн тодруулснаар, Арнольдын гэрлэлтээс гадуурх хүүхэд 10 настай, түүний эх болох эмэгтэй 20 жил гэрийн үйлчлэгчээр ажилласан нэгэн байв.

Энэ түүх харамсалтайгаар төгсч, Шварценеггер, түүний эхнэр хоёр эв найртайгаар салахыг оролдож байна. Тэд байнга уулзаж, хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай өнгөрүүлж, зарим сэтгүүлч найдлага тавьж байсан хэдий ч гэр бүлийн амьдрал нь эргээд сэргэсэнгүй. Мария Шрайвер долдугаар сард гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчээ.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих